Дэлхийн хэмжээний удирдагчдыг “Угтах уу, дахин сонгох уу”

 

        Өнгөрсөн оныг дэлхийн улс төрийн “Эрс өөрчлөлт, гэнэтийн сонголтын жил” гэж тодорхойлбол энэ жил магадгүй “Үдэлт, угталтын” жил байх болов уу. Чөлөөт ертөнцийн хамгийн хүчирхэг хүн гэж нэрийддэг АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаад, дотоод бодлогоос дэлхийн эдийн засаг, улс төрийн ерөнхий зураглал тодорхой болдог. Энэ ч утгаараа дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй ерөнхийлөгчийн жагсаалтыг тэргүүлдэг АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн энэ сарын 11-нд улс орны удирдагчийн хувиар сүүлчийн удаа үг хэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байв. Энэ долоо хоногийн баасан гаригт Америкийн ард түмэн албан ёсоор Барак Обамаг үдэж Доналд Трампыг угтана. Энэ жил АНУ-аас гадна ХБНГУ, Франц, Иран зэрэг улс шинэ төрийн тэргүүнтэй болох юм. Түүнчлэн өөр хэд, хэдэн оронд Ерөнхийлөгчөө огцруулах тухай асуудлыг ярьж, ард түмэн нь шаардаж байна.

 

Б.ОБАМА: ХЭРВЭЭ БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ДАХИН ӨРСӨЛДВӨЛ ЯЛЖ ЧАДНА

 

        АНУ-ыг найман жил удирдаж хийсэн ажилдаа “Бид чадсан” үнэлгээг өгсөн Ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүний хувиар сүүлчийн илгээлтээ энэ сарын 11-нд эхэлсэн цэгээсээ буюу Чикаго хотод хийлээ. Тэрбээр анх 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулснаар тус улсын түүхэн дэх анхны хар арьст Ерөнхийлөгч болсон юм. Б.Обама 2008 болон 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Чикаго хотод ялалтын баярын үгээ хэлж байжээ. Тиймээс тэрбээр энэхүү ёслолын ажиллагааны үеэр “Би Ерөнхийлөгчийн хувиар хэлэх сүүлийн үгсээ эхэлсэн газартаа буцан ирж хэлэхийг хүссэн” юм гэлээ.

 

Тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ найман жилийн өмнө түүнийг энэ улсын удирдагч болж байх үетэй харьцуулбал АНУ бүх талаараа хүчирхэг, сайхан болсон гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн ардчиллын үнэ цэнийг ойлгож, хамгаалахад ард иргэдийн хүчин чармайлт хамгийн чухлыг ч онцолжээ. Түүнчлэн өнгөрсөн 25 жилийн хугацаанд түшиг, тулгуур нь болж байсан эхнэр, охидоо бүхий л цаг үед түүнтэй хамт байж, хичээж зүтгэсэнд нь талархаж хүндэтгэл үзүүлж нулимс унагав. Ерөнхийлөгч Б.Обама түүхийн хуудсанд хар эсвэл цагаанаар тэмдэглэгдэхийг ард иргэдийн түүнд тавих дүн, хандлага шийдвэрлэнэ. Түүний ололт амжилт, гүйцэтгэсэн ажлуудын нэн тэргүүнд Ираны цөмийн хэлэлцээр, Эрүүл мэндийн тухай хууль, 11.3 сая ажлын байрыг шинээр нэмэгдүүлж эдийн засгийн хямралыг сааруулж, ажилгүйдлийн төвшинг бууруулсан зэргийг нэрлэж болно. Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа гурав дахь бүрэн эрхийн хугацаа гэж байдаг бол Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Хэрвээ би дахин өрсөлдвөл ялж чадах байх. АНУ-ын ард түмний төлөө өөрийгөө дайчлан ажиллахад бэлэн” гэж ярьснаас нь дүгнэвэл Ерөнхийлөгч өнгөрсөн найман жилийн хугацаан дахь өөрийн засаг захиргаандаа “Хангалттай” үнэлгээ өгсөн байж болох юм. Гэвч АНУ-ын Үндсэн хуульд заасны дагуу тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанд сонгогдох боломжтой аж. Ерөнхийлөгч Барак Обамад цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтынх нь төлөө 2009 онд Нобелийн энхтайвны шагналыг хүртээж байжээ. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх Нобелийн шагнал авсан дөрөв дэх Ерөнхийлөгч болсон байна.

 

ГЕРМАНЧУУД АНГЕЛА МЕРКЕЛЬД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ҮҮ?

 

        ХБНГУ-ын канцлер Ангела Меркель энэ оны есдүгээр сард болох Бундестагийн сонгуульд нэр дэвшиж дөрөв дэх удаагаа улиран сонгогдох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ажлаа хүлээлгэн өгсний дараа дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчийн байр суурь А.Меркельд шилжинэ гэж үзэх шинжээчид олон байдаг. Дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй ерөнхийлөгчийн жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг А.Меркелийн энэ удаагийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Германы Алтернатив гэх нэртэй популист намын төлөөлөл юм. Германы Алтернатив намын байр суурь өсөн нэмэгдэж сүүлд болсон орон нутгийн сонгуульд Германы 16 мужийн парламентын тал хувийг тус нам бүрдүүлжээ. Түүнчлэн Берлиний хууль тогтоох парламентад ч мөн урьд урьдынхаас илүү олон суудал авч Ангела Меркелийн Христосын Ардчилал нам ялагдал хүлээсэн байдаг. Түүнийг сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэний дараа Берлиний орон нутгийн “Сандэй” сонины явуулсан судалгаанд хамрагдсан иргэдийн 55 хувь нь А.Меркелийг дэмжихээ илэрхийлсэн бол 39 хувь нь эсэргүүцсэн аж. Гэвч түүнийг дэмжигчдийн тоо улам бүр багассаар байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. А.Меркелийн баримталж буй нээлттэй хаалганы бодлогын хүрээнд цагаач, дүрвэгсэдийн урсгалыг ихээр хүлээн авсан нь ард иргэдийн дунд түүний нэр хүнд унах гол шалтгаан болж байгаа юм. Дүрвэгсэдийн нээлттэй бодлогын хүрээнд Герман улс өнгөрсөн 2015 онд 890 мянган дүрвэгч хүлээн авсан бөгөөд тэдний ихэнх нь Сири, Ирак болон Афганистаны иргэд байжээ. Харин өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар 300 мянган дүрвэгч хүлээн авч, гадаадын сая гаруй иргэн тус улсаас орогнол хүссэн байна. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Берлин хотноо болсон Пакистан гаралтай дүрвэгчийн үйлдсэн ачааны машинтай халдлагын дараа бүс нутагт А.Меркелийн бодлогыг шүүмжилж, түүнийг эрс эсэргүүцэгчдийн тоо улам бүр нэмэгдэж, сөрөг хүчний зүгээс бүх зүйлийн бурууг түүнд тохож байв. А.Меркелийн сонгуульд дахин өрсөлдөх мэдэгдэлд олон улсын шинжээчид янз бүрийн таамаг, дүгнэлт өгч байгаа юм. Тодруулбал, Брексит, еврогийн ханшийн уналт, дүрвэгсэд, эдийн засгийг сэргээх тухай асуудал, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Доналд Трамп болон Европын хоорондын харилцаа, баримтлах бодлого зэрэгт түүний оролцоо, байр суурь, чухал ач холбогдолтой учраас дахин нэр дэвшихээр болсон хэмээн онцолж байгаа аж.

 

2005 оноос хойш Европын хамгийн том эдийн засгийг 11 жил удирдсан А.Меркелийн хувьд таван удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Германы канцлерын албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд ямар нэг хязгаарлалт байдаггүй бөгөөд нэг хүн хэдэн ч удаа улиран сонгогдож болдог ажээ. Тиймээс энэ удаагийн сонгууль А.Меркелийн хувьд “Мөнхийн канцлер” болох эсэхийг шийдэх хариуцлагатай үйл явдал юм. Экспертүүдийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялснаас үзвэл энэ удаагийн сонгуулийн дүнг урьдчилан таамаглах аргагүй байгаа гэж мэдэгдэж байна.

 

ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ

 

        Ирэх дөрөвдүгээр сард тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгаагаа эхэлсэн байна. Ерөнхий сайд асан Франсуа Фийонаас гадна хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын Марине Ле Пен, Хөдөлмөрчдийн тэмцэл намын Натали Арно нарын есөн хүн Франц улсыг удирдахаар өрсөлдөж байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн эхний шат болох нам доторх нэр дэвшигчид хоорондын өрсөлдөөний ялагчид тодорхой болсоор байна. Одоогоор Социалист намаас нэр дэвшигч хараахан тодорхой болоогүй байгаа юм. Дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий удирдагчийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа улиран сонгогдохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр Социалист нам доторх сунгаанд Ерөнхий сайд Мануэль Вальс нэрээ дэвшүүлжээ. Социалист нам доторх Ерөнхийлөгчийн сунгааг хоёр үе шаттайгаар энэ сарын 23 болон 29-нд зохион байгуулна. Энэ удаагийн сонгуулиар Үндэсний Фронт намын Марине Ле Пен болон Консерватив намын Франсуа Фийон нарын дунд ширүүн өрсөлдөөн болох төлөвтэй гэдгийг ажиглагчид уламжилж байгаа. Түүнчлэн “Ройтерс” агентлагаас Францын нэг сая гаруй иргэний дунд явуулсан судалгаанд оролцогчдын 64 хувь нь Франсуа Фийонд санал өгчээ. Өдгөө 62 настай Франсуа Фийон нь 2007-2012 оны хооронд Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн Засгийн газрыг тэргүүлж байсан туршлагатай улс төрч юм. Одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд нь 2012 онд Социалист намаас нэр дэвшиж ялалт байгуулж байсан. Францын Үндсэн хуулийн дагуу түүнд дахин нэрээ дэвшүүлэх боломж байсан ч ийнхүү энэ боломжийг ашиглахаас татгалзаад байна. Францын улс төрийн хүрээнийхэн Франсуа Олландын энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгаагаа мөн илэрхийлжээ. Түүний багт ажиллаж байгаа улстөрчдийн ихэнх нь зөв шийдвэр гэж дүгнэсэн байна. Өнгөрсөн 2014 оны эхэн үеэс хойш Ерөнхийлөгчийн нэр хүнд огцом унаж Ф.Олландад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар парламентад санал хураалт явуулах талаар идэвхтэй яригдах болсон. Тиймээс дахин нэр дэвшихээ зарлавал Франсуа Олланд төрийн тэргүүний суудлаас огцроод зогсохгүй цаашдаа улс төрийн нэр хүнд нь унахаар байгаа учир ийм шийдвэр гаргасан байх гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 23- нд болно.

 

НИКОЛАС МАДУРОГ ОГЦРУУЛАХ ПАРЛАМЕНТЫН ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ

 

        Венесуэл улсад өнгөрсөн оны тавдугаар сараас хойш ярьж буй Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах эсэх асуудлаарх санал хураалт энэ сарын 9-нд болсон. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн төлөө санал хураалтад парламентын 163 гишүүний 106 нь санал өгчээ. Социалист улстөрчийг дэмжигчид энэхүү тогтоолыг санал хураалтаас өмнө эсэргүүцэж байсан юм. Гэхдээ энэ нь ерөнхийлөгчийг огцруулж “хүчрэхгүй” бэлгэ тэмдэг төдий тогтоол аж. Тодруулбал, тус улсын Үндсэн хуулийн 233 дугаар зүйлд зааснаар Венесуэлийн парламент улсынхаа Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь татгалзуулах эрхтэй ч итгэл үзүүлэх эсэх асуудлыг зарлах боломжгүй байдаг юм байна. Түүнчлэн олон нийтийн санал асуулгаас үзэхэд иргэдийн 75 хувь нь Н.Мадурог огцрохыг дэмждэг аж. Тус улсын парламент болон сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны турш Н.Мадурог албан тушаалаас нь огцруулах бүх нийтийн санал асуулга явуулахаар идэвхтэй тэмцэж байсан. Үүнийхээ хүрээнд санаачилгыг нь дэмжиж буй хэдэн зуун мянган иргэний гарын үсгийг цуглуулсан билээ. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд Венесуэлийн Дээд шүүхээс бүх нийтийн санал асуулга болохгүй гэсэн албан ёсны мэдэгдэл гаргасан аж. Венесуэл улс газрын тосны үнийн уналтаас үүдэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд нэрвэгдээд буй. Мөн инфляцийн төвшин нь гурван оронтой тоонд шилжсэнээс үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж охид, эмэгтэйчүүд нь үсээ зарж хоногийн хоолоо залгуулах хүртлээ эдийн засгийн хямралтай тулсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Үүнээс гадна ган гачгаас үүдэлтэйгээр ус, эрчим хүчний хязгаарлалт хийх болсон нь Н.Мадурог Ерөнхийлөгчөөс огцрох хэрэгтэй гэх байр суурьтай иргэдийн тоог нэмэгдүүлжээ.

 

ПАК ГЫН ХЭ-ГИЙН ОРЫГ БАН ГИ МҮН ЗАЛГАМЖЛАХ УУ?

 

        Авлига, хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар тус улсын парламент санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй гэж үзсэн билээ. Парламентын энэ шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх 180 хоногийн дотор баталгаажуулах шаардлагатай юм. Үүний дагуу Пак Гын Хэ-д холбогдох хэргийг хэлэлцэх хуралдааныг зарлаж, түүнийг биечлэн оролцохыг даалгасан боловч Ерөнхийлөгч Пак хоёр удаа ирэхээс татгалзсан байна. Ерөнхийлөгч дараа дараагийн шүүх хурлуудад ч ирж оролцохгүй гэдгийг түүний өмгөөлөгч нар уламжилжээ. Ерөнхийлөгч Пак нь парламентын шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш бүрэн эрхээ түр түдгэлзүүлээд байгаа бөгөөд түүнийг огцруулах уу, бүрэн эрхийг нь сэргээх үү гэдгийг Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэх юм. Өмнөд Солонгосын прокурорынхон Ерөнхийлөгчийг Чой Сун Шилийн авлигын хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа ч тэрбээр өөрийгөө үүнд огт хамааралгүй гэж хамгаалсаар байна. Гэвч энэ бүхнийг Үндсэн хуулийн шүүх эцэслэн шийдвэрлэх бөгөөд хэрвээ огцруулах шийдвэр гаргавал хоёр сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах учиртай юм. Өнгөрсөн 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 51.6 хувийн санал авч ялалт байгуулсан “Сэнүри” намын төлөөлөл Пак Гын Хэ нь 1961-1979 онд Өмнөд Солонгос улсыг удирдаж байсан Пак Жон Хюин-ын ууган охин юм. Удам дамжсан улстөрч өөрийн карьераа 22 насандаа эхлүүж байсан бөгөөд авлигын хэрэгт холбогдсон намын гишүүдийнхээ өмнөөс уулчлалт эрж, майхан барьж тэмцэж байжээ. Энэ цагаас нь хойш Солонгосын ард түмэн түүний үзэл баримтлалыг хүлээн авч анхны эмэгтэй Ерөнхийлөгч болтол нь дэмжсэн аж. Авлигыг арилгахад гол анхаарлаа хандуулах зорилт дэвшүүлэн гарч ирсэн Пак Гын Хэ нь авлигын дуулианд холбогдсон нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Ерөнхийлөгчийн нэр холбогдсон энэ дуулианы улмаас Өмнөд Солонгост олон удаа эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж, Пак Гын Хэг уучлалт гуйж, даруй огцрохыг иргэд шаардсаар байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг урагшлуулах нь тодорхой болсон энэ цаг үед тус улсын нам, бүлэг хүчин бүр сонгуульд нэр дэвшигчээ бэлдэж байна. Мөн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн энэ оны сүүлчээр болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ыг арван жилийн турш удирдаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгсөн Бан Ги Мүн нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн юм. Түүнийг эх орондоо ирэх үеэр онгоцны буудалд цугласан ард иргэд “Шударга нийгмийг бий болгож өгнө үү” гэсэн бичиг бүхий самбар өргөсөн байжээ. Тэрбээр мөн сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, Өмнөд Солонгосын улс төрд шинэчлэл хийх шаардлагатай байгааг уламжилсан байна.

 

А.ДАВААХҮҮ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.23.171)

    2017-01-17

    obama g elbegdorjoor soliyo manai ulsiig 4 jil udirdah tosolteigee hureed ir