Доналд Трамп: А.Меркель дүрвэгсдийн тухайд сүйрлийн хэмжээний алдаа гаргасан

 

        АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Германы канцлер Ангела Меркелийг нэг сая гаруй дүрвэгчийг эх орондоо хүлээн авсан нь маш том алдаа болсон хэмээн шүүмжилсэн байна. Тэрбээр энэ тухайд Их Британи болон Германы сонинд өөрийн засаг захиргааны гадаад бодлогын талаар ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Доналд Трамп хэлэхдээ “Хатагтай Ангела Меркель нь Европын холбооны орнуудын хамгийн чухал удирдагчдын нэг юм. Гэтэл Герман улс Европын холбооны зөөвөрлөгч машин шиг л болчихсон байна. Түүний гаргасан дүрвэгсдийн тухай бодлого нь сүйрлийн төвшний алдаа байсан” гэжээ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн дэмжсэн дүрвэгсдийн бодлогын хүрээнд Герман улс нэг сая гаруй дүрвэгч хүлээн аваад байгаа бөгөөд Европын орнуудаас хамгийн их дүрвэгч хүлээн авсан улс болжээ. Түүнчлэн Д.Трамп нь ярилцлагынхаа үеэр цаашдаа хийхээр төлөвлөж буй ажлынхаа тухай өгүүлсэн байна. Тодруулбал, АНУ-д шударга худалдааны хэлэлцээрийг бий болгож, хилийн хатуу чанд бодлоготой байна гэдгээ илэрхийлээд “Дэлхийн олон улстай хийсэн худалдааны бодлогоос АНУ асар их хэмжээний хохирол амсч байгаа бөгөөд ялангуяа БНХАУ-аас” гэж онцолжээ. Харин Брекситийн тухайд “Их Британи улс Европын холбооноос гарахаар болсон нь үнэхээр ухаалаг шийдвэр. Улс орнууд өөрийн гэсэн тодорхойлогдох зүйлтэй байх ёстой. Их Британи улс дангаараа өөрөө өөрийгөө тодорхойлохийг хүссэн. Бусад улс орон ч мөн Их Британийн замналыг дагаж Европын холбоог орхино гэж найдаж байна” хэмээсэн байна. Үүнээс гадна Д.Трамп БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг дэмжихийг уриалсан мэдэгдлийн хариуд тус улстай хийх худалдаа, валютын чиглэлд ахиц гарсан тохиолдолд дээрх бодлогыг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгджээ. Түүнчлэн ОХУтай эдийн засаг, батлан хамгаалах салбарт хэрхэн хамтарч ажиллахаас шалтгаалж, хоёр орны харилцааны цаашдын төлөв байдал тодорхой болно гэж мэдэгдээд Б.Обамагийн засаг захиргааны ОХУ-д тавьсан хоригийг “Хэсэг хугацаанд хэвээр үлдээнэ” гэж уламжилжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)