Увсын Зүүнговьд 56 хэм хүрч хүйтэрсэн тохиолдол бий

 

        Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛТАЙ ярилцлаа.

 

-Ойрын үед 57 хэмд хүрч хүйтэрнэ гэсэн мэдээлэл байна. Энэ хэр ортой вэ. Ингэж хүйтэрсэн тохиолдол бий юу. Ер нь ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв ямар байх вэ?

 

-Манай байгууллагаас 57 хэмд хүрч хүйтэрнэ гэсэн мэдээллийг нийтэд хүргээгүй. Энэ нь Монголд тохиолдож байсан үнэмлэхүй хүйтэн хэмээс өндөр үзүүлэлт байна. Увс аймгийн Зүүнговьд хасах 56 хэмд хүрч байсан тохиолдол бий. Гэхдээ 57 хэмд хүрч хүйтэрнэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тодорхойлж, урьдчилан хэлэх боломж одоогоор бидэнд байхгүй. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завханы Отгон, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ зэрэг сумдад нэгдүгээр сард гол төлөв 45-50 орчим хэмд хүрч хүйтэрдэг. Өвөлдөө хамгийн хүйтэн байдаг газрууд бол энэ. Сүүлийн үеийн урьдчилсан мэдээгээр эл газруудад 50 хэмд хүрч хүйтрэх төлөв одоогоор ажиглагдаагүй байна. Гэхдээ ойрын өдрүүдэд хүйтний эрч харьцангуй нэмэгдэнэ. Урьдчилсан төлөвөөр хамгийн их хүйтэн болдог эдгээр газруудад 37-42, зарим газраар 45 хэмд хүрч хүйтэрнэ. Мөн сүүлийн үед нутгийн зүүн хагаст хүйтрэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн шөнө /уржигдар/ Сэлэнгийн Ерөө орчимд 40 хэмд хүрч хүйтэрсэн. Өнгөрсөн өдрүүдэд Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгийн нутгаар 0-1 см зузаантай цас орсон. Харин өнөөдөр /өчигдөр/ Хөвсгөл, Булган болон төвийн аймгийн ихэнх нутгаар цас үргэлжлэн орно. Мөн өнөөдөр зүүн зүгийн болон ихэнх нутгаар цас орж зарим газраар зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Гэхдээ энэ өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч буурч, харьцангуй дулаан байх боловч зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч хэвээр үргэлжилнэ.

 

-Сибирийн хүйтэн агаар Монголд нэгдүгээр сард орж ирдэг гэдэг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Сибирийн баруун, зүүн хойноос хүйтэн агаар Монголд орж ирдэг. Үүний улмаас Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр эрс хүйтэрдэг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сард хүйтний эрч чангардаг нь үүнтэй холбоотой. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сар их хүйтэн болсныг хүмүүс сайн мэдэж байгаа байх. Завханы Отгон суманд 55 хэм хүйтэрсэн. Тухайлбал, нэгдүгээр сарын дунд үеэс төгсгөл хүртэл баруун аймгуудын нутгаар хүйтний энэ эрч үргэлжилсэн. Харин өнгөрсөн долоо хоногоос харьцангуй хүйтний эрч чангарч байна. Гэхдээ өнгөрсөн жилийн нэгдүгээр сартай харьцуулахад энэ оны нэгдүгээр сар дулаахан болж өнгөрөх төлөвтэй байна. Түүнээс биш Сибирийн хүйтэн агаарын улмаас Монголд нэлэнхүйдээ хүйтрээд байгаа зүйл байхгүй.

 

-Тэгвэл Улаанбаатарт ойрын өдрүүдэд цагаар агаар ямар байх бол?

 

-Улаанбаатарт өнгөрсөн шөнө / уржигдар/ хүйтэн хонолоо. Яармаг, Сонгино орчмоор хасах 27 хэмд хүрч хүйтэрсэн. Нэгдүгээр сарын хамгийн хүйтэн одоогийн байдлаар 27 хэмд хүрч хүйтэрч байна. Энэ байдал ойрын өдрүүдэд сулрахгүй үргэлжлэн, шөнөдөө хүйтэн хононо. Мөн өнөө шөнөдөө Улаанбаатарт бага зэргийн цас орно. Өөрөөр хэлбэл, ойрын өдрүүдэд нийслэлд хүйтэрч, цас орох магадлал өндөр байна.

 

-Цаг агаарын урьдчилсан мэдээг орон нутагт хэд хоногоор гаргаж хүргэдэг вэ. Ялангуяа малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ их чухал байдаг?

 

-Цаг агаарын урьдчилсан мэдээг бид таван хоногоор гаргаж орон нутгийн иргэд болон малчдад хүргэдэг. Цасны зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарвал мэдээж өвөлжилт улам хүндэрнэ. Тиймээс малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэдээллийн бүх хэрэгслээр дамжуулан шуурхай хүргэх нь бидний ажлын гол үүрэг юм. Улсын хэмжээнд 13 аймгийн 127 сум зудын байдалтай байгаа гэсэн мэдээлэл бий. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг цаг алдалгүй олон нийтэд хүргэхээр манай хамт олон цаг, наргүй ажиллаж байгаа. Хамгийн гол нь, хүмүүс цаг агаарын мэдээллийг өдөр тутам өөрчлөгдсөн байдлаар хүлээн авч байгаасай гэж боддог. Цаг агаар гэдэг нь байнга өөрчлөгддөг зүйл. Тиймээс шинэчилсэн мэдээг хүлээн авч, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байх нь чухал юм.

 

-Танай байгууллагын зүгээс цагаар агаарын мэдээг анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван чиглэлээр хүргэдэг. Үүний ялгааг хүмүүс хэрхэн ойлгох нь зүйтэй вэ?

 

-Анхааруулах мэдээг ямар тохиолдолд гаргадаг бэ гэвэл цаг агаарын аюултай үзэгдэл болохгүй. Цас, бороо, шуурга ихэнх нутгийг хамрахгүй гэсэн үед гаргадаг. Сэрэмжлүүлэх мэдээг цаг агаарын аюултай үзэгдэл болох нь. Энэ үед гадагш гарахдаа хувийн бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй гэж хүргэдэг. Өөрөөр хэлбэл, олон нийтэд сонор, сэрэмж болгоомж хэрэгтэйг сануулж байгаа хэрэг юм. Гэхдээ төлөвлөсөн ажлаа хойшлуулах шаардлагагүй гэж ойлгож болно. Урьдчилан сэргийлэх мэдээний хувьд хөдөө явах ажлаа шууд зогсоох хэрэгтэйг сануулж байгаа юм. Энэ нь байгалийн онц аюултай үзэгдэл болж болзошгүйг анхааруулж байгаа дохио гэж ойлгож болно. Харин өнөөдрийн байдлаар манай байгууллагын зүгээс олон нийтэд цаг агаарын анхааруулах мэдээг хүргэж байгаа. Ер нь цаг агаарын мэдээний энэ бүх ялгааг хүмүүс ялгаж салгаж ойлгох нь чухал юм.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.5.196.66)

    2017-01-17

    Ene tsag uuriinhan jaahan zaag yalgaatai ailbarlaj ugch baimaar yum. Niited ni 57 xvrne!!!geed neg l ih ailgasan xvmvvs. tegeed bas xend ch oilgomjgvi Darxadiin xotgor tiim yumnii gvdgereer geed baahan xend ch hereggvi yum yaridagaa odoo uurchluuch ee