“Машид тунгалаг”-аас маргаашийн гэрэл гэгээг хараарай

 

      Саяхан даа, урин цаг шувтрах үест “Машид тунгалаг” хэмээх өгүүллэгийн ном хэвлэгдсэн нь уран зохиолчдын төдийгүй уншигч олны сэтгэл хөвсөлзүүлсэн сайхан ном болжээ гэсэн яриа дэгдэхийн зэрэгцээ унших хүслийг минь асаасаар багагүй хугацаа өнгөрсөн юм. Харин урин цагт уншигчдыг байлдан дагуулсан  “Машид тунгалаг”-ийн зохиогчоос номыг нь өвлийн эхэн сард мутрын үсэгтэй гардан авсан. Уншигч, уран зохиолчдын яриа талаар байсангүй хийгээд өчүүхэн бичигч миний сэтгэлийг ч хөндөв. Элдэв хачир чамирхал үгүй, говь тал нутгийн байгал уур амьсгал, хүн зоны амьдралын хөндүүрхэн гуниг, баяр жаргалыг ёстой л нэг үгээр тансаглан зурсан байв. Гэхдээ миний хувьд энэ уран бүтээлд утга уянгын давс хужир таарсанд хамаг учир байна уу хэмээн мэдэмхийрэн бодсон юм. Түүний өгүүллэгээс өөрийнх нь унаган шүлгүүдийн уянга аяс үе үехэн цухалзах нь түүнийг үргэлжилсэн үгийн талбарт хожим бий болгох нэгэн орон зай биз хэмээн бодож бас амжлаа. Өөрөөр хэлбэл түүний арга барил үүнд нуугдаж байгааг ажсан хэрэг. Учир юу гэвээс “Машид тунгалаг”-ийн зохиогч П.Нямлхагвыг оюутан байхаас нь сайн мэднэ. Уянга давамгайлсан шүлгүүдийг нь бүр ч сайн мэднэ. Харин үргэлжилсэн үг рүү хальтирч ирнэ гэж тэгтлээ санаагүй явсан юм. Энэ номын тухайд би дараа санал сэтгэгдлээ сайтар хүргэх учир энэ удаад Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагвын “Машид тунгалаг” тоглолтын талаар бодол санаагаа хуваалцах гэсэн хэрэг. 

 

        Дуучид, яруу найрагчид, хошин шогчид, киночдын гээд шил даран үзэгч олны хүртээл болж буй энэ олон цэнгүүнээс үзэгчдийн оюун санаа чамгүй ороолсон гэдэгтэй судлаачид санал нэг байна лээ. Магадгүй л юм. Харин П.Нямлхагва найрагчийн “Машид тунгалаг” бол өнөөдөр үзэгч сонсогч олны хүсэн хүлээсэн оюун санааны нэхлийг хариулж чадах тийм өвөрмөц тоглолт юм байна гэдгийг мэдээллээс ч тэр, мөн чанараас нь тэр хараад баярлаж сууна.  “Машид тунгалаг” тоглолт нь П.Нямлхагвын сүүлийн үеийн яруу найргийг үндэсний найрал хөгжимтэй үгийн урлагийнхан хүргэж байгаад үнэ цэнэ нь оршино. Нэгдүгээр сарын 19-ний орой “Тусгаар тогтнол”-ын ордонд болох “Машид тунгалаг”-аас төрсөн яруу найргийг үгийн урлагийн мастерууд болох Бямбацогт, Гантигмаа, Ичинхорлоо, Ганбаатар, Цовоо, Алтанбагана гэсэн хүмүүс үзэгч сонсогч олны зүрхэнд эгшиглүүлнэ. Эдгээр хүмүүс бол ард түмний сэтгэлд дуу хоолойгоороо мөнхөрсөн гэдэгтэй маргах хэрэггүй. Ийм л танил дуу хоолойгоор дамжуулан П.Нямлхагвын яруу найргийг үндэсний найрал хөгжимтэй нэгэн дороос сонсох нь ч бас нэгэн таашаал. Мэдээжийн хэрэг “Машид тунгалаг”-ийн эзэн өөрийнхөө бүтээлээс өөрөө үзэгч олноо хүргэж таарна. Өөрийнхөө зүрх сэтгэлээс унасан бүтээлийг найрагч өөрийнхөө дуу хоолойгоор хүргэх гэдэг юу юунаас чухал. Үг бүхэн П.Нямлхагвын сэтгэлээс гарсан болохоор түүнээс унаж буй үг бүхэн амьтай, үнэтэй гэдгийг бүхий л уран зохиолчид баталж чадна. Сонгодог хөгжмийн аянд утга уянгын яруу найраг сонсох нь энэ цагт өөрийнхөө оюун санаанд хийж буй томоохон хөрөнгө оруулалт төдийгүй, нийгмийн стресс, таны бодож төлөвлөж буй ажлын чинь замд таарах саад тотгорыг ч зайлуулна хэмээн омогшиход буруудах юун. Яруу найраг, хөгжим гэдэг юу юунаас илүү ариусал болохыг мэдэрдэг учраас ийн хэллээ. Тиймээс “Машид тунгалаг”-т зочилж маргаашаа гэгээрүүлэхийг уншигч та бүхнээс хүсэж байгаа хэрэг. 

 

 

      П.Нямлхагва найрагчийн олон сайхан дуунууд бий бөгөөд дууг нь амилуулсан олон сайхан дуучид хөгжмийн зохиолчдыг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ дууны уран бүтээлийн хамтрагчид нь энэ удаад П.Нямлхагва найрагчийнхаа тоглолтыг үзэгчдийн суудлаас тухлан сонирхох юм байна. Ойртуулж хэлбэл үзэгч тантай энэ цагийн алдарт хөгжмийн зохиолчид, дуучид алга ташин хөөрч, бас бодлогширон, нулимсаа дотогшоо залгин сууна гэдгийг дуулгах нь зүй. Яагаад гэвэл эрхэм найрагч маань энэ удаад дан яруу найргийн бүтээлээсээ хүргэх учраас уран бүтээлийн зарим хамтрагчдаа энэ удаад үзэгчдийн суудалд тухлуулахаар шийдсэн юм билээ. Мэдээжийн хэрэг уран зохиолд мөр зэрэгцэн туурвиж яваа анд нөхөд, манай нэр зүстэй ахмад уран бүтээлчид ч үзэгч тантай мөр зэрэгцэн суудалд тухлах нь дамжиггүй. Таны бүтээлийг нь шимтэн уншдаг нэртэй уран бүтээлч таны адил догдолж гуниж суух нь дандаа тохиолдох зүйл биш шүү дээ. Энэ бүгдээс харвал “Машид тунгалаг” үзэгчдээсээ эхлээд өвөрмөц, сонин шийдэл бүхий утга уянгын тоглолт байх нь. Анд нөхөд гэснээс өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө түүний  “Арслан цагаан дарс” хэмээх идэр цагийн шүлгүүдээс бүтсэн ном гарч үе тэнгийн бид хэрдээ л хөл болж байжээ. Тэр цагаас хойш амьдрал уран бүтээлд унаж боссон олон он өнгөрч, өнөөдөр П.Нямлхагва хэмээх найрагч өөрийн гэсэн өнгө, орон зайгаа олсон уран бүтээлч болон өсч өндийснийг уншигч олных нь оюун санааны эрэлхийллээс харж болно.    

 

     “Арслан цагаан дарс” номноос хойш “Зүүдэн бүрдийн аглаг”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн, “Машид тунгалаг” өгүүллэгийн номууд болон нийтийн дууны чиглэлд олон арван хит дууг бүтээсэн аж. Аа бас тийм, жүжгийн зохиол ч бичсэн, судлал шүүмжийн чиглэлд ч гар дүрээд авсан юм юмтай уран бүтээлч. Би уг нь “Машид тунгалаг” тоглолтын тухай мэдээлэл дуулгах гэсэн хэдий ч уран бүтээлчийн мөн чанар руу өөрийн эрхгүй өнгөлзөөд байгаадаа хүлцэл өчих байна. Тэгээд ч тоглолтын давалгаан дундах олон олон гэнэтийн учрал, гэнэтийн баяр баяслыг би бүгдийг нь дурдаад яахав, нууц хэвээр үлдэг. Хоёрхон хоногийн дараа ил болох учраас. Ямартай ч П.Нямлхавгын яруу найргийг  сонгодог хөгжмийн эгшигэнд үгийн урлагийн мастеруудын дуу хоолойгоор сонсохоор яараарай гэж хэлэх байна. Энэ зүрх сэтгэлийн ариусал, маргаашаа гэгээлгээр харах маш том боломж юм. Миний хувьд ч яруу найргийг тарнийн шидтэй гэдэгт гүнээ итгэсэн, итгэсээр ч байх тийм л нөхөдтэй хүн.  

 

Санзайгалсангийн Ууганбаяр
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)