ЗГ-аар хэлэлцээгүй Дубайн гэрээнд гарын үсэг зурж, 4.4 тэрбум долларын өрд оруулсан Б.Бямбасайханыг хэн шалгах вэ

 

-Удирдлагууд нь “Оюу толгой Монголын компани” хэмээн сүржигнэдэг ч 34 хувь эзэмшдэг монголчууд мэдээлэл ч авах эрхгүй гэхээр даржин байгаа биз-

2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар, “Рио Тинто” групптэй "Оюутолгой-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ажиллагаа Арабын нэгдсэн Эмират улсад болсон байдаг. Монголын талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нүсэр их ажил одооноос хөдөлж, ажиллагаанд орж эхлэх нь хэмээн тухайн үед мэдээлж байсан юм.

Тэгвэл Дубайн гэх тодотголтой гэрээ нэлээд асуудал дагуулсан бөгөөд тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Дубайн гэрээг АББХ-оор хаалттай хэлэлцлээ. Энэ гэрээ энэ Засгийн газрын хойдохыг нь уншжээ. Харамсаж байна” хэмээсэн бол С.Ганбаатар “Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Тус гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бус “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гарын үсэг зурсан нь анхаарал тухайн үед сенсаци болж байв. Б.Бямбасайханы хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй. Гэсэн ч мань эр 2015 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар, мөн оны есдүгээр сард “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, ёстой л ногоон гэрлээр албан тушаал дэвшсэн нэгэн.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Оюу толгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгосон гэсэн үг. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгожээ. Монголыг зорих хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна. “Оюу толгой” компани Монголын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг дагаж мөрдөх талаар тодорхой зөвлөмжүүд гаргаж мѳрдѳж байгаа. Мөн дотоодын худалтан авалтыг системтэйгээр нийлүүлэх чиглэлд ажиллаж байна. Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох учиртай. “Оюу толгой” бол Монголын компани. Бид нэг эзэн нь, хувь нийлүүлэгч нь” хэмээн ярьж байв.

Тэгвэл түүний тодорхойлсон Монголын компаниас Монголын иргэд мэдээлэл авахад өнөөг хэр нь хаалттай байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл удирдлагууд нь “Оюу толгой Монголын компани” хэмээн сүржигнэдэг ч хачир дээрээ 34 хувь эзэмшдэг монголчууд мэдээлэл ч авах эрхгүй гэхээр даржин байгаа биз. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн зардалд жилд 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө төсөвлөдөг гэдэг. Тэгэхээр мань эр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэгчид гарын үсэг зурж, 100 мянган долларын цалин авч, давхар Монгол компани удирдсан гэхээр өөрийнхөө амьдралыг л “өөд нь татсан” юм биш үү.

Мань эр “Гол нь бид Монгол Улсын хуулийнхаа хүрээнд хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Хэрвээ муу, сайн гэж ярих юм бол байгаа нөхцөл байдлыг харин ч сайжруулсан, өөр зүйл байхгүй. Оюу толгойг ашигтай ажиллуулдаг компани болгох нь бидний зорилго. Ашгаа заавал тэр заасан хугацаанд авна гэсэн үг биш. Ашгаа хурдан авахын төлөө л ажиллаж байна. Бид бүгдээрээ хувьцаа эзэмшигчид” хэмээн том ярьж байсан ч өдгөө байдал ямар байгааг Б.Бямбасайхан захирал өөрөө харж байгаа биз ээ. Ямартай ч түүний цээжээрээ хамгаалсан гэрээ одоогоор монголчуудын амьдралд нөлөөлсөн л юм алга. Учир нь дээрх гэрээгээр орж зээл, хөрөнгө оруулалтын асуудлыг тухайн үед гарын үсэг зурсан хэд л захиран зарцуулах эрхтэй гэсэн хардлага бий.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг өчигдөр /2017.01.17/ телевизийн нэвтрүүлэгт оролцож, Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зурж далд уурхайг хөдөлгөсөн нь өөрөө давуу талыг бий болгож байгаа хэмээсэн ч мэргэжилтнүүд “Төлөвлөгөө нэрээр гэрээ байгуулсан нь ноцтой асуудал. Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюу толгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ” гэдгийг хэлсээр байгааг дурдах нь зүйтэй биз ээ.
 

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)