П.Нямлхагва: Шинэ залуу уран бүтээлчид эхлээд айлын хашаанд “гэр барьдаг” юм шиг

 

Эх орон минь
Элэг зүрхний хоргонд бадамлах эр зориг минь
Эх орон минь
Хул чисчүү шаргал намрын улбар тоорог юм
Хуа дэмбээн аялгуунд шаргих хултай айраг юм
Шөнө дөлөөр хуйрагнан буусан үүрийн хяруу юм
Сөл өвсний шилбийг таалах үдшийн шүүдэр юм...
хэмээн шүлэглэн дуудах, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагвыг танихгүй хүн цөөн биз ээ. Тэрбээр, хоёр хоногийн дараа буюу энэ сарын 19-нд “Машид тунгалаг” хэмээх уран бүтээлийн цэнгүүнээ Тусгаар тогтнолын ордонд толилуулахаар болжээ. Ингээд эрхэм яруу найрагчтай хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэж байна.

 

-Энэ удаагийнх таны дөрөв дэх тоглолт санагдана. Тоглолтын бэлтгэл ажил бүрэн дуусав уу. Ер нь, “Машид тунгалаг” тоглолтоор үзэгчдэд юуг хүргэх вэ?

 

-Дан яруу найраг уншихаараа онцлог болно. Нэг ч дуу дуулуулахгүй. Харин МҮОНРТ-ийн Ш.Бямбацогт, Ч.Ичинхорлоо, Б.Гантигмаа, Б.Ганбаатар, Г.Алтанбагана, Д.Цовоо нарын алдартай нэвтрүүлэгч миний шүлгийг хөгжмийн аялгуунд уншина. Мөн Хөгжим бүжгийн коллежийн 50-аад хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжим тоглолтын турш хөгжимдөнө. Зөвхөн яруу найргийн тоглолт хийхэд хүмүүс уянгын аялгуунд шүлэг сонсох их дуртай байдаг юм билээ. Манай ард түмэн мэндээ хүртэл яруу найргаар мэдэлцдэг учраас шүлэг яруу найраг, бэлгэ цэц, оюуны гайхамшигт бүтээлүүдэд дуртай байдаг. Энэ нь ч их анзаарагддаг л даа. Монголчууд маань “Болор цом”, “Хулангийн үдэш” гэхчлэн уянга яруу найргийн цэнгүүнийг шимтэн үздэг.  Миний тоглолтын хувьд зөвхөн нэг хүний уран бүтээл дагнан явах учраас дээрхүүдээс арай өөр, өвөрмөц болно. Энэ удаагийн тоглолтоороо халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэлийн ариусал, тунгалагшилд хүнийг урьсан, уриалсан, цэнгүүлсэн сайхан үдшийг бүтээнэ. Ер нь, цаашид үе үеийн сайхан яруу найрагчид маань зөвхөн яруу найргаар дагнасан тоглолтуудыг үзэгч, уншигчдадаа хүргэдэг болоосой, намраас авахуулаад өвөлжин үргэлжилдэг байгаасай гэж боддог. Үүгээр бол хүмүүний сэтгэлийг туналагшуулна, их энэрэнгүй нинжид уриалан дуудна шүү дээ. Ийм сайхан шүлэг дуулал, үгийн чуулбарт автсан хүн хар муухайг санахгүй болно, дотоод уур бухимдал арилна. Тийм ч учраас “Машид тунгалаг” хэмээн нэрлэсэн юм.

 

-Тоглолтын турш зөвхөн шүлэг л уншина гэхээр үзэгчдэд их өвөрмөц санагдах байх. Хүмүүс хэр их сонирхож байна даа?

 

-Нэг үеэ бодвол одоо хүмүүс хоорондын харилцаа холбоо утаснаас авахуулаад интернэтийн орчинд чөлөөтэй, хөгжингүй болсон. Фэйсбүүкээр тоглолтын талаар асууж, тасалбарын захиалга өгч, авч байна. Тусгаар тогтнолын ордон 700 хүний суудалтай учраас тасалбарын тоо цөөхөн. Тиймээс сонирхсон хүмүүс нь зорьж худалдаж аваад овоо л явж байна.  

 

Нүүдэлчин соёл, уламжлалыг бүтээлдээ 
үлдээхийг эрмэлздэг

 

-Өөрийн чинь шүлгийг уншихад их омогрхсон, цамнасан өнгө аястай байдаг. Энэ тоглолтодоо ихэвчлэн ямар төрлийн шүлэг унших вэ?

 

-Тоглолтоо хоёр хэсэгт хуваая гэж бодож байгаа. Нэг нь аав ээж, энэрэл хайрын сэдэвтэй байгаад уран уншигчдаар уншуулах, нөгөөд нь хайрын болон хошин дурсамжтай холбоотой шүлгээ өөрөө уншиж, жаахан тайлбарлаж яриад, аль болох үзэгчиддээ сонирхолтой хэлбэрээр хүргэх бодол бий. Богинохон шүлэг голдуу уншина. Сүүлийн үед Монгол нүүдэлчин соёл, уламжлалыг шүлэг бүтээлдээ түлхүү үлдээхийг эрмэлздэг. Тиймээс өдөр бүр нүүр номдоо нүүдэлчин ахуй, соёл уламжлалыг шингээсэн богино шүлгүүд бичиж оруулдаг. Эдгээрээсээ заримыг нь уншина. Ер нь, би сонин содон хэлц үг байвал түүнийг шүлгэндээ багтааж өгөхийг боддог. “Түрүүлгээ хараад хэвтэх”, “Салхин сөөргөө явах” гэхчлэн хэлц үгс байдаг даа. Ийм үгсийг аль болох бүтээлдээ тусгаад үлдээх юмсан гэж эрмэлздэг. Дараа нь залуус уншаад “Ийм үгийг ингэж хэлдэг байж” гэх маягаар хэрэг болох болов уу. Тухайлбал, миний  “Ганзага атираах” гэж богино шүлгэнд “Нэвсийтэл дарсан цаснаар хангай дэлхий цанхиртана
Нэгэн амьтны мөр хөндлөн огтолж гарна...”
гэж бий. Тэгэхээр “Мөр хөндлөн огтлох” гэсэн хэлц үг байна. Өөрөөр хэлбэл, миний явж байх замын урдуур амьтны мөр хөндлөн огтолж гарахыг хэлнэ. Мөн амьтныг мөрдөхдөө тухайлсан цэг дээрээс мөрийг нь үзчихээд хаашаа явсныг нь мэдэхийн тулд нэлээд холуур тойрч явахыг хэлнэ. Энэ мэт хоёр утга гарах жишээтэй. Дээрх шүлэг үргэлжлээд “Өвөр жаврын хөндийгөөр нэвт буйллаж гүйсэндээ гэхээс л
Өөрийн эрхгүй дагаад мөр дармаар санагдана”
гэж мөрдөхийг хэлсэн бол “Агаар тэнгэр тунгалагшиж хүйт хангинаад ирнэ...” гэсэн нь жавар “тачигнаад” ирэхийг манайхан “хүйт хангинана” гэж хэлдэг дээ. Тэгээд ан хийгээд ганзагандаа уядаг. Үүнийгээ “Бид хоосонгүй шүү, ганзага атираагаад ирлээ” гэдэг. Ийм хэлц үг олон бий дээ шүлгүүдэд маань. Мөн,
Өвөл намрын торгон цагт
Өргөн тал гүмхэн аниртай
Өтгөн хөмсөгөө зангидаж харсан
Өвгөн хурмастын аашийг таашгүй
Тогооны хөө ямаатан цавцайгаад
Тогтуун байгаа нь худлаа даа гэмээр...

Яагаад гэхээр тогтуухан өдрүүдэд тогоо авангууд заримдаа хөө нь цавцайж харагддаг. Үүнийг нь “Ямаатах” гэж нэрлэдэг бөгөөд үүгээр “За цас орох нь дээ” гэж шинждэг. 

 

-Эдгээр мартагдсан түүхэн хэллэгүүдийг та хаанаас олж шүлэг бүтээлдээ тусгаад байна вэ?

 

-Миний сайных биш л дээ. Өсч төрсөн уудам дэлгэр тал нутагтаа нүүдлийн ахуй соёл, ёс уламжлалаа дээдэлж байдаг сайхан хөх өвгөдийнхөө дэргэд, мал ахуй дээр байсны ач гавьяа юм. Тэр өвгөдийн минь билиг билигүүний оройн чандмань болсон сайхан үг хэллэг, ёс заншил, бие биесээ цаашлуулан наргиж буй нь, нэгнээ гүн хүндэтгэлтэйгээр хүндэтгэх үг, амьдралын мөн чанарын тухай өгүүлсэн хууч яриа зэрэг нь дөнгөж 20 нас өнгийж явах насанд минь тархинаас алдагдахааргүй бууж, оюуны хумханаас “асгая” гэвч буцаж гарахааргүйгээр хуримтлагдсан байна. Энэ бүхэн л уран бүтээлд маань гараад байна гэж боддог. Түүнээс биш Монгол орныхоо нэг захаас нөгөө зах хүртэл хэлц үг цуглуулахаар явсангүй. Гэхдээ хангай, говь алинд ч ажлын шугамаар болон амин хувиар явахдаа хөгшчүүлийн ярианаас утга төгөлдөр сайхан үгсийг нь тогтоож авдаг. Ер нь, Монгол хэлнийхээ үгийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд энэ бүхэнд ач холбогдол өгөх хэрэгтэй юм шиг билээ. Өнөөгийн залуусыг анзаараад байхад Монгол хэлний этгээд үгст ач холбогдол өгч байна. Тухайлбал, “Яг шдээ”, “Чгшиг” ч гэдэг юм уу, 1990-ээд оноос бий болсон “Шатлаа”, эсвэл “Илүү илүү” гэхчлэн ийм сонин этгээд үгийг залуус даяараа яриандаа оруулаад байна. Тэгвэл үүнийгээ жаахан утга төгөлдөр, гайхамшигт үгийн эрэл болгоод, сонссон үгээ яриандаа хэрэглээд эхэлбэл Монгол хэл хөгжихийн үндэс болно. Намар нэгдүгээр курсын оюутнууд цуглахад нэгийгээ “Хөдөөнийх, өвгөн шиг яриатай...” гэж дооглох биш яриан дундаас нь өөрийнхөө мэдэхгүй нэг үг сонсогдвол өлгөж аваад яриандаа хэрэглэн дэлгэрүүлээд явчихдаг болмоор байна. Монгол хэлээ авч явах нь хүн бүрийн үүрэг. Монгол орны маань тусгаар тогтнолын баталгаа болсон эх хэлний дархлаа, хэл соёлоо хадгалахын үндэс нь бол энэ болов уу л гэж би боддог. 

 

“Заавал ийм өнгө аястай бичих юм шүү”
 гэж хичээдэггүй

 

-Таны шүлгүүдэд хэлц үгээс гадна Буддын гун ухааны шинжтэй үг, утгууд их анзаарагддаг. Энэ нь таны үндсэн мэргэжилтэй холбоотой юу?

 

-Магадгүй, гэхдээ би мэргэжилтэйгээ холбоё гэж боддоггүй. Хүн ер нь юу мэднэ түүнийхээ тухай л бичдэг байх. Түвд хэл, Түвд хэлт утга зохиол, Буддын гүн ухаан гэдэг төрөл зүйлээр өдий хүртэл тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийж, цаад утгад нь нэвтрэх гэж чармайж, нойроо хугаслаж, үүгээр л хоолоо олж идэж буй хүний хувьд түүн дотроос сайхан санагдсан үг хэллэгүүд нь шүлэг зохиолд маань тусдаг л байх. Үүнийг судлаачид ч, найз нөхөд ч хэлдэг л юм. Миний хувьд бол “Заавал ийм өнгө аястай бичих юм шүү” гэж хичээдэггүй. 

 

-Яруу найрагчид “Өөрийгөө олно” гэж ярьдаг. Таны аль ч шүлгийг сонсоход эрэмгий, хийморлог, эрчимжсэн өнгө аястай байгаа нь өөрийгөө олсоных гэж хэлж болох уу?

 

-Утга зохиол гэх энэ далай баялаг ай савд дурын хүн орж ирээд өөрийнхөө шанг татна гэдэг амаргүй. Энэ бол авьяасын, авьяасыг хөгжүүлсэн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, тэмцлийн үр дүн байдаг болов уу гэж боддог. Насаа дагаад ч юм уу, өөрийн эрхгүй нэг өнгө аяс тогтоод ирдэг юм байна. Анх би хүн дуурайж, тэр дундаа Ц.Чимэддорж ах шиг бичих юмсан гэж хичээдэг байлаа. Ц.Чимэддорж ахын шүлгүүд нэг л тачигнасан, тонгорсон өнгө аястай, “Цус үзсэн улаан зээр
Цуутай дорнын цагаан зээр...
” ч гэж байх шиг. Залуу цагийн шүлгүүдэд маань ийм юм их анзаарагддаг юм. Ер нь, залуу гэр бүл ч айлын хашаанд гэрээ барьж, дараа нь өөрийн гэсэн хашаатай болоод гэрээ нүүлгэдэг дээ. Үүнтэй адил “Шинэ залуу уран бүтээлчид эхлээд айлын хашаанд “гэр барьдаг” юм болов уу. Эсвэл би авьяас муутай болоод ганцаараа тэгсэн юм биш биз дээ” гэж боддог л юм /инээв/. 

 

-Танай хашаанд айл буусан эсэхийг анзаарав уу?

 

-Энэ талаар ёстой мэдэхгүй байна /инээв/. Судлаачид л хэлэх болов уу.

 

-Ер нь, ажиглаад байхад үе үеийнхэн өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг шиг. Одооны буюу 2010-аад оны залуусын олонхынх нь шүлэг хэлбэр хөөсөн, баригдахгүй,  орчуулгынх шиг болсон санагдах юм. Энэ талаар таны бодол?

 

-Манай залуус “Сэтгэлгээний нэг тийм бусдаас ялгарсан өвөрмөц байдал байх ёстой” гэж үзээд буй нь зөв. Гэхдээ ур байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ чинь нэгдүгээрт уран зохиол, хоёрдугаарт яруу найраг шүү дээ. “Маш сайхан урнаар” зохионо, нөгөөх нь “Их сайхан яруу, найраглаг байх ёстой” гээд хэлсэн байгаа биз. Тэгэхээр үүнийг ялангуяа Монгол яруу найрагт мөрдөх л хэрэгтэй. Японы өвөрмөц шүлгүүд байдаг. Орчуулахаар Япон хэлээсээ тэс өөрөөр орчуулагдсан тохиолдол олон бий. За тэгээд Тангийн үеийн яруу найраг бол эртний ханз бичлэг, Хятад хэлнээс Ли Бай, Ду Фугийн яруу найргийг манайх гайхамшигтай сайхан хөрвүүлсэн байдаг. Мөн Хятадаас Орос руу орчуулсныг нь орос хэлнээс Ж.Лхагва, Б.Явуухулан, Д.Цоодол гэхчлэн орчуулсан. Гэхдээ эд маань өөрсдөө зохиолч, яруу найрагч учраас Монгол хүний сэтгэлгээнд буухаар орчуулсан. Байгаагаар нь шууд буулгавал Монголчуудын дунд “Ли Бай гайхалтай юм аа” гэх нөхцөл бүрдэхгүй байж мэднэ. Орос хэл сайн мэддэг хүмүүс А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг “Ц.Дамдинсүрэн гуайн орчуулсан хувилбарт хүрэхгүй” гэж ярьдаг шүү дээ. Гэтэл А.С.Пушкиныг орсууд “Агуу их яруу найрагч” гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Ц.Дамдинсүрэн гуай бүхэл бүтэн ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн алдарт найрагчийн нэр хүндийг нь мөхөөхгүйгээр, яг үндсэн чиглэлээр нь Монгол ахуйд авчирч, Монголчуудын шүтээн болгож чадаж байна гэдэг бол орчуулагчийн уран чадвар. Өнөөгийн залуус маань үүнтэй л адил баймаар санагддаг. Үнэнийг хэлэхэд харийн уран зохиолыг үгчлээд орчуулсан шиг юм бичээд байна. Бүр муухан орчуулсан зохиол шиг шүү. Тиймээс би тэдний шүлгийг нэг таашаалтай хүлээж авдаггүй. Яагаад гэвэл яруу найраглаг биш. Миний анхны ном гарахад маш хатуу шүүмжилсэн хүн бол Түвдэч, соён гэгээрүүлэгч, их бичгийн хүмүүн, дуун хөрвүүлэгч Л.Хүрэлбаатар гуай. “Мэдэхгүй үгээ дахиад хэрэглэвэл толгойг чинь тасдана” гэсэнтэй адил үг хэлсэн. Өөрөөр хэлбэл, “Шүлэг зохиол дотор олон гоёмсог үг хэрэглэх нь зөв болов ч утгыг нь мэдэхгүй бол хэчнээн сайхан санагдсан ч бүү хэрэглэж бай” гэсэн хатуу сургамжийг суулгаж өгсөн. Мөн “Өнгөндөө нэгийг хэлээд, гүндээ нөгөөг зааж байвал тэр бол яруу найраг” гэсэн. Баруунд хүмүүсийг эзэмшсэн боловсролоор нь ч юм уу элит, масс гээд хоёр хуваадаг юм шиг билээ. Манай дорно дахинд ч энэ нь бий болж. Элитийнх нь сонгодог, массынх нь “энэ” гээд явчихдаг. Зарим хүн “Шүлэг яруу найраг бол зөвхөн оюунлаг хүмүүст зориулах ёстой. Энэ бол массын урлаг биш” гэхчлэн хоёр хуваах хандлага байна. Гэтэл Монгол уран зохиолын гайхамшигт шинж нь нэг шүлгээр хоёуланд нь хүрч чаддагаараа онцлогтой. Учир нь өнгөндөө нэгийг, гүндээ нөгөөг хэлдэг болохоор тэр. Тухайн шүлгийг утга зохиолын хүрээний оюунлаг хүмүүс нь уншсан ч, нийт ард түмэн уншсан ч гайхамшигтай л байх ёстой. Тэр бол сонгодог гэдгийг Л.Хүрэлбаатар гуай хэлсэн юм. Б.Лхагвасүрэн гуайн шүлгүүд, Д.Цоодол гуайн дуулиуд тийм шүү дээ. 

 

-Өнгөрсөн онд хутагт хувилгаадад зориулсан дуу нэлээд хэдийг бүтээх шиг болсон. Тэдгээр шүлгийг танд захиалж бичүүлэв үү?

 

-Санал тавьсны дагуу бичсэн. Тэр нь миний мэргэжилтэй л холбоотой байх. Энэ хүн “Түвд хэл, Буддын гүн ухааны судалгаа хийдэг яруу найрагч юм чинь хутагт хувилгаадын тухай шүлэг бичвэл арай дээр болов уу” гэж бодсон биз. Тэгээд Брагри хувилгаан Данзанжамъянлодой, Бурханч лам Г.Пүрэвбат нарт зориулсан дууг бүтээсэн. Ном эрдмийн оройн чандмань болсон хүмүүс таалалтай хүлээж авсан нь сайхан байлаа. Энэ бас нэг ерөөл юм болов уу гэж бэлгэшээж байна даа. Өмнө нь ч бурхан шашан, хутагт хувилгаадтай холбоотой хэд хэдэн дуу бүтээсэн. 

 

Хүн хүрээлэл дунд орж ирэхээрээ
хөгждөг юм шиг билээ

 

-Та Дундговь аймгийн хүн. Говь нутгаасаа утга зохиолын энэ их айлд хэдэн онд орж ирэв?

 

-Би 1997 онд анх оюутан болоод орж ирсэн. Тэгээд утга зохиолын оюутнуудын дугуйланд явж, оюутны яруу найргийн наадмуудад тэнцвэл ордог байлаа. Тэнцэж чадахгүй их удсан шүү. УЗНАДС-ийн оюутнууд чинь тэр үед ёстой адуу шиг пижигнэж байсан. Л.Ганзул, Ц.Эрдэнэбаатар... гэхчлэн олон залуу сайхан шүлэг бичнэ. Тэдэнтэй л пижигнэнэ. Би хаана нь ч бараадахгүй л дээ. Тэгж явсаар хором хормоор ахиж, шүлэг бүтээлийг минь хүмүүс “Болж байна” гэж үнэлээд, өнөөг хүртэл явж байна. Түүнээс биш нутгийнхаа нэг ахыг дагаад, эсвэл сайн багшийн нөмөрт ороод явсангүй. Ер нь, хүн хүрээлэл дунд орж ирэхээрээ хөгждөг юм шиг билээ. Намайг хөгжүүлсэн хүмүүс бол үеийнхэн маань. “Яаж Л.Ганзул шиг гоё, Ц.Эрдэнэбаатар шиг гүнзгий, танхай, яавал С.Очиртөмөр шиг шатаж бичих вэ” гээд л цагаахан атаархаж, давж бичих гэж эрмэлзэж явсан бүхэн маань миний хөгжлийн үндэс, мөн чанар нь юмуу даа. Тиймээс үеийнхэндээ баярлаж явдаг юм. С.Очиртөмөр маань “Гоо охидод дурлахын жаргал зовлон байдаг
Гологдоод шаналахын зовлон жаргал байдаг” гээд л бичсэн шүү дээ. 

 

-“Утга зохиолын багш маань тэр” гэж зарим яруу найрагч ярьдаг. Гэтэл зарим нь “Багштай байлаа гээд шүлэг, зохиол бичих чадвар дээшлэхгүй” гэх юм. Ер нь, багш нөлөөлөх үү?

 

-Би багштай. Чоно багш буюу Х.Эрхэмбаяр гэж хүн бий. Багш маань гэрт суугаад л ном үздэг. Их өвөрмөц, сонин сэтгэлгээтэй. Ямар нэгэн зүйлийг хүн бүр нэг өнцгөөс харж байхад Чоно багш аль болох өөр шинэ өнцөг нээхийг эрэлхийлж чаддагаараа бусдаас өөр, гайхамшигтай. Энэ шинж чанар нь их нөлөөлж, надаар уншуулж, хооронд нь харьцуулан судлуулж байсан юмнууд нь одоо бодоход намайг нэлээд задалж өгсөн байх. Ямар ч байсан би багшаасаа ном уншихыг сурсан. Ном унших гэдэг нь зүгээр нэг гүйлгээд өнгөрөхийн нэр биш юм байна. “Энэ чинь ийм юм байна, нөгөө талаасаа ийм ч байх үндэслэлтэй юм байна” гэхчлэн задалж унших дадал зуршлыг суулгаж өгсөн. Тэгэхээр утга зохиолд багш хөтөлнө гэж байх нь зүйтэй. Сүүлд нь бол Түвд хэлний Ш.Сонинбаяр, Д.Энхтөр, уран зохиолын онолын С.Байгалсайхан багш нар маань маш их мэдлэг олгосон. 

 

-Энэ онд ном бүтээх төлөвлөгөө байна уу?

 

-Энэ ондоо багтаагаад шүүмж судлалын нэг ном бүтээхээр бэлтгэж байгаа. Ер нь, шүүмж гэхээр л чиний зохиолоос ч юм уу заавал нэг өө олж хэлэхийн нэр биш юм. Уран бүтээлчдийн бүтээлээс бусдын олж хараагүй байж магадгүй гэж санагдсан, эрдэнэсийн жижиг хайрцагны тагийг л нээх юм шүү дээ. Хүн бүрийн бүтээлд тийм зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн зохиолын гайхамшигийг л нээе л дээ. Яагаад заавал шүүмж гэхээр алдааг нь олж өөлөх гэж. Тухайлбал, Б.Баярсайханы “Өлөгчин” гэж өгүүллэгт шүүмж бичсэн. Тэр өгүүллэгийг уншихад ерөөсөө л хүн гээч амьтныг илэрхийлээд байгаа гайхамшигт зүйл нь нүд юм гэдгийг санамсаргүйгээр тодорхой гаргасан байна. Үүнийг нь л би онцолж хэлье гэх ч юм уу. Ийм л ном гаргана даа.

 

“Болор цом” бол яах аргагүй хэмжүүр мөн

 

-“Болор цом” наадам яруу найргийн дээд хэмжүүр биш, мөн гэцгээх юм. Ер нь, хэмжүүр мөн юм уу?

 

-Би бол “Болор цом”-ыг тодорхой хэмжээний хэмжүүр мөн гэж боддог. Миний хувьд энэ наадамд хоёр давж үзээгүй шахуу л хүн шүү дээ. Тиймээс би өөрийгөө яруу найрагч болж чадаагүй гэсэн ойлголт мөн гэж боддог. “Болор цом” бол гайхамшигтай наадам. Би жил бүр шүлгээ өгдөг. 30-д үлдвэл миний хувьд түрүүлснээс ялгаагүй баярладаг. Гэхдээ 30-д үлддэг, тэндээсээ 15-д, бүр тавд үлддэг болохын тулд шүлгээ чамбайруулах л ёстой гэж боддог. Ц.Чимэддорж агсаны “Майга”, “Малчин” шүлгийг өнөөдөр “Сонгодог бүтээл” гэж хэлэхгүй гэж үү. Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нарын “Болор цом”-д түрүүлсэн шүлгүүд гайхамшигтай шүү дээ. Б.Доржпаламын “Хөөрлийн шүлэг”, Т.Очирхүүгийн “Чулууны магтаал”-ыг алга ташилтад зориулж бичсэн шүлэг гэх үү. Үгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд найрагчдыг хэмжиж буй хэмжүүр бол яах аргагүй мөн. Харин яруу найргийг бүр дээд хэмжүүр гэдэг бол өөр, харьцангуй асуудал. 

 

-Удахгүй болох “Болор цом” наадамд та шүлэг сойно биз дээ. Энэ наадмыг ойртоод ирэхээр л хэвлэлээр муулж их бичдэг болж. Нэр хүнд унаад буй талаар та юу гэж боддог вэ?

 

-Ам муутай байдаг уран бүтээлч олон болжээ. Тэд надтай адилхан яруу найргийн дээд хэмжүүрт тэнцэх шүлэг бичиж чадалгүй хасагдчихаад л “Болор цом”-оо муулдаг гэж боддог. Муулахын оронд сайн шүлэг бичиж энэ дээд хэмжүүрт тэнцэхийг л бодох хэрэгтэй. Ер нь, хараад байхад үлдсэн 30 найрагч дотроос яах аргагүй сайнууд нь шигшэгдээд үлддэг шүү дээ. Б.Баттулгын уншсан “Мөнгөн шөнөөр” шүлгийг муу, алга ташуулахын тулд бичсэн гэхгүй биз дээ. “Болор цом” бол Б.Баттулгыг хэмжиж, “Энэ бол түрүүлж мэдэх яруу найрагч” гэдгийг ард түмэнд таниулаад өгсөн. Харин миний хувьд өнөө жил ч шүлгээ өгнө. 30-д үлдэх эсэхийг нь мэдэхгүй.

 

-Эцэст нь асуухад УБТЗ-тай уран бүтээлээр хамтарч ажилласан тохиолдол байна уу?

 

-Төмөр зам бол Монгол орныг хөгжил дэвшилд түүчээлсэн ирээдүйн хөгжлийн ган зам шүү дээ. Тэр утгаараа нүсэр том айл. Энэ их айл дэргэдээ МЗЭ-ийн салбар нэгдлийг авч яваа. Өртөө зөрлөг, төмөр зам дээр ажиллаж буй олон сайхан зохиолч, яруу найрагчийг энэ нэгдэлдээ хамруулж, тэднийхээ уран бүтээлийг дэмждэг нь сайхан. Тус нэгдлээс “Ган зам” сонинтойгоо хамтраад жил бүр “Ган үзэг” яруу найргийн наадмыг зохион байгжуулж, түүнийг нь яруу найрагчид сэтгэл догдлон хүлээж байдаг. Миний хувьд энэ наадамд оролцож гутгаар байрт нь орж, Утга зохиолын нэгдлийн дарга Л.Сэнгээ ахын хүсэлтээр шүүж байлаа. Ер нь төмөр замын байгууллага Монгол орны хөгжлийн түүчээг авч яваад зогсохгүй оюуны ай савд асар том хөрөнгө оруулалт хийж буйгаараа гайхалтай.

 

М.Наранболд
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (91.134.232.49)

    2017-01-17

    Орон сууцны байр болгоны 1 дүгээр давхарт 2-3-аа байх 8 нэрийн нэртэй архины мухлагуудаа цэгцлээч

  • Зочин (91.134.232.49)

    2017-01-17

    Үе үеийн дарга нар энэ байгууллагад орж ирээд л багаа бүрдүүлэх нэрээр орон тооны судалгаа хийж сандал ширээ, байцаагчийн шахаанд л анхаарлаа хандуулж ирсэнээс үндсэн ажилдаа анхаарлаа хандуулаагүй удаж байна. Одоо ч ийм байдалтай явж байгаа. Үйл ажиллагаа нь доголдсоны үр дүн хүний алтан амь хохирсоноор илэрч байна. Мэргэжлийн хяналт сүүлийн 2-3 жилд дарга нарын тоо нь механикаар өссөнөөс өөр үйл ажиллагаа чанарын хувьд буурсан ийм л үзүүлэлттэй байгаа. Бөөн дарга болох гэсэн чадваргүй хүмүүсийн амбиц шунал 2-т дарагдаж байгаа байгууллага.