Л.Оюун-Эрдэнэ: Манай парламент 77 гишүүнтэй юм шиг явж ирсэн нь нууц биш

 

        УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байгаа вэ. Энэ хууль өнгөрсөн хугацаанд үүргээ хэр биелүүлсэн бол. Цаг хугацааны явцад өөрчлөх шаардлага гараад байна эсвэл өөрчлөхийн тулд өөрчлөх гэж байна гэх зарим хүний хардлага ортой болж таараад байна уу?

 

-Энд нэг л асуудал байгаа шүү дээ. Ардчилсан төр гэдэг бол гурван эрх мэдэл салангид байхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал эрх зүйн хувьд бие биеэсээ хараат бус байхаар зохицуулсныг хэлдэг. Манай Үндсэн хуулийн хувьд дээрх засаглалын тухайд зөрчилдөж байгаа олон зүйл бий. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч гэх ард түмнээс сонгогддог субьект. Энэ хүн маань хууль санаачлах төдийгүй хууль хяналтын байгууллагад нөлөөлж ч чаддаг. Засгийн газарт ч чиглэл өгдөг. Ингээд Монгол Улс өнөөдрийг хүртэл хоёр Ерөнхий сайдтай, Дээд шүүхийн хоёр шүүгчтэй, парламентын 77 гишүүнтэй юм шиг явж ирсэн нь нууц биш шүү дээ. Үе үеийн Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон энэ эрх мэдлээ салбарын хуулиар нэмсээр байгаад 55 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Ингэснээр өнөөдөр манай улс Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалтай эсэх нь мэдэгдэхгүй болчихсон. Үүнээс болоод шүүхэд итгэх иргэдийн итгэл өдөр ирэх тутам буурсаар байна. Цаашлаад парламентын нэр хүнд үргэлж унаж ирсэн. Засгийн газар нь бяд хүчгүй, бие даасан бус хамаарал бүхий институц болж хувирсан. Энэ бол үе үеийн парламентад ажиглагдаж байгаа зүйл. Эхний ээлжид бид ийм байдлаас гарах ёстой. Цаашлаад практикаас харахад хувь хүнээсээ үл хамаараад шүү, яагаад сонгогдсон Ерөнхийлөгч бүхэн нэрийг нь дэвшүүлсэн намтайгаа муудалцдаг юм бэ. Бодоод үзэхээр ийм л байгаад байгаа юм. Энэ мэтчилэн зохицуулалт хэрэгтэй олон асуудал бий. Тиймээс энэ бүхнийг зохицуулах чадамж бүхий Үндсэн хууль, түүний өөрчлөлтийг олон талаас нь олон нийтийн хүчтэй хяналт дор эрдэмтэн судлаач, эдийн засагчдыг оролцуулаад хэлэлцэх цаг нь болсон гэж би хувьдаа бодож байгаа.

 

-Өөрчлөх нь зүйтэй гэдэгт үе үеийн парламентын гишүүд санал нэгдэж ирсэн. Харин чухам ямар өөрчлөлт вэ гэдэг нь төдийлөн тодорхой бус байна л даа?

 

-Мэдээж Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол тийм амар зүйл биш. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд олон удаагийн шат дараалсан судалгаан дээр суурилж, ул суурьтай ярилцах ёстой. Гэхдээ эрх мэдлийн салангид байдал гэх тулгуур зарчмаа хангахгүйгээр цаашаа явбал бид жил алдаад байна л гэсэн үг. Ийм нөхцөл даамжирвал ямар ч их төсөв байсан өнөөх нь цоорхой шуудайнд хийсэн мэт алга болчихдог. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Ийм байдал удаан үргэлжилбэл цаг хугацааны хувьд Монгол Улсад асар их алдагдалтай юм. 25 жилийн өмнө ижил гараанаас гарсан дэлхийн олон улс орон өнөөдөр биднийг хөгжлөөрөө гүйцчихсэн байна. Гэтэл Монгол Улс урагшлах гээд ч байгаа юм шиг, ухрах гээд ч байгаа юм шиг, эрх зүйт төрийг тогтоох гээд ч байгаа юм шиг болих гээд ч байгаа юм шиг тодорхойгүй байдалтай явж ирлээ. Энэ байдалд цэг тавихын тулд Үндсэн хуультай холбоотой асуудал байгаа гэж би хувьдаа боддог.

 

-Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж байгаа. Таныхаар үүнийг ямар байдлаар явуулах нь зөв юм бэ?

 

-Үндсэн хуулийн ажлын хэсэгт миний бие багтсан. Хуулийг өөрчлөх процесс нэг удаа ажлын хэсэг байгуулснаар хэмжигдэхгүй, нэлээд олон шат дамжлагатай үйл явц болно. Санал асуулга гэдэг бол шууд ардчиллын хэлбэр шүү дээ. Зардлаа хэмнэх үүднээс сонгуулиар ч юмуу санал асуулгаа явуулчихаж болдог юм билээ. Жишээлбэл, сургуулийнхаа эрхлэгчийг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад асуудаг хэлбэр олон улсад байна. Харин манайх болохоор нэг санал асуулга гэхээр заавал хэдэн тэрбум төгрөгийн төсөв яриад байдаг. Ингэхгүйгээр сонгуулийн хуудасны ард буюу сонгуультай хамаагүй байдлаар саналын хуудасны ар талд санал аваад явчих боломжтой гэж харж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй үед энэ бол төсөв санхүүгээ хэмнэх үүднээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ шүү дээ. Ингэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх үү үгүй юү гэж асууж болохгүй. Чухам ямар байдлаар өөрчлөлт оруулах гэж байгаа юм гэдгээ тодорхой болгож, нарийвчилж асуухгүй бол утгагүй. Өөрчлөх эсэхийг асуугаад түүнийгээ олон нийтийн санал асуулга гэж нэрлэж бас болохгүй. Цаашлаад ардчилал гэж юу вэ гэхээр бид нэг малгай бодоод л яваад байгаа, эх бие байхгүй. Яг юу юм бэ гэхээр хариулдаг хүн байдаггүй.

 

-Тэгээд яг юу юм бэ?

 

-Хэд хэдэн хариулт байна. Жишээлбэл, ардчилсан улс бол дундаж давхарга нь 65-аас дээш хувь байсан цагт ардчиллын үнэт зүйлийн тухай ярих боломжтой. Бүхэл бүтэн 25 жил өнгөрчихсөн учраас бид үүнийг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, малгай биш эх биеэ ярья гэж байгаа юм. Ардчилал гэхээр олон нийт дуу хоолойгоо илэрхийлдэг, хүмүүс саналаа чөлөөтэй илэрхийлдэг гэсэн тогтсон ойлголттой болчихсон. Гэтэл энэ эрх мэдлийн салангид байдлыг нэгтгэх хэрэгтэй байна. Яаж парламент нь парламент шиг, гүйцэтгэх нь гүйцэтгэх, шүүх нь шүүх засаглал шиг байх вэ. Санал асуулгаар шударга засаглал гэж юу вэ гэж асуухад “Шударга шүүх” гэж иргэдийн 50-аас дээш хувь нь яаж хариулдаг болох вэ. Яаж давхар дээлийг цэгцэлж, Засгийн газар, парламентын ордон хоёрыг салгах вэ. Энэ бүх асуудлыг бид одоо л ярихгүй бол оройтно. Жишээлбэл, манайх шиг УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, парламент болон Засгийн газрын гишүүд нь дундаа нэг зөвлөхтэй буюу хамаг юм нь холилдчихсон улс орон гэж байхгүй. Парламентын ордон руу Засгийн газрын гишүүн нь ороход нэр нь бүртгэгддэг төдийгүй олон нийтэд харагддаг байх ёстой. Засгийн газрын тэргүүнтэй УИХын ямар гишүүд уулзсан нь хүртэл харагддаг жишээ бий шүү дээ. Гэтэл манайд ямар ч зааг ялгаа байхгүй. Бараг хоолонд орохдоо л уулзчихдаг. Гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох засаглал нь бараг хамтдаа байж байгаад нэг шийдвэр гаргана. Тэгэнгүүтээ гаргасан шийдвэрээ гурван янзаар тайлбарлаж, салж тоглодог. Ийм байдлаас болж жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлдөг болсон. Дээд шүүхийн нэр хүнд унасан. Хууль хяналтын байгууллага улс төрчдийн эрх мэдэлд байна гэдэг итгэл үнэмшил олон нийтийн дунд бий болчихлоо шүү дээ. Тиймээс бид ийм байдлыг салгах ёстой. Үүний тулд Үндсэн хуультай холбоотой асуудал байгаа бол өөрчлөхийн тулд эцэг хуулиа хөндөхгүй бол салбарын хуулиудаар зохицуулах боломжгүй гэсэн үг.

 

-Та түрүүн 77 гишүүнтэй юм шиг болчихсон гэлээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл манай улсад давуу байгаад байна гэсэн үг үү?

 

-Би үүнийг хувь хүн дээр биш тогтолцооных нь хувьд яриад байгаа юм. Жишээлбэл, утаа бол мэдээж хөндөх сэдэв мөн, энэ талаар ярих нь зөв. Гэтэл найман жилийн дотор гэнэт л утаа ихэсчихсэн юм биш шүү дээ. Энэ бол Засгийн газрын тэргүүний анхаарал хандуулах, хийх ёстой ажил. Харин Засгийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгч дуудаад чиглэл өгч болно. Гагцхүү урдуур нь ороод ажлыг нь хийж болохгүй байхгүй юу. Өмнөөс нь ажлыг нь хийгээд байх юм бол Ерөнхийлөгчийн засаглалтай бол л доо. Заавал Ерөнхий сайд гэж нэг хүнийг цалинжуулаад, тусгай хамгаалалтад байлгаад байж яах юм. Ингэхгүй гэвэл Ерөнхийлөгч нь бэлгэ тэмдэг байг л дээ. Үүнийг өөрчлөөд парламентаасаа сонгодог л болъё л доо. Монголоос өөр газар ийм тогтолцоо цөөхөн шүү дээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд нь хэрвээ хууль санаачилдаг бол төсөв мөнгө нь бага ордог. Харин хууль санаачилдаг эрдэмтдийнх нь төлөөлөл илүү байг л дээ. Ер нь бол эрх мэдэлд илүү шунан дурладаг учраас л УИХ-д сонгогдох гэж компанийн захирлууд олноороо хошуурдаг болж. Гэсэн атлаа хуралдаа орж ирээд сууж байгаа хүн байхгүй. Гэтэл ийм байдлаар яваад байхаар хууль тогтоох засаглал нь хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байна шүү дээ. Цаашлаад гүйцэтгэх засаглал нь Ерөнхийлөгчөөсөө хамааралтай, Ерөнхийлөгч нь хэдэн сайдыг нь шийтгэх гээд ч байх шиг. Дээрээс нь УИХ-ын дарга парламентын гишүүдтэйгээ нийлээд асуудлыг шийдэх гээд. Ингээд кабинетын зарчмаар ажиллаж чаддаггүй. Ерөнхий сайд нь бэлгэ тэмдгийн шинжтэй яваад байхаар тодорхой, томоохон төслүүд юмуу хяналттай төсвийн захиран зарцуулалт дээр болж өгдөггүй. Зүгээр өнгөрсөн хугацааг харъя л даа. Монгол Улсын төсөв таван их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банк нь таван их наядын буюу улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний бонд босгочихсон. Хамгийн хачирхалтай нь, улсынх нь нэг жилийн төсвийн 90 хувь эргэн төлөгдөхгүй болчихсон байна. Ийм нөхцөлөөр явахаар бид цаашаа яаж хөгжлийн тухай ярих юм бэ. Дахиж бид бонд босгоно гэхээр хэн итгэх юм. Өнөөдөр ам.долларын ханш өсөөд байна л гэж байна. Монгол Улсын төсөв таван их наяд. Монголбанкных нь хэвлэсэн мөнгө долоон их наяд төгрөг. Энэ бол эрх мэдлийн салангид байдал буюу ардчиллын тулгуур зарчим алдагдсаны илрэл. Тийм учраас ийм зүйл болоод байгаа юм. Одоо бид зөвхөн мөсөн уулын оройг харахаа болих хэрэгтэй байна. Доор байгаа гуравны хоёрыг нь харж, илүү том, гүнзгий асуудлыг хөндөж эхлэхгүй бол цаг алдаад байна л гэсэн үг.

 

-Энэ бүхний бодит илрэл нь Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт утааны асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ улсынхаа нийслэлийг хүн амьдрах боломжгүй хот болсон гэж тодорхойлсон явдал мөн үү. Манай улсад эрх мэдлийн хуваарилалт бүрэн алдагдсан учраас төрийн тэргүүн нь энэ мэтээр аашилж байна гэж ойлгож болох уу?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт санал гаргаж болно. Түүнээс Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдтай ч юмуу оруулж ирчихээд загнаад, ажлыг өмнөөс нь хийгээд байж болохгүй л дээ. Гэхдээ энд дахин хэлэхэд, би хувь хүн биш тогтолцоо ярьж байгаа юм шүү. Ер нь аль ч Ерөнхийлөгчийн үед ийм байж ирсэн. Тэгсээр байгаад ийм байдал нь байх ёстой ч юм шиг харагддаг болчихсон. Гэтэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч хэн юм бэ. Бид мэдэхгүй байхгүй юу. Гэтэл тэр хүн бидний шударга ёсны бэлгэ тэмдэг байх ёстой. Яагаад гэхээр манай улс гурван засаглалтай шүү дээ. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь Дээд шүүхийн шүүгч байх ёстой. Тийм хэмжээнд тухайн хүн насаараа томилогддог байсан цагт Ерөнхийлөгчөөсөө ч парламентын гишүүдээсээ ч хамааралгүй, олон нийтийнхээ санаа бодлыг сонсдог тогтолцоо үүсэх ёстой юм. Солонгосыг хар л даа. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг Дээд шүүх болон прокурорын байгууллага нь хяналт тавиад хорио тогтоож байна шүү дээ. Энэ бол шүүх засаглал бүрэн утгаараа хэрэгжиж байгаа буюу хүчтэй байгаагийн илрэл. Гэтэл манай улсад жишээлбэл, Ерөнхийлөгчид шударга бус асуудал байна гэдгийг хууль шүүхийнхэн мэдвэл дээрх жишээ шиг хүчтэй ажиллаж чадах уу, чадахгүй. Яагаад гэвэл, эрх мэдлийн салангид байдал гэх тулгуур зарчим алдагдсан учраас тэр шүү дээ.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (106.181.71.187)

    2017-01-19

    Mash zuv bichsen baina. Argagui bolovsroltoi hun gedgee haruullaa. Bur sain bich dee olon niit oilgogo.

  • (202.21.117.178)

    2017-01-18

    93 гээч