“Цэцэрлэгийн НОННА”

 

- ХҮҮХЭД ХАРАХ, ХООЛ ӨГӨХ, УНТУУЛАХ ЗЭРГИЙГ ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ -
 

        Ахмад сурган хүмүүжүүлэгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, зөвлөх багш Д.НОННА-тай ярилцлаа. Тэрбээр Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн сургууль, Гэгээрлийн яам, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, БСШУЯнд цэцэрлэгийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж, боловсролын салбарт 50 гаруй жил зүтгэж яваа нэгэн юм. Зөвхөн цэцэрлэгээр дагнан ажилласан учир “Цэцэрлэгийн Нонна” гэж мэргэжлийн нөхөд дундаа нэршжээ. Бидний яриа цэцэрлэгийн орчин, хүүхдийн эрүүл мэнд, багш бэлтгэх сургалтын талаар өрнөсөн юм.

 

-Та 59 дэх жилдээ цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, ном бичиж дуу хоолойгоо илэрхийлж явна. Энэ хугацаанд хүүхдүүдийн төлөө хийсэн таны хамгийн бахархалтай ажил юу вэ?

 

-1994-2007 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, сайн дурын багш нартайгаа хамтран цэцэрлэгт хамрагдаагүй 2500 хүүхдэд гэрээр болон танхимаар сургалт явуулж нэгдүгээр ангид бэлтгэн оруулсан. Тэр үед би “Өүлэн ээжийн төв”- ийн тэргүүнээр ажиллаж байлаа. Сургалтад хамрагдсан хүүхдүүд одоо бүгд их, дээд сургууль төгсч ажлын байран дээр гарчээ.

 

-Сургуулийн өмнөх насны хүүхдийн нийгэмд эзлэх байр суурь болон эрх зөрчигдөж байгаа талаар та багагүй ярьдаг. Таны бодлоор хүүхдийн эрх яаж зөрчигдөж байна вэ?

 

-Цэцэрлэгийн барилга барьснаар хүүхдийн нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэж байна гэж ойлгож болохгүй. Тэдгээр хүүхэд эрүүл, аюулгүй тав тухтай орчноос гадна оюун ухааныг нь тэлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэх талаар олон ажил хийх хэрэгтэй байна. Нэн ялангуяа Монгол уламжлалт тоглоомуудаа сурталчлан таниулах нь чухал. Насных нь онцлогт тохирсон тоглоом наадгайг тоглуулж, зааж өгвөл сэтгэхүй нь сайн хөгжинө. Өнөөдөр хүүхдийн цэцэрлэгийн төсөв улсын төсвийн үлдэгдлээс хамаарна гэж ярьдагт би сэтгэл дундуур явдаг. Яагаад гэвэл хүүхдүүдийг номоор хангах, цагаан хэрэгсэлтэй болгох, хүүхдийн эрүүл ахуйд нийцсэн модон сандал, ширээ, тавиуртай байлгахад улсаас хуваарилсан төсөв нь хүрэлцдэггүй. Нөгөөтэйгүүр цэцэрлэгийн хүүхдүүдийн өмнө хэрэглэж байсан модон ор хаачсан бэ гэж зарим эрх мэдэлтнээс асуумаар санагддаг. Үүнийг нэг ч хүн хөндөж ярихгүй байгаад би гайхдаг. Бага насны хүүхдүүдийг цементэн шалан дээр гудас дэвсч, газарт унтуулдаг туршлага хаанаас манайд нэвтрэв. Миний мэдэхээр дулаалгын системд холбогдсон, модон шалан дээр хүүхдүүдийг унтуулах, хөл нүцгэн явуулдаг туршлага Сингапур, Макао, Солонгос зэрэг дулаан уур амьсгалтай оронд бий. Гол нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай хүйтэн оронд хүүхдийг газарт унтуулах нь яавч зохистой зөв үзэгдэл биш. Бага насны хүүхдүүдийг эрүүл өсгөн бойжуулах үүднээс унтлагын өрөөтэй барилгыг тэр үед барьж байлаа.

 

-Улаанбаатар хотын цэцэрлэгүүд ачааллаа дийлэхээ больсон. Нэг бүлэг 60-70 хүүхэдтэй байна. Хүүхэд олноор цугласан нөхцөлд эрүүл, аюулгүй орчныг нь хэрхэн хангаж ажиллах ёстой вэ?

 

-Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг эрүүл чийрэг өсгөн, торниулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийг агаар салхинд гаргаж чадахгүй байгаа. Олон улсын эрүүл ахуйн стандартаар хүүхдүүдийг өдөрт хоёр удаа 3-4 цагийн хугацаатай гадаа тоглуулах, гүйлгэх, дулааны улиралд өдрийн унтлагыг гадаа хийх нь чухал гэдэг. Энэ дундаа манай цэцэрлэгүүд аялал, зугаалга гэдгийг үйл ажиллагаанаасаа хассан. Нэг ёсондоо хүүхдүүд өдөржин вакуумжсан цонхтой, халуун, агааргүй орчинд тоглох, унтах зэрэг үйлийг хийж байна. Шалтгаан нь мэдээж нэг анги 40-70 хүүхэдтэй, үүнд нэг багшийн хүч хүрэлцэхгүй байгаа явдал юм. Нэг бүлэгт байх ёстой хүүхдийн тоо нормативыг зөрчиж ийм олон хүүхдийг нэг умгар өрөөнд шахцалдуулж байгаа нь мөн л хүүхдийн эрх зөрчиж байгаа үзэгдэл. Олон улсын стандартаар бол нэг бүлэг 20-30 хүүхэдтэй, хоёр ээлжийн мэргэжлийн багштай байх учиртай юм. Цэцэрлэгийн ихэнх ширээ, сандал хуванцар материалтай болсон байна. Ер нь олон хүүхэдтэй хамт байгаа хүүхэд хөдөлгөөний сааталд орох, хуванцар, хүйтэн ширээ сандал дээр өдөржин суух зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд муу. Энэ мэт хүүхдийн эрүүл мэндийг хохироож байгаа асуудлыг цаг алдалгүй цэгцлэх нь чухал болсон.

 

-Цэцэрлэгийн багш дутагдалтай байгаа талаар байнга ярьдаг. Ер нь багш бэлтгэх талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

-Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, зөвлөх багш, судлаач багш нарыг бэлтгэдэг байдлыг эрс өөрчлөх шаардлагатай. Ялангуяа цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, судлаач нарыг дээд сургуульд бэлтгэдэг болмоор байна. Яг үнэндээ тэд бүгд адилхан программаар хүмүүжүүлэгч багшийн л мэдлэгтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс цэцэрлэгийн бодлого хариуцаж, хэрхэн өөрчлөх талаар мэдлэг үнэхээр дутмаг байгаа. Хүмүүжүүлэгч багш нарт хатуухан хэлэхэд тэд зөвлөх төдий л байна. Гадаадад туршлага судалсан гэх боловч гадаад хэлээр материал судалж, өөрийнх болгох нь хангалтгүй байна. Гадаадад явж цэцэрлэгүүдийн гаднах байдлыг үзсэнийг туршлага солилцсон гэхгүй. Гол нь үзэж, уншсан зүйлээ удирдаж байгаа цэцэрлэгтээ нэвтрүүлэх нь чухал байна. Хүүхдэд хайртай, зүрх сэтгэлтэй, тэднийг асарч хүмүүжүүлэх хүсэлтэй, хүүхдийн төлөө ажиллах сонирхолтой хүнийг элсүүлж, сургавал үр дүнтэй. Ер нь цэцэрлэгийн багшийг хүмүүжүүлэгч багш бэлтгэсэн хүнээр хийлгэж, халтуур хийхээ зогсоох хэрэгтэй шүү.

 

-Олон хүүхдийн дунд өдрийг өнгөрүүлдэг багш нарын эрүүл мэндийн асуудал орхигдоод байх шиг санагддаг. Ер нь энэ талаар холбогдох байгууллагууд юу хийх шаардлагатай вэ?

 

-Энэ талаар надаас биш холбогдох газруудаас асуух хэрэгтэй байх. Би 1970 оноос хойш “Цэцэрлэгийн багшийг хоёр ээлжийн багштай болгоё” гэсэн санал тавьж байна. 50 гаруй жил энэ талаар санал оруулсан боловч мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар асуудлыг огт яриагүй. Цэцэрлэгийн багш нар зөвхөн ажилдаа өдөрт 10-12 цагийг зарцуулж байна. Энэ утгаараа цэцэрлэгийн багш нарын зөвхөн эрүүл мэндэд биш нийгмийн асуудалд нь онцгой анхаарах цаг болсон. Өнөөдөр цэцэрлэгийн багш нар 40-70 хүүхдийг хариуцан хүлээн авснаар, өвдөх, эмнэлэгт очих, мэргэжил дээшлүүлэх, гэр бүлээ халамжлах цаг гаргаж чадахгүй байна. Үүний уршгаар олон багш өрх толгойлж, бас ядаргаанд орж байна.

 

-Хүүхдийн цэцэрлэгийг нэмэгдүүлэх боломж олон байна гэж та нэг биш удаа ярьж байсан. Тэгэхээр өмнө нь хэрэгжүүлж байсан ямар туршлагаар хөрөнгө, мөнгө хэмнэж цэцэрлэгийг олноор нь бий болгож болох гээд байна вэ?

 

-Улсын төсвөөр ажиллаж байсан цэцэрлэгүүд бүтэн жилээр 1990 он хүртэл ажилладаг байсан туршлага манайд бий. Мөн зуны улиралд зусланд гарч бага насны хүүхдүүдийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байсныг сэргээх хэрэгтэй. Зун ихэнх хүүхэд хотын шороонд, хашаан дотор эзэнтэй, эзэнгүй өдрийг өнгөрөөж, зарим нь агаарт гарч эрүүлжиж чадахгүй байгаа. Иймд улсаас онцгой анхаарч ирээдүйн эзэд болсон хүүхдүүдээ “Эрүүл монгол хүн” болгохын тулд зуны цэцэрлэг ажиллуулан, хүүхдүүдээ хамруулах шаардлагатай байна. Мөн хөрөнгө, мөнгө хэмнэх зорилгоор, эцэг эхийг чирэгдүүлэхгүй, хүүхдийг ядраахгүйн тулд Улаанбаатар болон аймаг, суманд баригдаж байгаа өндөр барилгад газрын зөвшөөрлийг олгохдоо барилгын 1-2 давхрыг хүүхдийн ясли, цэцэрлэг байгуулбал зөвшөөрөл өгдөг болгох нь чухал. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд гэрээр явуулын баг явж сургалт явуулж байсан. Энэ бүх уламжлалыг сэргээвэл цэцэрлэгт хүүхэд хамрагдаж чадахгүй байна гэсэн гомдол багасч, хүүхэд цэцэрлэгийн сургалтаас хоцрогдохгүй боловсрох боломжтой юм.

 

-Хүүхэд харах үйлчилгээг та цэцэрлэгийн харьяанд болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид дангаараа үйл ажиллагаа явахад юу нь болохгүй байгаа юм бэ?

 

-Хүүхэд харах, хоол өгөх, унтуулах зэргийг хүүхэд харах үйлчилгээ гэж ойлгож болохгүй. Дээр нь хүүхэд харах үйлчилгээ ажиллуулдаг хүмүүсийн ихэнх нь мэргэжлийн биш хүмүүс байгаад ахмад багш бид нар шүүмжлэлтэй ханддаг. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг яагаад БСШУСЯ-ны мэдэлд авахгүй мэргэжлийн биш Хүн ам, нийгмийн хамгааллын яамны мэдэлд өгснийг бас гайхдаг. Хүүхэд харах үйлчилгээг цэцэрлэгийн салбар бүлэг болгох хэрэгтэй. Мэргэжлийн багш тавьж, мэргэжлийн туслалцаа байнга үзүүлдэг болгох нь чухал байна. Нуулгүй хэлэхэд өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээ гэр бүлийн бизнес болсон. Тиймээс үүнийг мэргэжлийн яаманд нь өгч хариуцуулмаар байна. Сүүлийн үед төрж байгаа хүүхдүүд сэтгэхүйн өндөр хурдтай болсон. Орчин үеийн 0-2 насны хүүхдүүдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх системийг улам боловсронгуй болгох нь эрдэмтэн, судлаачдын өмнө тулгарсан асуудал. Гэтэл манай оронд бага насны хүүхдүүдийн тэр их хөгжлийн хурдыг Хүүхэд харах үйлчилгээ нэрээр зогсоож болохгүй. Үүнийг мэргэжлийн талаас улам боловсронгуй болгож, санхүүжилтыг нь цэцэрлэгийн мэдэлд бас шилжүүлж, хянуулах хэрэгтэй.

 

Б.Даариймаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • enkhmaa (27.123.214.81)

    2017-01-20

    yari

  • (103.10.23.157)

    2017-01-20

    Ehleed hvvhed harah vilchilgeegeer orood taniltdaad yamar vil ajilgaa yawuuldag tend yag yamar vhvvhdvvd yawdgiin neg taniltsaarai mundag setgeltei hogjvvleh chadwar harinch tsetsetlgees dawuu zvil olon bga bagsh nariin surgaltand hamruulaad hogjvvleed ogoh ni chuhal niitden ingej dvgnej bolohgvi baihaa

  • (59.153.114.74)

    2017-01-19

    ЗӨВ ШҮҮ

  • NASA (202.21.106.161)

    2017-01-19

    uneheer zuv asuudluudiig hundjee. argagui l buun turshlaga.