Монгол улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн дэлхийн 46 дахь улс

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын эхэнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуун нар төвийнхөө үйл ажиллагаа болоод тулгарч буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө.

Монгол Улс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн дэлхийн 46 дахь улс бөгөөд өдгөө 28 хүнд тус хагалгааг амжилттай хийжээ.

Эмч нарын зүгээс Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зарим дутагдалтай тоног төхөөрөмж болон эмч нарын орон тоо, байрны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүдэд дуулгалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг УИХ-ын гишүүдийг тус төв дээр ажиллаж байгаад талархал илэрхийлээд, байнгын хорооны өчигдрийн хурлаар Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг хэлэлцүүлсэн. Энэхүү хууль батлагдан гарснаар донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт боловсронгуй болох юм гэв. Тэрээр цааш хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал маш хүнд, халаадаа нэвтэртэл хөлсөө гаргаж байгаа хэдий ч тэвчээд л ажиллаад байдаг. Маш бага цалингаар асар том хариуцлагыг үүрч явдаг. Бид энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа гэв.

УИХ-ын гишүүдийн зүгээс тус төвийн эмч нар энэ их ажлыг амжуулаад, хийж чадаад, одоо харин тулгамдаж буй асуудлаа төр засагтаа хэлээд сууж байгаад нь бахархаж байна. Энэ бол өөрсдийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаагийн бодит дүр зураг. Энэхүү иргэдээ гэсэн шаардлагыг төр хүлээж авахгүй байх эрхгүй. Та бүхний ажил болоод төвийнх нь үйл ажиллагааг дэмжиж байна гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)