Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд вирусын шинжилгээ хийх шинэ загварын аппараттай боллоо

Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд “Рийл Тайм Пи Си Ар” загварын вирусын шинжилгээ хийх зориулалттай шинэ аппараттай боллоо. Үүнийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Токио хотын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж байгаа юм. 75,5 сая орчим төгрөгийн өртөгтэй энэхүү аппарат Монгол Улсад Дорнод, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт олгогдож байна.

“Рийл Тайм Пи Си Ар” аппарат нь томуугийн вирусээс гадна элэгний B, С вирус гэх мэт маш олон төрлийн вирусын шинжилгээг хийх хүчин чадалтай. Мөн ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад олон төрлийн оношлуур ашиглан ажиллуулах бүрэн боломжтой. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хэлэхдээ “2010 онд ДЭМБ-ын дэмжлэгээр бид Вируслогийн лабораторитой болсон. Энэ хугацаанд 1500 орчим хүнд шинжилгээ хийж 190 нэр төрлийн вирус илрүүлсэн байна. Өнөөдөр үүний дараагийн загварыг хүлээж авч байгаа нь маш том дэвшил боллоо” хэмээн онцоллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)