“Сайн аав” хүн бүрт байдаг сайхан дурсамжийг сэдрээнэ

        Гэрэл зургийн цомог гэдэг айл бүрт байх ёстой хамгийн чухал зүйл. Сүүлийн үед компьютертээ гар утсандаа зургаа хадгалаад цомогоо арвижуулах нь багасч. Гэрэл зургийн цомогтоо зургаа нандигнан хадгалах нь таны амьдралын үнэтэй хором мөч бүрийг эргэн сануулж, түүнээсээ сургамж авч, бас баярлан бахдах сэтгэлийг дэврээж байдаг юм шүү. Тиймээс цомгоо гаргаад нэг дэлгээрэй. “Сайн аав” киног үзээд гарахдаа өөрийн эрхгүй гэрэл зургийн цомгоо дэлгээд сайхан дурсамжуудаа сөхье байз гэж бодлоо.

 

 

Энгийн л нэг борог амьдралтай таксины жолооч залуу Т.Даваасүрэн таван хүүхэдтэй айлын өрхийн тэргүүн. Тэр хүүхдүүддээ хайртай, тэднийхээ төлөө амьдралынхаа сүүлийн мөч хүртэл зүтгэсэн. Тэр богинохон насалсан ч урт түүхтэй, эргэн санаж үгүйлэх олон дурсамжийг үр хүүхэд ар гэр найз нөхөддөө үлдээжээ. 2012 онд тэднийд “Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн зочлоход, үзэгчдэд гэрэл гэгээ энерги бэлэглэсэн залуухан олон хүүхэдтэй залуусын талаар хэсэг зуур яриад л өнгөрсөн. Тэгвэл гурван жилийн дараа “Хэн нэгэн иргэний хөрөг” нэвтрүүлгийнхэн түүний дотоод ертөнцийг уудалж, хүнд тус дэм багаддаггүй гэдгийг үзэгчдэд мэдрүүлж, энэ нэвтрүүлэг олон нийтийн сүлжээгээр тархсан юм. Өнөөдрийн нийгэмд хүний мөч чанар хамгийн их үгүйлэгдэж байгааг энэ удаад үзэгчид хамгийн ихээр анзаарсан гэж болно.
 

Т.Даваасүрэн гэдэг энгийн эгэл залууг монголчууд эчнээ таньдаг болсон тэр үеэс. Уг нь тэр гучин хэдхэн настай .Гэвч өнөөдөр энэ хорвоо дээр алга. Өвчин гэдэг хүнийг нас зүс зааж ирдэггүй болохоор нэг л өдөр залуухан аавыг нь таван хүүхдээс нь авч одож. Гэхдээ амьд мөртлөө үхсэн мэт амьдардаг хүн байхад үхсэн мөртлөө амьд мэт орших хүн ч байдаг гэдэг үг түүнд зориулагдсан мэт хүүхдүүддээ нөмөр нөөлөгтэй аав хэвээр оршоор байгаа юм. Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан “Простар” фильмээс “Сайн аав” киног бүтээж дэлгэцнээ гаргалаа. 
 

 

Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн тус киноны гол дүрд жүжигчин, найруулагч СТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин СТА Ш. Жавхлан, таван хүүхдийнх нь дүрд өөрийнх нь том охин Д.Энхжин болон  жүжигчин И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тоглосон байна. Т.Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэ киноны продюсераар “Про стар” фильмийн захирал С.Чулуунтогтох, ерөнхий найруулагчаар С.Бүжин ажиллажээ. Киноны нээлтийн үеэр түүний ажиллаж байсан UB такси компанийн зүгээс унаж байсан 12-24 дугаартай машиныг нь гэр бүлд нь бэлэглэсэн юм. Амьдрал гэдэг гэгээн мөртэй хүнийг нөгөө ертөнцөд очсон хойно нь ч шагнадаг юм байна. Үдшийн бүрий тасарсан хойно мэдээ зараад гүйж явсан бяцхан охиныг гэртээ хурдан хариг гээд олсон хэдэн төгрөгөөрөө мэдээг нь авчихаад хүргэж өгөөд сэтгэл дүүрэн харьсан залуугийн таван хүүхдэд өнөөдөр сайхан сэтгэлт олон олон хүн дэм болж байгааг тэр тэнгэрээс харж л байгаа. Залуу уран бүтээлчдийн хийсэн “Сайн аав” кино бол хэтрүүлэгтэй, өрнөлтэй, тэмцэл тулаантай уран сайхны бүтээл биш. Энэ бол энгийн эгэл амьдралын түүх байлаа. Олон хүн талархах сэтгэл өвөртлөн нүдэнд мэлтэлзэх нулимсаа арчин, амьдралынхаа сайхан агшнуудыг эргэн дурссаар гарлаа. Кино уран бүтээлчдэд талархал дэвшүүлэн үзэгчид алга ташиж байлаа. Хүн бүр харьж зургийн цомгоо нэг дэлгээд, өнгөрсөн сайхан дурсамжуудаа санах хүсэлд хөтлөгдөн гарсан нь тодорхой.

 

Зургийн цомгоо дэлгэлээ.

 

Т.Даваасүрэн агсны гэр бүл өнөөдөр “Шинэ Толгойт” төслийн орон сууцанд амьдарч байгаа  юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)