Ч.Насантогтох: Үндэсний шигшээ багийг бүрдүүлэхтэй зэрэгцэн мэргэжлийн сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй

 

        Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.НАСАНТОГТОХТОЙ ярилцлаа. Тэрбээр Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа билээ. -

 

Токиогийн олимпын цикл эхэлж буй энэ үед спорт холбоод шигшээ багаа бүрдүүлэх гээд хөл хөдөлгөөн ихтэй байна. Үндэсний шигшээ багийн хэлтсийнхэн хэрхэн ажиллаж байна вэ?

 

-2016 оны олимпын тоглолт дуусаад нэг мөчлөг өнгөрч байна. Оноос өмнө үндэсний шигшээ баг байгуулах талаар ярилцаж байсан. Дүрмээрээ 90 хоногийн дотор үндэсний шигшээ багийг байгуулах ёстой. Бүтэц зохион байгуулалтаас болоод сунжирч байна. Өнгөрсөн сард БСШУСын сайдын тамирчин, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах А131 тоот тушаал гарсан. Энэ журамд улсын шигшээ багийг яаж бүрдүүлэх вэ, ямар төрөл, орон тоогоор байгуулах вэ гэдэг чиглэл журмыг гаргаж өгсөн. Үүний дагуу холбоод энэ долоо хоногоос хоёрдугаар сарын 1-ний хооронд үндэсний шигшээ багийг байгуулахаар ажил ид өрнөж байна. Сайдын гаргаж өгсөн журмын дагуу зөвлөлтэй болсон. БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Чинбатаар удирдуулсан спортын голдуу долоон хүн ажиллаж байна. Энэ хүн өөрөө чөлөөт бөхөөр барилдаж байсан туршлагатай. Бид Биеийн тамир спортын тухай хуультай болсон. Хуулийн 18.2-18.4 заалтын дагуу үндэсний шигшээ багийг төрөөс зохион байгуулах дүрэм журамтай байсан. Сая журамд өөрчлөлт орж холбоод руу анхаарлаа хандуулъя, тэдний бие даасан үйл ажиллагааг сайжруулъя гэсэн хэлэлцүүлэг боллоо. Үүний дагуу холбоод үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг сонгоно. Сонгогдсон тамирчин дасгалжуулагчид маань үндэсний шигшээ баг, Биеийн тамир спортын газартай гэрээ байгуулаад 2020 оны олимпод бэлтгэх ажил их өрнөж байна. Одоогоор чөлөөт бөх, бокс, жүдо зэрэг голлох төрлийнхөн сонгон шалгаруулалтаа хийж байна. Холбоод дэргэдээ сонгон шалгаруулах зөвлөлтэй. Тэр зөвлөлийнхөн бие даагаад шалгалтаа авч байна. Дасгалжуулагчдын хувьд хүндрэлтэй шалгалт байхгүй. Компьютер, англи хэл болон онолын мэдлэг, допинг, эм зүйн талын мэдлэг сайн, зохих ёсны мэдлэгтэй байх ёстой гэсэн шаардлагад үндэслэн шалгалтыг авч байна.

 

-Шинэ он гарснаас хойш хэд хэдэн холбооныхон 2017 оны улсын аваргуудаа тодрууллаа. Энэ тэмцээнд үндэслэн зарим холбоо шигшээ багаа бүрдүүлж байгаа болов уу?

 

-Спортын голлох төрлүүдээр улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгууллаа. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь 2020 оны олимпод оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах юм. Одоо 200-аад тамирчин, 30 гаруй дасгалжуулагч үндэсний шигшээ багт нэр дэвшин орж ирэх ёстой. Хоёрдугаар сарын 15-наас ажил жигдрэ байх. Одоо тэмцээнүүд эхэлж байна. Хоёрдугаар сарын 19-26-нд өвлийн спортынхон маань Японы Саппорог зорих гэж байна. Зуны төрлүүдээс жүдогийнхон Францад болох тэмцээнд оролцоно. Чөлөөтийнхөн Красноярскийн тэмцээнд оролцохоор явсан байна. Эдгээр тэмцээнд оролцох тамирчдын зардлыг холбоод бие даан шийдвэрлэсэн.

 

-Олимпын цикл эхэлж буй энэ цагт зарим спортын төрлийн туршлагатай тамирчин зодог тайллаа. Албан бусаар жүдогийн эмэгтэй тамирчдаас П.Лхамдэгд, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа нар зодог тайлж байгаа талаар мэдээлэл гарлаа. Эдгээр тамирчдыг олимп, дэлхийн тэмцээнд бэлтгэж байсан таны хувьд сэтгэгдэл ямар байна вэ?

 

-Намайг жүдогийн дасгалжуулагч байсан болохоор энэ талаар сонирхоод байх шиг байна. Аливаа зүйлд насны хязгаар гэж байдаг. 2004-2016 оны гээд олимпод бэлтгэсэн тамирчид маань сүүлийн гуравт нь сайхан амжилт гаргасан. Энэ хүүхдүүд зодог тайллаа. Аргагүй л дээ. Амжилт нь нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдэж байсан учраас үгүйлэх үе ирж байна. Эмэгтэйчүүдийн хувьд манай 52 кг-ын жинд Бундмаа олимп, дэлхий, тивийн мундаг тамирчин байлаа. 63 кг-ын жинд Мөнхзаяа олимпод оролцсон туршлагатай тамирчин. Лхамдэгд маань Азийн тэмцээн, олимпод амжилттай оролцож байсан. Үүн дээр Цэрэнханд гуравдугаар сард зодог тайлж, дасгалжуулагч хийхээр болсноо дуулгалаа. Эрэгтэйчүүдээс Цагаанбаатар, Түвшинбаяр, Ням-Очир гээд сүүлийн гурван олимпын нүүрийг тахалж явсан тамирчид маань дасгалжуулагчийн албанд шилжих гэж байна. Эд маань барилдахгүй ч дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн нь сайхан үйл явдал юм. Хүмүүст эдний тухай “Дөнгөж 30 нас хүрч байж яагаад зодог тайлж байгаа юм бэ” гэж асууж байна. Тамирчид олон жил жин хасдаг, спортын төлөө бие сэтгэлээ өгч, бэртэл гэмтэлгүй хүн гэж бараг байдаггүй юм шүү дээ. Насны эцэст өвддөг, биегүй л болдог хүмүүс. Жин хасч олон хоног хоол ундгүй явна. Хүний биед байх шаардлагатай тэжээлтэй зүйл хөлсөөр ялгардаг. Үүнээс болж амархан бэртдэг гээд тамирчин хүний зовлон олон. Энэ бол тамирчин хүний амьдрал юм даа.

 

-Н.Түвшинбаяр аварга зодог тайлах тухай яригдаагүй байхад та хэллээ. Зодог тайлна гэж өөрөө танд хэлж байв уу?

 

-Дараагийн олимпод барилдах бодолгүй, цаашдаа бусдадаа туслаад явах талаар надад хэлсэн.

 

-Аваргуудын амжилтыг үргэлжлүүлэх залуу тамирчид ар араасаа гарч ирж байна. Тэднээс таны нүдэнд туссан тамирчин бий юү?

 

-Сая жүдогийн 60 кг-ын жинд хоёр шинэ хүүхэд гараад ирлээ. Ер нь залуучууд гарч ирж байна. Энэ нь Бээжингийн олимпоос манай тамирчид алтан медаль авснаас үүдэлтэй. Тэр үеэс жүдо, боксоор хичээллэх хүсэлтэй хүүхэд олширсон. 1970-аад оны үед намайг сургуульд төгсөөд ирэхэд жүдогоор хичээллэдэг хүүхэд цөөхөн, олддоггүй байлаа. Хүмүүс сайн ойлгодоггүй байсан юм. 1980 онд Москвагаас Дамдин, Даваадалай нар анхны медаль авсан. Үүнээс улбаалаад 1980 оноос жүдогоор хичээллэх хүсэлтэй хүүхдийн тоо харьцангуй олон болсон. Спортоор хичээллэх хүн олон болохоор хөгжил авчирдаг. Одоо залуучуудын тэмцээнд 700 хүүхэд оролцож байна. Жүдо, боксын суурь тавигдлаа. Цаашид улам хөгжих байх гэж бодож байна. Үзэгчид ч гэсэн олимп, дэлхийн аваргын тэмцээнээс тамирчдаа алтан медаль л авна гэж хардаг болжээ. Ийм төвшинд хүртэл зарим спортын төрөл хөгжиж байна. Монголд спортын 60 гаруй төрөл байна. Үүний дотор шинээр гарч ирээд удаагүй спортын төрлүүд ч бий. Хамт олныг бүрдүүлдэг багийн спортын төрөл ч байна. Тиймээс багийн спортыг хөгжүүлэх ёстой. Үүнээс гадна байнгын болон байнгын бус шигшээ гэж байх юм. Олимп, дэлхий, тивийн аваргаас медаль авч байгаа төрлүүдийнхэн байнгын шигшээд байна. Сагсан бөмбөг, гар бөмбөг болон залуучуудын дунд шинээр гарч байгаа нь байнгын бус шигшээд хамаарагдах юм. Энд багтсан тамирчин, дасгалжуулагчид шигшээ багийн хангамжийг авч, цугларалтад гарна. Энэ бодлогыг би дэмжиж ажиллана. Г.Шаравжамц маань ч өөрөө сагсан бөмбөгийн тамирчин хүн учраас багийн спортыг хөгжүүлэхэд санаа тавьдаг.

 

-Хэдэн арван сая хүн амтай улсын тамирчин олимпоос медаль аваагүй байхад гурван сая иргэнтэй Монгол Улс аль хэдийнэ бөмбөрцгийн тамирчидтай болжээ. Ингэж амжилтад хүрэхэд хөшүүрэг болж байгаа гол зүйлийг юу гэж та боддог вэ?

 

-Ерөөсөө л эзэн Чингисийн үеэс байсан барилдах, харвах зэрэг төрөлд бид илүү амжилт гаргаж байна. Олон зуун жилийн үе уламжилсан юм бий. Мөн дэлхийд байхгүй цэвэр агаар, хоол хүнс хөдөө байдаг. Тиймээс монгол хүний бие сайн байна. Гадаадын хүмүүс “Монгол мах идье” гэдэг. Үнэхээр байгалийн өвс ургамал идсэн малын мах, цагаан идээ ямар байдгийг тэд мэдсэн учраас Монголыг зорьж ирж байна. Бид ингэж органик зүйл өдөр тутамдаа хэрэглэж байгаа болохоор монгол хүний эрүүл мэнд сайн байдаг. Энэ мэт олон зүйлээс шалтгаалан манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх хүсэлтэй баг цөөнгүй бий. Зун бол агаар сайхантай гээд тэд Монголд ирэх дуртай.

 

-Манай тамирчдыг гадаадынхан их сонирхдог болжээ. Өндөр хангамж амлаж тамирчин, дасгалжуулагчаар урьдаг болсон байна. Энэ нь Монголын тамирчдын ур чадвар дэлхийд ямар байгааг илтгэж байгаа ч эргээд ирээдүйн олимп, дэлхийн аваргаа гаднынханд алдчихаад байгаа нь харамсалтай биш үү?

 

-Манайх мундаг болсон нь мэдэгдэж байна. Хэзээ бид легионер тамирчдаа гадагш нь явуулж байлаа даа. Манай тамирчдын ямрыг гаднынхан биднээс илүү мэдэж байна. Отгонцэцэгийг харж авсан Казахстаны дасгалжуулагч нүдтэй байна. Ингэж бидний мэдээгүй зүйлийг гаднынхан олж хараад хоёр, гурван жилийн өмнөөс гуйсаар байгаад аваад явсан. Монголчууд тэдэнд “Отгонцэцэгийг аваач” гэж хэлээгүй. Манай тамирчдыг сонирхож олон хүн ирж байна. Сая болсон жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр Азербайжанаас хоёр, гурван хүн ирсэн. Тэд тэмцээнийг үзэж, бүтэн гурван өдөр суусан. “Монголын эмэгтэй тамирчдаас хэдийг авмаар байна. Бид улсынхаа нэрийн өмнөөс тэмцээнд оруулъя” гэсэн. Тиймээс энэ талаар жичдээ ярих л асуудал. Манай олон сайн тамирчин Америкт амьдарч байна. Монголын нэрийн өмнөөс олимпод оролцож байсан гэхээр тэд ногоон картаа шууд тамирчдад өгдөг. Манай олимпын медальт Дамдингийн хүү Сүлдгэрэл Вашингтонд дасгалжуулагчаар ажиллаж байна. Сан-Францискод Мөнхбаясгалан гээд 73 кг-ын жинд барилдаж байсан хүүхэд дасгалжуулагч хийж байгаа. Канадад дасгалжуулагчаар ажиллаж байгаа Лхамсүрэн тэдний тамирчдыг дэлхийд гаргаад ирлээ. Монголын дасгалжуулагчдын ур чадвар ямар байгааг энэ бүхэн илтгэж байна. Намайг хүртэл 2012 оны олимпын дараа Хөх хотод дасгалжуулагчаар ажиллуулсан. Хятадын бүх ард түмний спартакиад болдог. Тэд спартакиадаас ганц ч медаль авч байгаагүй гээд надад хандсан. Би жил зургаан сарын өмнө очиж хоёр алтан медаль авахуулсан. Монголын дасгалжуулагч дэлхийн томоохон улсын анхаарлын төвд орчихоод байна шүү дээ. Оросын чөлөөт бөхийн мундаг дасгалжуулагч байдаг. Энэ хүн олимпын аваргуудыг олж авчирсан гавьяатай. Манайд ийм ажиллагаа дутаад байна. Биднийг хөдөө орон нутгаар явуулах хэрэгтэй. Бөхийн спорт манай газрын хөрсөнд ургачихсан байна. Наадмаар их насны хэдэн морь уралддаг билээ дээ. Морь унаад явж байгаа хүүхэд бүхэн л олимп, дэлхийн аваргууд байгаа. Тэр хүүхдүүд зоригтой, тэвчээртэй, сэргэлэн байдаг. Уяачид нь тэдэнд морь унах монгол ухааныг заагаад өгчихсөн. Тэгэхээр монгол хүний оюун гэдэг өөр юм. Урнаа, Түвшинбаяр гээд бүгд л морь унаад явж байсан хүүхэд шүү дээ. Ер нь хурдан морины нуруун дээр гарч үзээгүй монгол хүүхэд байхгүй дээ. Би ч гэсэн бие жижигтэй байсан болохоор зургаан настайгаасаа морь унаж л байсан.

 

-Таны өвөрмонголчуудтай хийсэн гэрээ дууссан уу?

 

-Гэрээгээ дуусгаагүй хүрч ирсэн ч тамирчидтайгаа холбоотой байгаа. Энэ оны есдүгээр сарын 25-нд бүх ард түмний спартакиад болно. Одоо намайг эмэгтэйчүүдийг медальд хүргэ гээд байгаа. Юу болж байгааг мэдэхгүй байна. Намайг тэнд байхад Г.Шаравжамц гавьяат маань ирж ажиллаач гэсэн санал тавьсан.

 

-Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Отгонцэцэгийн гэрээ хэдийд дуусах билээ?

 

-Отгонцэцэг Казахстаны иргэн болчихсон. Энхбаатар багш Казахстаны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч боллоо. Өөрөөр хэлбэл, 2020 хүртэл Энхбаатар багш Казахстанд дасгалжуулагчаар ажиллах гэрээ байгуулсан.

 

-Танаас нэг зүйлийн талаар асууя гэж бодож байлаа. Манай зарим дасгалжуулагч өсвөрийн тамирчидтай буруу ажилласнаас эрүүл мэндээр нь хохироож, зүрхийг нь үхүүлж байна гэдэг. Ер нь залуу тамирчидтай хэрхэн ажиллах ёстой вэ?

 

-Чамтай санал нэг байна. Тухайн спортоор мэргэшсэн дасгалжуулагч манайд ховор байгаа юм. Өөрсдөө барилдаж байсан тамирчид л дасгалжуулагч хийж байна. Дээр нь дээд сургуулийн чанар муу байгаагаас энэ бүхэн шалтгаалаад байгаа юм. “Энэ сайн барилдаж байсан бөх” гээд дипломыг нь бичээд өгдөг болсон. Дээр үед өөр байсан. Баянаа, Мөөнөө аварга долоо, найман жил болж байж сургуулиа төгсч байсан юм билээ. 1990- ээд оноос сургалтын чанар алдагдсан. Тиймээс их, дээд сургуулиуд энэ тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа хүн анагаах ухааны талаар маш нарийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ талын мэдлэг манай дасгалжуулагчдад дутмаг байна. Үүнээс болоод 20-30 кг жинтэй хүүхдийг тэмцээнд оролцуулахын тулд таван кг хүртэл жин хасуулж байна. Бага насны хүүхдийн жинг ингэж хасч болохгүй гэж би маш олон удаа хэлсэн. Жинг нь хассанаас болоод ухаан алдаад сүүлдээ бурхан болсон сургамж бидэнд бий. Тиймээс Биеийн тамир, спортын газраас стандартчилалтай болгохоор ажиллаж байна. Ямар багш нарыг хүүхдүүдтэй ажиллуулах, дасгалжуулагчийн мэдлэг боловсрол ямар байх ёстой вэ гэдгийг нэг мөр болгох ёстой. Энэ нь спорт сонирхогчдын сэтгэл зовоосон асуудал байгаа юм. Хүүхдийн бие халаалтыг хүртэл яаж хийлгэх нь тусгай ажил. Тэгэхгүйгээр хэтэрхий хүнд бэлтгэл хийлгээд гэмтээж байна. Спортоор хичээллэхээр ирсэн хүүхдийг гурван сар бэлтгэл хийлгээд тэмцээнд оруулснаас болоод бэртдэг. Энэ буруу. Хамгийн багадаа жил болж байж тэмцээнд оруулах хэрэгтэй. Анхны тэмцээнээсээ бэртэл аваад шантарснаас хүүхдүүд зугатдаг. Тиймээс энэ талын ажлыг яаралтай цэгцлэх ёстой юм.

 

-Дээр нь бидэнд спортын сэтгэл зүйч хэрэгтэй байна. Олимп, дэлхийн тэмцээнд ялж яваад эцэст нь ялагдсан тохиолдол олон гарлаа. Энэ нь тамирчны сэтгэл зүйг бэлтгээгүйтэй холбоотой болов уу?

 

-Яг үнэн. Тэмцээний дараа дасгалжуулагчаас асуухад “Сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй байлаа” гэдэг. Өнгөрсөн олимпын дараа нь ч бүгд тэгж хэлсэн. Тийм учраас мэргэжлийн сэтгэл зүйч үнэхээр хэрэгтэй. Одоо үндэсний шигшээ багийг байгуулсны дараа сэтгэл зүйчийг давхар бэлтгэх ёстой юм. Сэтгэл зүй бол том шинжлэх ухаан. Тамирчин, дасгалжуулагчидтай ярилцах бус, сэтгэл рүү нь өнгийж орох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

 

-Гэхдээ манай тамирчид дунд өөрийнхөө дотоод хүнийг сонсч, төвлөрдөг хүн бий. Тухайлбал, Н.Түвшинбаяр аварга байна. Гэтэл залуу тамирчид хожиж яваад тэмцээний сүүлийн таван секундэд даруулчихдаг. Энэ бас л сэтгэл зүйтэй холбоотой юу?

 

-Сэтгэл зүй сайтай тамирчдыг дасгалжуулагч олж ажиллах ёстой. Би Түвшинбаярыг гайхдаг юм. Ер нь ийм гурван тамирчинтай л амьдралдаа таарсан. Түүний хоёр нь Түвшинбаяр, Нармандах. Энэ хоёр ямар ч тэмцээний үеэр бухимдаж, шатдаггүй. Тэмцээн уралдаанд яваад жин хасаад хүмүүс гүйлдэж байхад Түвшинбаяр унтаж л байдаг. Тэгэхэд бусад нь нервтээд нүд ам нь сонин болчихсон харагддаг. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй болчихсон байдаг. Нэг зүйлийн талаар сонирхуулъя. 2008 оны наймдугаар сарын 14-ний орой зургаан цагт финалын тоглолт эхлэх гэж байхад Түвшинбаяр унтчихсан байсан. Бид ч тухайн үед Түвшинбаярыг тамирчдын амрах өрөөнд оруулаад үүдэнд нь улсын начин Э.Энхбатад “Хэнийг ч оруулж болохгүй” гээд суулгасан. Элдэв хүн оруулбал сэтгэл санааг нь үймүүлнэ гэж бодохгүй юу. Тэгсэн хэсэг хугацааны дараа очиход Түвшинбаяр унтчихсан байсан. Сэрээхэд барилдааны талаар бодож сандарсан бухимдсан зүйл ер байгаагүй. -Энэ асуултыг яагаад асуусан бэ гэхээр бид ийм сайн тамирчнаараа эргээд залуучуудаа бэлтгүүлбэл мянга мянган Түвшинбаяртай болж чадна л гэж хэлэх гэсэн юм.

 

-2007 онд Риод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнд бид Түвшинбаярыг үнэмлэхүй жинд барилдуулж сорьсон. Манай хүн ч бидний итгэлийг алдаагүй, шагналт долоодугаар байрт шалгарч байсан. Үүгээрээ юу гэх гээд байгаа юм бэ гэхээр бие жижиг байх нь хамаагүй, тамирчны сэтгэл зүй гэж ямар хүчтэй зүйл байдгийг харуулсан. Ийм хүмүүсийг олж, сонгоно гэдэг нь ёстой мянгад нэг л тохиох зүйл байх даа.

 

-Тамирчдын маань бэлтгэл сургуулилтаа хийж байгаа газар эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс гадна олон асуудалтай. Энэ тал дээр ямар нэг ажил зохион байгуулахаар төлөвлөж байна уу? -Улс орны эдийн засаг хүнд байна. Шинээр барилга байгууламж барихгүй. Тиймээс хуучин бааздаа тулгуурлан ажиллана. 2017 оны хувьд тамирчдаа гаднын тэмцээнд явахыг нь хязгаарлана гэж бодож байгаа. Дотооддоо бэлтгэе, үндэсний шигшээ багийнхаа сонгон шалгаруулалтыг зөв хийе. Хотод бэлтгэл сургуулилт хийхэд хүнд байна. Тиймээс хөдөө бэлтгэлд гаргана. Хандгайт, Сонгинод байгуулсан зааланд бэлтгэл хийлгэх талаар ярилцана. Энэ мэтчилэн төвлөрсөн газруудад тамирчдын бэлтгэлийг хангах бодолтой байгаа. Бидний хувьд 2018 он олимпын гол бэлтгэлийн жил болно. Тэгээд 2020 оны долоодугаар сарын 26-нд олимп эхэлнэ дээ. Ер нь Токиогийн олимпод 2008 онд гаргасан амжилтаа давтана гэсэн зорилго тавьсан.

 

-Ерөөл бат орших болтугай.

 

-Баярлалаа. Удахгүй үндэсний шигшээ багаа байгуулаад тамирчдаараа тангараг өргүүлнэ. Тэр үед дахин уулзъя.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)