Зайлсхийх аргагүй хэрэглээ

Манай улсад бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл буюу картаар үйлчлүүлэх хэрэглээ, соёл нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Техник технологийн дэвшлийн үр дүнд аливаа хэрэглээ үйлчилгээ улам бүр цахимжиж, ухаалаг болсоор буй энэ цаг үед угаасаа картын хэрэглээнээс зайлсхийх ямар ч боломжгүй юм. 
Хэдхэн жилийн өмнө арилжааны төлбөрийн банкууд карт гаргаж эхлэхэд иргэд төдий л дасахгүй, гарт баригдаж нүдэнд харагдахгүй гүйлгээний цаана ямар нэг луйвар яваад байх юм шигээр төсөөлж, бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийн илүүд үзэж байсан билээ. Тэгвэл одоо картгүй, картын дансгүй, мөнгөний автомат машин буюу ATM-тэй харьцаж үзээгүй хүн, карт унших төхөөрөмжгүй үйлчилгээний байгууллага, хувь хүн ховор болжээ. 
Картаар үйлчлүүлж дадах нь бэлэн мөнгө авч явж байгаад алдаж үрэгдүүлэх, хуурамч болон хэрэглээнээс хасагдсан мөнгө хариултад авах, халаасан дахь хэддээ тооцоогүй хандаж, хамаагүй үрэх гэх мэт санхүүгийн олон эрсдлээс тухайн хүнийг хамгаалдаг. Хамгийн гол нь олон хүний гар дамжсан мөнгөнөөс янз бүрийн халдвар авахгүй, эрүүл ахуйн хувьд ач холбогдолтой юм. Эрүүл ахуй гэснээс өвчин үүсгэгч нянгийн 90 хувь нь бохир гараар, түүний дотор элдэв байдлаар бохирдсон нэг мөнгөн тэмдэгтэд дунджаар 26 мянга орчим бактери байдаг гэх судалгаа байдаг аж. 
Саяас дээш хүнтэй метрополис хотын хувьд аль ч салбарт картын үйлчилгээнээс зайлсхийх боломжгүй бөгөөд нийслэлчүүд картаар үйлчлүүлэх наад захын соёл эзэмшсэн байх ёстой. 
Нийтийн тээврийн салбарт ч бас үнгэгдэж хорчийсон цаасан мөнгө, уур уцаартай кондуктороос татгалзаж, картаар үйлчлэх олон улсын жишиг рүү ойртох алхам хийгдээд буй.  Тодруулбал, 2015 оноос нийтийн тээврийн автобуснууд кондукторын системийг халж анх удаа цахим картаар үйлчилж эхэлсэн билээ. Бэлэн мөнгөө кондукторт сарвайн тооцоогоо хийдэг үе өнгөрч, картаа төхөөрөмжинд уншуулдаг, чухамдаа гадаадын кинон дээрээс л харж байсан дүр зураг Улаанбаатарын автобусанд хэрэгжиж эхэлснээрээ нийслэлчүүдийн хувьд хөгжлийн нэг том алхам болсон гэж хэлж болно.
 Нэгэн үе хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан нийтийн тээврийн энэхүү дэвшилд иргэд ч дасч, автобусны карттай харилцаж сурч л байна. Уг картаар зөвхөн төлбөр хийгдээд зогсохгүй автобусны чиглэл, цагийн хуваарь зэрэг бусад мэдээллийг авч болохоор системчлэгдсэн аж.  
Гэвч аливаа шинэ үйлчилгээг аар саар асуудал дагадагчлан нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн талаас илүү хувь нь картын хэрэглээнд шилжихгүй, бэлэн мөнгөөр үйлчлүүлж байна. 

Ингэхдээ бэлэн мөнгөний хайрцагт “сүжгээрээ” хагас дутуу мөнгө хийх, урагдсан тасархай мөнгө шургуулах, 50, 100-тын дэвсгэртийн голд цаас хавчуулж зузаалах, төгрөгийг конандсан цаасаар үйлчлүүлэх гэхчлэн ухвар мөчид үйлдлүүд гаргаж, эдгээрээс улбаалж нийтийн тээврийн салбар ашиг олох нь бүү хэл алдагдлаа бууруулж чадахгүй байгаа юм. 
    Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд алдагдалтай ажиллах нь эргээд тэдэнд ч, иргэдэд ч хохиролтой бөгөөд үйлчилгээ нь сайжрахгүй, үйл ажиллагаа нь тэлэхгүй, тав тухгүй хэвээр байгаад байгаа юм. Гадныхан шиг автобус метрондоо тухалж, интернэтэд холбогдож, эсвэл ном сонин уншсан шигээ үйлчлүүлэхийн тулд иргэд наад захын соёл болох картын хэрэглээндээ бүрэн шилжмээр байна. 
    Холбогдох байгууллагууд нэгэнт картын системийг нэвтрүүлж, цэнэглэх цэг, унших төхөөрөмжтэй нь цогцоор шийдэж өгсөн байхад хүмүүс нь байнгын хэрэглээгээ болгохыг хүсэхгүй, өнөөх л  үрчгэр мөнгө, өнөө маргаашаа аргацаасан бусармаг үйлдэлтэйгээ зууралдаад байгаад л учир байна. Картын үйлчилгээг ердийн хэрэглээ болгоход үйлчилгээ үзүүлэгч, тухайн үйлчилгээг хүртэгч хоёрын хамтын хүчин чармайлт, харилцан ашигтай хүсэл эрмэлзлээс хамаардаг билээ. 
    Нөгөөтэйгээр нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хөнгөлөлтөд хамрагдсан иргэд байдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн албан хаагч, оюутан сурагч гэхчлэн хөнгөлсөөр байтал 500 төгрөгний тариф төлдөг нь цөөхөн хувийг эзэлнэ. Эдний дунд хөнгөлөлт эдлэх шаардлагагүй хэрнээ танил талаараа тал тохой татчихдаг хэсэг бийг ч хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Тэгвэл нийтээрээ картаар төлбөрөө хийж зорчвол хэчнээн хүн хэдэн удаа, аль чиглэлд, сэлгэн сууж байгааг тогтооно. Ингэснээр аль чиглэлийн автобус ачаалалтай байгаа, ямар чиглэлд дамжин суулт их байгаа зэргийг тодорхойлж, ямар хөнгөлөлт үзүүлэхийг шийдвэрлэх боломжтой болох юм.
 Манайхаас бусад хотын нийтийн тээвэр бүгд ийм системд шилжсэн бөгөөд  ингэснээр зорчиж байгаа иргэдийнх нь тоо, мөнгөнийх нь тоо нээлттэй тодорхой болох юм. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 40 хүрэхгүй хувь нь л цахим картаар зорчиж байна. 
Түүчлэн нийслэл хотын удирдлагууд картын үйлчилгээг дэмжиж, соёлтой, зохистой хэрэглээнд иргэддээ уриалсан эрмэлзэл сэтгэхүйтэй байх хэрэгтэй юм. Түүнээс биш доголдол дутагдал, бэрхшээлээс тоочвол нийтээрээ шинэчлэлд хөл тавьж чадахгүй, үрчгэр мөнгө, үглээ кондуктортойгоо, бие биеэ байтугай улсынхаа мөнгөн тэмдэгтийг ч хүндлэх сэтгэлгүй иргэдтэйгээ байсаар байх юм.      
    Нийслэлийн маань нийтийн тээвэр ийнхүү нэг алхам урагшилсан ч хоёр алхам хойшлоод байхаар “ухаалаг”, “найрсаг” гэх мэт тодотгол Улаанбаатарт маань ахадсан хэвээр байх болов уу.  

Б.Анар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)