Д.Далхжав: Ард түмний төлөөллийн хяналт төрийн өмчид байх ёстой

 

        ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч Д.ДАЛХЖАВТАЙ ярилцлаа.

 

-ОУВС-ийн шинжээчид манай улсад ирээд байгаа сурагтай. Ерөнхийдөө тус сангийн хөтөлбөрт манай улс хамрагдах нь тодорхой болж байна. Та үр дүнг нь хэрхэн төсөөлж байна вэ?

 

-“Стэнд бай” хөтөлбөр манай улсын хувьд шинэ зүйл биш. Бид нэг бус удаа энэ хөтөлбөрт хамрагдаж байсан. Гэвч ганц гол ялгаа бий. Өмнө нь манайх буурай орон байхдаа энэ хөтөлбөрт хамрагдаж байсан бол одоо хөгжиж буй орны ангилалд багтаж байгаа. Тэр утгаараа тавигдах шаардлага зэрэг нь өндөрсч магадгүй. Үгүйдээ л гэхэд төсвийн алдагдлаа багасга, удирдлагын зардлыг бууруул ч гэдэг юм уу ямар нэгэн хэмжээгээр шаардлага тавьж таарна. Ер нь манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд шийдэл мөн үү гэвэл тийм гэхээс өөр арга байхгүй. Учир нь, манай эдийн засаг хүндэрчихсэн. Өөр гарц, боломж тун бага байна. Ийм нөхцөлд дахин өндөр хүүтэй зээл авч, өмнөх зээлээ төлөөд явна гэдэг хэцүү. Үүний зэрэгцээ шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байгаа юм.

 

-Тухайлбал, ямар алхам хийвэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх бол?

 

-Бид хэдхэн цөөн улсыг жишээ болгон ярих дуртай. Тэднийг нь ажиглаад байхад ер нь их л либераль байж эдийн засаг нь хөгжсөн байдаг. Гэтэл манайд “Тэгвэл болохгүй”, “Ингэвэл болохгүй” гэсэн хориг саад тавьчихаад өөрсдөө бүдрээд байгаа юм. Бүгдийг нь чөлөөлөөд гурван сая хятад, орос хүн оруулж ирэх тухай яриагүй байна. Үнэндээ жижигхэн атлаа хөгжилд саад болсон олон хориг бий. Тэр нь сонгууль бүрийн дараа өөрчлөгдөж, ойлгомжгүй байдал үүсгэдэг. Үүнийг л нэн тэргүүнд цэгцэлж, тоглоомын үндсэн дүрэмтэй, тэр нь тогтвортой байх шаардлагатай. Үүнээс гадна эх оронч үзэлд хүртэл байх ёстой хэм хэмжээ гэж бий. Энэ хэмжээ хэтэрснээс болж маш олон хөрөнгө оруулагчийг бид гомдоосон. Тухайлбал, эрх мэдэлтнүүд нь газар, шороо байгалийн баялгаа нууцаар зарах гээд байгаа ч юм шиг, эсрэг талд нь хэсэг бүлэг эх оронч цээжээрээ хамгаалаад байгаа мэт байдал бий болоод удсан. Энэ хоёрын дунд эдийн засаг үргэлж хохирч байсан. Байгаль орчин ч мөн ялгаагүй. Зарим нэг эх оронч нь хууль ёсны зөвшөөрөл аваад ажиллаж байгаа гаднын компани дээр буу шийдэмтэй очиж дарамталдаг. Товчхондоо, бидний ийм байдал хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр бид жаахан мэдээлэлтэй баймаар шиг байгаа юм.

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ханш тогтворжино гэсэн хүлээлт бас бий?

 

-Ерөнхий сайдын мэдэгдэл зэргээс ажиглахад валютын ханш тогтворжих, цаашдаа улс орны эдийн засаг сэргэх хандлага байгаа юм байна гэж судлаачийн зүгээс харж байна. Ерөнхий сайд, бид 580 сая ам.долларыг төсөвт дарамт учруулахгүй, улс орны эдийн засагт хүндрэл учруулахгүй төлөх боломжтой гэж мэдэгдсэн. Ийм хүнд нөхцөлд мэдээж энэ бол гэгээлэг мэдээ. Ханш өөрөө том албан тушаалтны болчимгүй мэдэгдлээс болж савладаг хэв шинж манай улсад бий. Үүнээс гадна уул уурхайн томоохон төслөө саадгүйгээр явуулна гэж Засгийн газар мэдэгдсэн. Үнэмлэхүй олонх болсон эрх баригчдын энэ мэдэгдэл гадаад зах зээл дээр эерэг дохио болж очих нь ойлгомжтой. Энэ мэт таатай мэдээлэл гараад ирэхээр хүлээлтүүд эхнээсээ шийдлээ олоод байдаг сайн талтай. Ийм учраас энэ оныг би өөдрөгөөр төсөөлж байгаа. Мэдээж эдийн засгийн хүндрэлээс гарч, хурдтай өсөх боломжгүй. Гэвч одоо байгаа нөхцөлөөсөө дээр байна гэж харж байгаа. Хамгийн гол нь томоохон төслүүдээ аль болох дотоодын тэмцэл, саад багатайгаар урагшлуулах нь чухал. Бяруу шар дагаж байж өвсөнд хүрдэг гэж монголчууд ярьдаг. Энэ том төслүүдийг дагаж, жижиг дунд үйлдвэрлэл өргөжинө.

 

-Таны ирээдүйг нэлээд өөдрөгөөр тооцож байгаа юм байна. Тэгвэл цаашид зээлийн хүү хэрхэх бол. Саяхан тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар буурууллаа?

 

-Зээлийн хүү ойрын хугацаанд буурах боломж харагдахгүй байгаа. Нэн түрүүнд бид хадгаламжийн хүүгээ бууруулж таарна. Хадгаламжийн хүү буурахаар банкны салбар хүндэрч магадгүй. Учир нь, нийт хадгаламжийн 90 гаруй хувийг хүн амын гуравхан хувь нь эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, тэд мөнгөө хадгалуулаад ямар ч татвар, шимтгэл төлөхгүйгээр ашиг олдог. Магадгүй, тэд хадгаламжийн хүү буурахаар валют болгож ч болно. Гэхдээ манай арилжааны банкуудын зээлийн хүү дэндүү өндөр байгаа гэдэг бол бодит зүйл шүү дээ. 30 хувийн хүүтэй зээл бизнесменүүддээ өгчихөөд ашиг олбол ол гэхээр яах юм бэ. Яаж ийм өндөр хүү төлөөд цаана нь ашигтай ажиллах вэ гэх мэт олон зүйл бий. Ийм бэрхшээл байна гэдэг ямар нэгэн байдлаар зээлийн хүүг нааштайгаар шийдэх цаг нь болсон гэсэн үг. Төв банкнаас бодлогын хүүгээ бага зэрэг нэмэхэд л банкууд зээлээ хумиад эхэлж байна. Үүний цаана жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барихдаа тулдаг. Үүний үндсэн шалтгаан манай улсад хөрөнгийн зах зээл хөгжөөгүйтэй холбоотой. Иймээс арилжааны банкууд дотоодын санхүүгийн зах зээл дээр давуу эрхтэй байна.

 

-Зарим нь гаднын банкыг оруулж ирвэл зээлийн хүү буурна гэж үзээд байгаа шүү дээ?

 

-Монгол Улс 1924 онд үндэсний банкгүй, Оросын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байлаа, мөн Хятадын мөнгөн тэмдэгтийг хүртэл хэрэглэж байлаа. Энэ үетэй өнөөг жиших нь хаашаа юм. Гэхдээ л манай арилжааны банкууд даварч байна гэсэн байдлаар харж, гаднын банкыг оруулж ирээд чөлөөтэй тавибал энэ байдал давтагдахгүй гэх газаргүй. Тэгэхээр бид бодлого, дүрэм журмыг нь сайтар боловсруулж байж хаалгаа нээх шаардлагатай. Зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр санхүүжилт хийнэ гэдэг ч юм уу хязгаарлалт хийх хэрэгтэй гэдэгтэй би хувьдаа санал нийлдэг. Ер нь бол гаднын банкыг оруулж ирэх цаг нь болсон.

 

-Эдийн засагч, судлаачтай уулзсаных “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэрхэн хүлээж авч байгаа талаар танаас сонирхмоор байна?

 

-Тодорхой хэмжээнд ард түмний төлөөллийн хяналт төрийн өмчид байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийг Засгийн газар 100 хувь өөрийн мэдэлд авбал өмнөхөөсөө дордоно. Алдагдалтай үйлдвэрүүд хувьд шилжээд ашигтай ажилласан жишээ манай улсад хангалттай бий. Харин худалдан авах ажиллагаа хууль зөрчсөн, татвар төлөгчдийн мөнгө байсан эсэхийг шалгах нь зөв. Хэн авах тухай эхлээд ярих биш нийгэмд ойлгомжгүй байгаа энэ зүйлээ буруу, зөрүүг нь эхлээд залруулах шаардлагатай байх. Үүнээс гадна судлаачийнхаа хувьд Ахмадын тэтгэврийн тухай хуультай холбогдуулж хэдэн зүйл хэлж болох уу.

 

-Бололгүй яах вэ?

 

-УИХ-аар малчны тэтгэврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцээд өөрчлөлт оруулж байна. Бараг эцсийн хэлэлцүүлэгтээ ороод явж байгаа байх. Үүнд санал нийлэхгүй зүйл цөөнгүй байгаа юм. Энэ хуульд малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна гэсэн заалт бий. Уг нь Монгол Улсад тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн, 20- оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэр авах эрхтэй гэсэн байдаг. Гэтэл үүнийг зөрчөөд малчдыг эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гаргах гээд байгааг би ойлгохгүй байгаа юм. Малчны хөдөлмөрийг би үгүйсгээгүй. Би өөрөө малчин гэр бүлээс гаралтай хүн. Гол нь, хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Уг нь малчны нийгмийн асуудлыг Нийгмийн даатгалын сангаар дамжуулж биш, халамжийнхаа сангаар шийдэх ёстой юм. Эрхэм улстөрчид маань сүүлийн үед Нийгмийн даатгалыг Халамжийн сантай хутгаад байгаа юм. Хамгийн энгийнээр бодоод үзэхэд эрсдлээс сэргийлж даатгалд хуримтлуулсан иргэдийн мөнгийг аваад халамжид өгөөд байж болохгүй л дээ. Хатуухан хэлэхэд, Нийгмийн даатгалын сан гэдэг хогийн сав болсон. Малчин юм, хортой нөхцөлд ажиллаж байсан юм билээ, олон хүүхэдтэй гэх мэтээр насыг нь нааш нь татаж маш олон хүнд халамж үзүүлээд байна. 2015 оны байдлаар л гэхэд 255 мянган иргэн тэтгэвэр авч байснаас дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэдэг нөхцөл болзлоор наснаасаа эрт 101 мянган иргэн, 47 мянга гаруй иргэн ажил мэргэжлийн онцлогоор тэтгэвэрт гарсан байдаг. Харин үлдсэн 100 гаруй мянга нь л шударгаар татвар төлж байж, тэтгэвэр авч байгаа юм. Ийм байж болохгүй л дээ.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)