С.Мандухай: Д.Трампын бодлого дэлхийг яаж өөрчлөхийг энэ номоос унших боломжтой

 

         Их гүрнүүдийн нэг Америкт улс төрийн шинэ салхи салхилж байгаа энэ үед “Гүрэн паблишн хаус”-ын захирал С.Мандухай Д.Трампын тухай өгүүлэх номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Уншигчдын гарт очоод удаагүй ч хүмүүсийн сонирхлыг нэлээд татаж байгаа орчуулгын бүтээлийнх нь талаар түүнтэй ярилцлаа. С.Мандухай манай алтан үеийн уран бүтээлчдийн нэг Ардын жүжигчин Б.Дамчаа агсны зээ охин юм.

 

-Цаг үеэ мэдэрч, сонирхолтой ном хөрвүүлжээ. Д.Трампын тухай өгүүлсэн бүтээлүүдээс яагаад үүнийг сонгосон юм бэ?

 

-Манай захирлууд өнгөрсөн арваннэгдүгээр сард Америк явахдаа Д.Трамптай уулзсан юм. Тухайн үед энэ хүн ерөнхийлөгч болоогүй байсан. Гэхдээ хувь хүн нь сонирхолтой байсан учир уншигчдадаа тэргүүлэх гүрний, шинээр гарч ирж байгаа удирдагч ямар хүн болохыг таниулах зорилготойгоор “Дахин хүчирхэгжүүлье: Зэрэмдэглүүлсэн Америк эх орноо сэргээн босгох арга зам” номыг орчуулсан. Түүний улс төрийн үзэл баримтлал нь ч гэсэн ойр хавьд гараагүй эрс үзэлтэй. Дээр нь дэлхийд ирэх дөрвөн жилд юу болох вэ гэдгийг таамаглахад энэ ном тус болно гэж бодсон хэрэг. Би бизнесийн хүн. Гэхдээ улс төрийг шинжлэх ухаан талаас судалдаг. Монголчууд мэдлэггүйгээсээ болоод олон буруу шийдвэр гаргаж байна. Ялангуяа оюутан залуус гадаад хэлний бэрхшээлээс шалтгаалан дэлхийн хэмжээний мэдлэг боловсролд бүрэн нэвтэрч чадахгүй байгаа учраас хоцрогддог. Үүнээс шалтгаалан бидний сэтгэлгээ хаагдмал байна. Бид маш их потенциалтай мөртлөө ийм зүйлээр хязгаарлагдаад байгаа нь харамсалтай. Тиймээс залуучуудын хүсэл тэмүүллийг задалж нээж, хүмүүсээ гэгээрүүлэх юмсан гэж бодож байна. Бид Монголд байгаа баялгаа гаднын зах зээл дээр гаргаж байж улс хөгжинө. Үүнийг нээх сэдэл нь ном юм. Хүн ном уншиж байж чадамжаа олж харна. Бас дэлхийд өрсөлдөх хүсэл тэмүүлэлтэй болно. Би ийм зорилгоор “Гүрэн паблишн”-ыг ажиллуулж байна.

 

-Энэ номыг уншсанаар их гүрний удирдагчийн талаар мэдэхээс гадна улс орнуудын гадаад худалдаа, улс төрийн баримтлалтын тухай мэдлэг авах боломжтой юу?

 

-Номд Д.Трампын сонгуулийн мөрийн хөтөлбөр бий. Энэ хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад түүний эсрэг олон хар пиар хийсэн учраас хүмүүс Д.Трампын талаар хэт буруу ойлголттой байж магадгүй. Энэ номд Д.Трамп улс төрийн үзэл бодлоо маш тодорхой тусгасан. Ялангуяа эдийн засгаа бид яаж сэргээх вэ, цагаачлал дэлхийн хямралын гол шалтгаан болж байгаа учраас үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ гэсэн асуултад өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн хувь хүний зан төлөв, ямар хүн гэдгийг тодорхой харуулсан. Д.Трамп “Америкийг дахиад аугаа болгоё” гэсэн уриатай. Үүнийг нь бид “Америкийг дахин хүчирхэгжүүлье” гэж хөрвүүлсэн. Энэ номыг уншсанаар мөн Америкийг өөрчилж байгаа өөрчлөлт нь дэлхийн бусад улсад яаж нөлөөлөх вэ. Хямрал дагуулах уу эсвэл бусад улсад эмх цэгц тогтоох уу гэсэн асуултад хариулт өгөх юм.

 

-Гадаад бодлого, олон улсын чанартай сэдвийг тусгасан учраас орчуулгаа чадварлаг хүнээр хянуулах шаардлага гарсан байх. Та номоо хэнээр хянуулсан бэ?

 

-Профессор Баярхүүгээр номоо хянуулсан. Энэ хүн Д.Трампын талаар судалдаг. Д.Трамп маш реалист, консерватив үзэлтэй хүн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн номыг маш их сайшаасан. Ер нь Д.Трамп сонирхолтой хүн учраас уншигчдын сонирхлыг ч татаж байна. Дээр нь монголчууд улс төрийн талаар их сонирхдог. Миний сонирхлыг татсан зүйл нь энэ номыг оюутнууд их авч уншиж байна. Тэднийг ингэж сонирхоно гэж бодоогүй. Манай залуусын улс төрийн мэдлэг, боловсрол сайн болсон байна. Дэлхий ертөнцөд өрнөж байгаа үйл явдлын талаар их сонирхдог болжээ.

 

-Энэ номыг хэдэн улсын иргэн эх хэлээрээ уншиж байгаа бол. Та ном орчуулах эрхээ хэзээ авсан бэ?

 

-Манай институт Д.Трампын кампанит ажилд оролцдог байсан томоохон албан тушаалтантай хамтарч ажиллаж байсан. Тэр шугамаар энэ номыг өөрийн хэлээр орчуулах эрхийг авсан. Номын зохиолчийн нэр нь тодорхойгүй. Д.Трамп яриад нэг хүн бичсэн юм шиг хэлбэртэй. Номыг бичсэн хэлбэр нь яг л тухайн хүний үг хэллэг, стилийг буулгасан байна. Одоогоор яг хэдэн хэлээр орчуулж хэвлэснийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан олон хэлээр хэвлээгүй. Учир нь, өнгөрсөн арваннэгдүгээр сард хэвлэлтээс уншигчдын гарт хүрсэн ном л доо.

 

-Цаашид хэний, ямар бүтээлийг орчуулахаар төлөвлөж байна вэ?

 

-Ер нь бид гурван зорилтот бүлгийг харж байна. Эхнийх нь бизнес эрхлэгчид буюу улстөрчид. Энэ хүмүүст зориулан гаргах номд улс төр гэж дотроо ямар үйл явдал өрнөдөг, ямар тоглоом явагддаг, улстөржилт хэтрэхээрээ ямар гай дагуулдаг вэ гэдэг талаар мэдлэг олгох үүднээс гадаадын томоохон их сургуулийн профессоруудын судалгаанд үндэслэн гаргасан номыг цөөн тоогоор хэвлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна оюутнуудад хандсан бүтээл гаргахаар ярилцаж байна. Дэлхийд алдартай их, дээд сургуулиуд оюутнууддаа зориулан сурах бичиг гаргадаг. Тэдгээрийг хүмүүстэй ярьж тохиролцсоны үндсэн дээр судалгаа хийж хэвлэнэ. Мөн их, дээд сургуулийн номын санд өгье гэсэн бодолтой байгаа. Бас хүүхдүүдэд зориулсан бүтээл гаргахаар төлөвлөсөн. Орчуулга гэхээсээ илүү монгол контент гаргая гэж зорьсон. Хүүхдүүдэд өнөөдрийн нийгэмд амьдрахад нь хэрэг болохоор монгол контентыг гаргая гэж бодож байна. Бид ийм гурван зах зээл дээр ажиллах зорилготой.

 

-Та англи хэлийг хаана ингэж төгс сурсан юм бэ?

 

-Багаасаа бие дааж англи хэл сурсан. Манай өвөө, ээж хоёр бичгийн хүн. Өвөө маань Ардын жүжигчин Б.Дамчаа. Эспиранто хэл судалж байсан, орос хэлтэй хүн шүү дээ. Ээжийг маань Сувд гэдэг. Орост багшийн их сургууль төгссөн, гадаад гурван хэлний мэдлэгтэй, орчуулга хийдэг. Тэднийг багаасаа харсаар байгаад надад дадал болсон болов уу гэж боддог юм. Багаасаа л ээжийнхээ өгсөн номыг орчуулаад суудаг байсан. Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал өвөө, ээж хоёроосоо асуудаг байсан юм. Мөн дээрээс нь гадаад явж хэлний мэдлэгээ ахиулсан. 2012 оноос хойш орчуулгын томоохон төсөл дээр ажилласан. Одооноос бие дааж орчуулга хийж байна.

 

-Үнэтэй сургуульд сурсан ч англи хэлнийхээ төвшинг ахиулж чаддаггүй хүн олон бий. Тэдэнд та юу гэж зөвлөх вэ?

 

-Нэг ном барьж аваад англи хэлний толь бичигтэй нөхөрлө. Түүнийгээ орчуулаад дуусахад хүн их зүйл сурч үлддэг. Хүн өдөр тутмын амьдралдаа гадаад хэлийг тодорхой хэмжээгээр хэрэглэснээр хэл сурдаг гэж ойлгодог. Энэ миний хэл сурах гол зарчим. Ашиглахгүй болохоор хүн гадаад хэлийг маш удаан сурдаг. Тиймээс үнэхээр хэл сурах гэж байгаа бол компанийн танилцуулгыг ч гэсэн орчуулж байх хэрэгтэй. Ийм аргаар сурвал хүн гадаад хэлийг амархан сурдаг. Интернэтээр англи хэлээр сайн ярьж байх нь чухал. Бүр болбол виз гардаггүй Малайз, Сингапур руу долоо хоног яваад ирэх хэрэгтэй. Явахдаа хэлмэрчгүйгээр өөрөө англиар ярихыг мартаж болохгүй.

 

-Ярилцлагынхаа сэдвийг өөрчлөөд таны өвөөгийн талаар асуумаар байна. Алтан үеийн уран бүтээлчдийн нэг байсан өвөөгийнхөө талаарх дурсамжаасаа хуваалцаач?

 

-Манай дүү, би, бага нагац ахын охин бид гурав өвөө эмээгийндээ өссөн. Өвөө маань маш өндөр боловсролтой хүн байсан. Боловсролтой гэдэг нь олон сургууль төгсөөд диплом авсан гэсэн үг биш. Хувь хүний ертөнцийг үзэх үзэл нь цагаасаа түрүүлээд хөгжчихсөн, аливаа зүйлийг түрүүлж хардаг хүн байсан. Ном унших, бичих, дуртай. Өвөө маань бидэнд өөрөөсөө дээшээ найман үеийн намтрыг бичиж үлдээсэн. Үүнийг нь бидэнд үлдээсэн хамгийн том өв гэж боддог. Тэрийг уншихаар бид ямар хүний үр удам бэ гэдэг нь харагддаг. Өвөө маань амьд байсан бол миний орчуулсан номыг уншаад нэг зүйл хэлэх л байсан байх. Ер нь хүмүүсийн хийсэн орчуулгыг “Монгол хэлээ мэдэхгүй байж орчуулга хийлээ” гэж шүүмжилдэг байсан. Үүнээс орчуулга хийж байгаа хүмүүс монгол хэл дээрх ном олныг унших хэрэгтэй гэдгийг ойлгосон.

 

-Та өвөөгөөсөө юу өвлөж үлдсэн гэж боддог вэ?

 

-Би төгөлдөр хуур, гитар хэвлүүхэн тоглочихдог. Бас дажгүй дуулчихна. Дээр нь хэлний авьяасыг нь өвөөгөөсөө өвлөж авсан гэж боддог.

 

-Уран бүтээлчдийн үр хүүхэд тодорхой үйлст зориулан сан байгуулсан байдаг. Та бүхэнд тийм ажил зохион байгуулах бодол бий юү?

 

-Ээжийн төрсөн дүү хийл хөгжим урладаг хүн бий. Тэр ахад өвөөгийн холбогдолтой уран бүтээлийн дээж, ер нь бүх зүйл нь хадгалаастай байдаг. Яваандаа тэдгээрийг үр хүүхдүүддээ үзүүлж харуулахын тулд эмхэтгээд сан байгуулах байх.

 

-Хүүхэд, ач зээ нар дунд нь өвөөгийнхөө авьяасыг өвлөсөн хүн байна уу?

 

-Авьяасыг нь өвлөсөн хүн байгаа байх. Гэхдээ өвөө маань биднийг урлагийн хүн болгохгүй гэж боддог байсан. Яагаад гэвэл урлагийн хүний амьдрал хүнд. Ялангуяа эмэгтэй хүн энэ замаар явбал амьдралаа үрэн таран хийнэ гэдэг байсан. Нөгөө талаас өвөө бидний урлагийн үнэлэмжийг өндөр тавьж өгсөн гэж хэлж болно. “Хэвлүүхэн дуулчихдаг хүн дуучин биш. Үнэхээр байгалиас заяасан гоц авьяас байхгүй бол битгий урлагт ор” гэж захидаг байсан. Тиймээс бид урлагт зүрхэлж ороогүй. Түүнээс биш дуулж, хөгжимдөж, бүжиглэдэг хүн манай гэр бүл, хамаатан садан дунд олон бий. Хамгийн гол нь үнэхээр гоц авьяастай, манай өвөө шиг хүмүүс урлагийн хүн болох ёстой гэж бид боддог юм.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Сандагдорж (43.228.129.77)

    2017-02-08

    Их схан санагдлаа.Холбоо барих боломжтой юм болов уу? Амжилт хүсье