“Qatar Airways” хамгийн урт хугацаанд шууд нислэг үйлдэв

 

        Катарын иргэний агаарын тээврийн “Qatar Airways” компанийн онгоц хамгийн удаан хугацаанд шууд нислэг үйлдэж амжилттай газардсан байна. Тус компанийн QR920 чиглэлийн Boeing-777 онгоц Доха хотоос Шинэ Зеландын Окленд руу 16 цагийн турш зогсолтгүйгээр нислэг үйлджээ. Нислэг 16 цаг 23 минут үргэлжилсэн бөгөөд 14535 км урт замыг туулж, 10 цагийн бүс бүхий таван орны дээгүүр нисэн өнгөрчээ. Ингэснээр нислэгийн түүхэнд буулгүйгээр хамгийн хол замыг туулсан тохиолдол болж байгаа юм байна. Нисэх онгоц орон нутгийн цагаар ням гаригийн оройн 5.10 цагт хөөрч, даваа гаригийн өглөөний 7.30 цагт Окленд хотод газарджээ. Онгоцонд нийт 259 зорчигч сууж явсан бөгөөд тэдэнд хөлгийн багийн дөрвөн нисгэгч, 15 үйлчлэгч үйлчилгээ үзүүлсэн байна. Нислэгийн туршид зорчигчид нийтдээ 1100 аяга цай, кофе, 2000 лааз хийжүүлсэн ундаа ууж, 1500 цаасан алчуур хэрэглэжээ. Шинэ Зеландаас буцаж Катар хүрэх нислэг салхины чиглэлээс хамааран 18 цаг гаруй үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн “Singapore Airlines” компани нь 2018 онд Нью-Йорк руу шууд нислэг үйлдэж энэхүү амжилтыг шинэчлэхээр төлөвлөжээ.Уг нислэгийг ойролцоогоор 19 цаг үргэлжилнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Хамгийн удаан хугацаанд шууд нислэг үйлдсэн дээд амжилтыг Энэтхэгийн “Air India” компани эзэмшдэг байна. Компани Делигээс Сан-Франциско хүртэл 15298 км зайд 14.5 цагийн хугацаанд нисдэг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)