М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

 


     Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” компанийн ерөнхий захирал М.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Өнөөдөр улстөр, эдийн засаг гэхээсээ илүүтэй Үндсэн хуулийн өөрчлөлт халуун сэдэв болжээ. Таны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд ямар байр суурьтай явдаг вэ?

 

-Миний хувьд Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэж үздэг. Яагаад гэхээр дэлгэрүүлж ярих шаардлага гарна. Бид анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж, 1940, 1960, 1992 онуудад өөрчлөлт оруулсан байдаг. Үүнээс харвал 20-30 жилд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан цаг үеийн байдлыг харгалзан үздэг байжээ гэж болно. Хамгийн сүүлд 1992 онд өөрчлөн батлахад бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт нийгмээс зах зээлийн чөлөөт нийгэмд шилжээд удаагүй байсан цаг. Энэ үед нэг нийгмээс нөгөө нийгэмд дөнгөж хөл тавиад байсан учраас энэ тал дээр алдаж оносон зүйл байж таарна. Хүн ардын боловсрол, нийгмийн сэтгэхүй, тухайн цаг үеийн тусгал гээд олон зүйлийг дурдаж болно. Тэгэхээр өдгөө мөрдөгдөж байгаа хууль бол тухайн цаг үеийн хүмүүсийн мэдлэгт суурилсан гэхэд болно. Өнөөдөр бид нийгмийн чамгүй ороо бусгаа үеийг туулж ирлээ, гадаад дотоод харилцаанд томоохон эргэлт бий боллоо, хүмүүсийн сэтгэхүйд ч том өөрчлөлт бий болсон учраас Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болжээ гэж хэлээд байгаа юм. Харин өөрчлөхдөө олон талаас нь анхаарч, улс орны хэтийн төлөв, хүн ардын хөгжил гээд бүхий л зүйлийг цогц тусгах хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол зүйл нь Үндсэн хуульд бүсчилсэн хөгжлийн бодлогыг сайтар тусгах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бүсчилсэн хөгжлийг 5 хэсэгт хуваасан. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол Улсын газар зүйн бүсчилсэн байдлыг харгалзан үзэж Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр арга алга гэх байна. 

 

-Монгол Улсын хөгжлийн гарц, бүсчилсэн хөгжлийн бодлого гэж бий. Таны хувьд үүнд уялдуулсан хууль хэрэгтэй гэдгийг хэлж байна. Үүнийг тодруулахгүй юу?

 

-Үндсэн хуулиар хүн амынхаа суурьшлын байдлыг юу юуны өмнө харгалзан үзэх нь цаашдын хөгжлийн гарц байх ёстой. Хамгийн наад зах нь Дорнод аймаг 75 мянган хүн амтай. Гэтэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 300 гаруй мянган хүн амтай байх жишээтэй. Гэтэл 70 мянган хүн амтай Дорнод аймгийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилан томилдог. Гэтэл 300 гаруй мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга томилж байдаг гэх мэт зүйл бий. Үүнээс үүдэн бүсчилсэн байдлаар УИХ-ын сонгуулийг явуулах хэрэгтэй. Цогц бодлогын хүрээнд Үндсэн хуулийн дагуу бүсчилсэн байдлаар сонгууль явуулахаар өнөөх намчирхсан байдал, жалга довны үзэл байхгүй болно. Бид өнөөдөр хөгжлийн гарц, хэтийн төлөвлөгөөгөө бараг л дөрөвхөн жилээр төлөвлөж байгаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Нэг нам сонгуульд ялчихаад өөрсдийнхөө зүгээс төлөвлөгөө гаргаад мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллах оролдлого хийдэг. Харин дараагийн сонгуулиар гарч ирсэн нам өмнө хөдөлж ядаж байсан хөтөлбөрийг нь нураагаад ахиад шинээр төлөвлөгөө гаргаад ажилладаг зарчим байсаар байна. Төрийн залгамж чанар алга болсон. Ийм байхад яаж улс орны хөгжил урагшаа алхах юм бэ.  Хэрвээ Үндсэн хуульдаа бүсэлчилсэн хөгжлийн загварыг суулгаад, энэ хуулиа мөрдөөд явбал ийм зүйл болохгүй. Улс орны хөгжлийн гарц бол энэ юм гэж харж байна. 

 

-Хууль байгаад ч мөрдөхгүй байна гэх шүүмжлэл байсаар байна?

 

-Үндсэн хуульдаа бүсэлчилсэн хөгжлийн бодлогоо тусгаад УИХ-ын сонгуулийг бүсэлчилсэн загвараар явуулахаар энэ байдал гайгүй нааштай эргэнэ. Тэгээд улстөрийн намуудаас аливаа албан тушаалд дарга сайд томилохыг зогсоох хэрэгтэй. Үүнд гагцхүү сайн хууль хэрэгтэй. “Их засаг” хууль гэж хаана ямар хууль мөрдөгдөж байсныг цаасан дээрээс хэн ч хараагүй. Гэтэл энэ хуулийн язгуур санааг их эзэн хаан ард түмэндээ сайтар ойлгуулсан байна. Тиймээс л “Их засаг” хуулийг бултаараа яг таг мөрдөж байсныг бид түүхээс мэднэ. Айлын босгон дээр гишгиж болохгүй гэж заасан бол гишгэхгүй. Хэрэв гишгэсэн бол цаазаар авна гэсэн бол биелүүлдэг. Ийм л үзэл санаа түмний оюун санаанд яг таг суусан байсныг дурдах нь илүү хэрэг биз. Тэгэхээр бид хуулиа сайн болгохын зэрэгцээ хууль, шүүх, хүчний байгууллагыг улстөрөөс ангид байлгах хэрэгтэй. Аугаа их хаан Чингис “Их засаг” хуулийн дор Их Монгол Улсыг захирч, тэднийг хуулийн дор амьдруулж чадсан. Бидэнд ийм сонгодог жишээ байна, бүхий л зүйлээ хөрснөөс нь цэвэрлээд явахад хууль мөрдөгдөнө. Энэ бүгдийг нэг өдөр хийхгүй. Томоохон төлөвлөгөөний дагуу бага багаар хэрэгжүүлээд явахаар биднийг сайхан ирээдүй тосч уулзана гэдэгт эргэлзэхгүй байна.  

 

-Хууль, хүчний байгууллага улстөрийн хараат байсаар ирсэн гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх. Хамгийн сүүлчийн бодит том жишээ бол “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийг хууль зөрчөөд хувьчилсан  гэдгийг хууль тогтоох дээд байгууллага нь нийтэд зарлачихлаа. Ер нь энэ үйлдвэрийг хувьчилж болох зүйл үү. Энэ талаар таны байр суурь юу байна?

 

-Улстөр бизнес хоёр хол байх хэрэгтэй гэдгийг би байнга хэлдэг. Эрдэнэтийн тухайд ажлын хэсэг гарч ажиллаад санхүүгийн эх үүсвэр нь хууль бус байна гэдгийг тогтоочихлоо. Тэгэхээр тэнд оролцсон компаниудыг шалгах хэрэгтэй. Хэзээ ямар зорилгоор байгуулагдсан юм. Ямар үйл ажиллагаа эрхэлсэн, хэдэн төгрөг олоод хэдэн төгрөгийн татвар улсад төлсөн юм гээд шалгахаар бүх зүйл ил болно. Эрдэнэт үйлдвэрийг хувьчилж болно. Гэхдээ тухайн үеийн Засгийн газарт үнэхээр л ОХУ-аас 49 хувийн санал ирсэн бол үнэн бодит мэдээллийг ард түмэнд ил тод хүргэх ёстой байсан. Харин үүний дараа яахаа шийдэх байсан болов уу. Миний хувьд хамгийн сайн арга бол “Эрдэнэт”-ийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг 49 сая ширхэг хувьцаа болгоод Монгол Улсын гурван сая нэг зуун 25 мянган иргэн тус бүрийг худалдаж авах хэрэгтэй. Хувьцаа тус бүрийн үнэ 125 ам.доллар. Ингээд Монгол банкинд данс нээгээд энэ мөнгийг байршуулахаар ОХУ-д 49 хувийнхаа төлөөсөнд өгөх мөнгийг иргэдээсээ аваад өгчихөж байна гэсэн үг. Үүний дараа “Эрдэнэт” үйлдвэр жилдээ ОХУ-д өгдөг 50 сая ам.доллароо иргэн бүрт ногдол хүртээгээд явчих хамгийн дөт зам байлаа гэж харж байна. Угаасаа Монгол Улсын Үндсэн хуульд “Байгалийн баялаг бол ард түмний өмч” гээд заачихсан байгаа шүү дээ. Үүнд хууль зөрчих ямар нэг асуудал байхгүй. Эсвэл үндэсний ААН-үүддээ санал болгож бас болно. Үндэсний 38 мянган ААН 600 сая ам.доллар босгохгүй яах юм. Төр нь 51 хувиа хариуцаад л явна биз. Яагаад гэхээр би олны өмчөөр бий болсон “Эрдэнэт” үйлдвэр ганц нэг хүний өмч байж болохгүй гэж хэлэх байна. 

 

-Сонгуулийн үр дүнгээр бий болсон Засгийн газар байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрсөн. Ерөөсөө МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч өнөөх амласан ярьсан зүйл ор хоосон байжээ гэх хүмүүс олон болжээ. Өнгөрөгч сонгуулиар мөрийн хөтөлбөрөө танилцуулж байснаас нэгээхэн зүйл ч тусгалаа олоогүй нь харагдана?

 

-Би Монгол Улсын иргэн, бизнесмэн хүн учраас УИХ, Засгийн газрын бодлого, түүнээс хэрэгжүүлж буй ажил гээд ерөнхийдөө чиг хандлагыг байнга ажиглаж харж байна. Ерөөсөө нийгэм, төр, иргэн хүний харилцаа тэгш байх хэрэгтэй биз дээ. Би энэ Монгол Улсад ажиллаж амьдарч байгаагийн хувьд энэ төрийн үйл ажиллагааг сайтар харах үүрэгтэй. Үнэнийг хэлэхэд би гадуур хүмүүсийн яриад эхэлсэн зүйлтэй санал нэг байна. Улстөрийн ууган хүчин МАН том амлалт өгсөн. Хамгийн наад зах нь “мэргэжлийн” Засгийн газар байгуулж ажиллана гэлээ. Хүмүүс тэдний амласан зүйл таалагдсан учраас үнэмлэхүй санал өгсөн. Нөгөө талаар улстөрийн туршлагатай нам хийж чадна гэсэн үүднээс олонхи нь саналаа өгчээ. Хүмүүс худлаа амлалт өгсөн улстөрчдөөс залхасан. Тиймээс МАН-ын нэр дээрээс өрсөлдсөн олон шинэ хүнд саналаа өгч шинэ гишүүдийг бий болгосон. Одоо ард түмэн өөрсдийнхөө саналын үр дүнг харах цаг нь болсон гэж бодож байна. Гэтэл хамгийн наад зах нь “мэргэжлийн” Засгийн газар гэсэн амлалтаасаа буцсан гэж сонгогчид ярьж байсан. Солих хэрэгтэй бол ахиад солиод цааш явах хэрэгтэй. Яам тамгын газар ямар хүмүүс ажиллах ёстой юм, тийм л хүмүүсээ ажиллуул л даа. Ерөөсөө яам агентлагийн жирийн ажилтан, мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, сайд хүртэд мэргэжлийн бөгөөд ажлын дадлага туршлагатай хүн байх ёстой. Ийм байж гэмээнэ бид хоёрын өмнө нь ярьдаг улсын хөгжлийн бодлого цогцоороо гарч ирнэ. 

 

-Хөгжлийн бодлого гэснээс Хөгжлийн банк гэж улстөрчдийн, Засгийн газрын халаасны мөнгө залгуулдаг газар бий боллоо гэж их шүүмжлэх юм. Энэ талаар?

 

-Үнэнийг хэлэхэд манай Хөгжлийн банк яг л арилжааны банк шиг ажиллаж байна. Уг нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө хөрөнгө босгон оруулж байх ёстой зорилго бүхий банк юм. Гэтэл энэ арилжааны банкуудаас ялгарах юм алга. Үүнийг улстөрчид, Засгийн газраас салгах хэрэгтэй. Тиймээс л дээр ярьсанчлан Монгол Улсын хөгжлийн бодлогыг урт хугацаагаар хуульчлан тогтоож өгөх ёстой. Уг нь Хөгжлийн банк өөрөө Засгийн газрын ажилтай зууралдах ном дүрэм байхгүй. Хөгжлийн банкинд өндөр мэргэжлийн баг ажиллаад, улс орны хөгжлийн 20-30 жилийн бодлогод хөрөнгөө төвлөрүүлээд сууж байх учиртай газар. Улс орны хөгжлийн бодлогыг уралдуулж, мэргэжлийн яам, мэргэжлийн салбар байгууллагуудаас ирсэн томоохон бодлогын шинжтэй төсөл хөтөлбөрийг шалгаж, тэдний дунд тендер зарлан, шалгарсанд нь хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулдаг тийм л байгууллага. Өндөр хөгжсөн Сингапур гэх мэт орнуудын жишиг ердөө энэ. Гэтэл манай хөгжлийн банк өдөр тутам зээл олгож арилжааны банк шиг ажиллаж байна. Тэгэхээр төсвийн удирдлага санхүүгийн тухай хуульд ч дорвитой өөрчлөлт хэрэгтэй. Би энэ хөгжлийн талаархи загварыг яагаад яриад байгаа юм гэхээр өндөр хөгжилтэй оронд сургалтад хамрагдаж байснаас гадна өөрийн биеээр туулж үзлээ. 

 

-Хоёулаа хөгжлийн томоохон гарц, түүний талаар саналаа солилцлоо. Ингэхэд таны бизнес ямар байна вэ. “Ган хийц” гэх олны танил энэ компани ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь бас сонин санагдлаа?

 

-Манай компани хэвийн ажиллаж, хөгжлийн бодлогын хүрээнд даацтай ажлууд төлөвлөөд явж байна. Дорнод аймаг, зүүн бүсэд барилгын материалын цогц үйлдвэр барьсан, одоо ч энэ хөтөлбөрт нэр ороод явж байгаа. Монгол Улсын хөгжлийн асуудлыг харахаар гадаад руу валют их хэмжээгээр урсч байна. Тиймээс энэ урсгалыг зогсоохын тулд бид эх орондоо яагаад юм хийж чаддаггүй юм бэ гэж бодсон. Манай компанийн хувьд өнөөдрийн байдлаар 11 үйлдвэр ажиллуулж, Монгол Улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх, ирээдүйн бүтээн байгуулалт хөгжлийн асуудалд гадаадаас худалдан авах бараа бүтээгдэхүүн бүрийг эх орондоо үйлдвэрлэхийг зорьж байна. Засгийн газар, УИХ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан. Бүсчилсэн хөгжил гэдэг нь зүүн бүсийг хөгжүүлэхийн тулд гэхэд л Дорнод аймагт гарц байгаа нь харагдана. Тиймээс манай компани Дорнод аймагт “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК руу эрчим хүчний шугамуудыг тавихаас өмнө, 2005 онд бид эрчим хүчний тулгуурын үйлдвэрийг тэнд байгуулсан. Үүний хүчинд зүүн бүс эрчим хүчний тулгуураа гадаадаас авахааргүй болж, дээрх компани руу тавьсан 186 км дахь эрчим хүчний тулгуурыг бид үйлдвэрлсэн шүү дээ. Жилдээ 350 мянган ширхэг дэр үйлдвэрлэхдээ гурван ээлжээр ажиллах гурван каниверийн шугамтай. 24 цаг тасралтгүй ажиллахад өдөрт 1500-2000 ширхэг тулгуур үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ өнөөдөр мөнгө орж ирэх үү, эсвэл маргааш, нөгөөдөр үү гэсэн айдсыг давах асуудлыг Монголын төр шийдэх ёстой. 

 

-Үйлдвэрлэлийн салбарт төрөл цөөн боловч өрсөлдөөн их байна. Цөөн тооны үйлдвэрлэлд л өрсөлдөж байгаа нь зах зээлийн зарчим биш байх?

 

-Манайханд нэг дутагдал бий. Тэнд нэг үйлдвэр байгуулсныг харангуутаа л яг адил үйл ажиллагаатай үйлдвэр олноор бариад өөрөө ч үгүй өрөөлд ч үгүй болгож унагадаг. Манай компани сэндвич хавтангийн Монголын хэрэгцээний 65 хувийг  үйлдвэрлэдэг манай том үйлдвэр байгуулсан. Гэтэл Улаанбаатарт арав гаруйг нэмж байгуулаад хөрөнгө оруулсан. Энэ нь өмнөх Засгийн газрын үед болсон хэрэг. Одоо бие биенээ татаад унагачихсан байдалтай байна. 

 

С.Ууганбаяр
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.189.116)

    2017-02-09

    ЗӨВ ШҮҮ