Нүүрсний үнэ өсөхгүй гэж таамаглажээ

 

        Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс санаачлан “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг хурлыг Монголбанк, МУИС-тай хамтран зохион байгууллаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хурлыг нээхдээ, эдийн засгаа сэргээхийн тулд бидэнд хамтын хүч хэрэгтэй гэдгийг онцолсон.

 

Тус хэлэлцүүлгийг оролцогчид “Монголбанкны зүгээс эдийн засагч, судлаачдын үгийг сонсох, нөгөө талаас судлаачдад цаг үеийн бодит мэдээллийг хүргэсэн” гэж тодорхойлов. Энэ өдөр 10 орчим илтгэл хэлэлцүүлсэн. Тухайлбал, “Валютын ханшийг тодорхойлогч хүчин зүйлсийн суурь судалгаа” сэдвээр NRCC компанийн захирал Б.Алтанцэцэг илтгэл тавьсан. Тэрбээр “Манай улс бусад улстай харьцуулбал ханшийн хэлбэлзэл нь хөвөгч ханштай орнуудаас, албан нөөцийн хэлбэлзэл нь тогтмол ханштай орнуудынхаас өндөр байна. Энэ нь нэг талаас макро үзүүлэлтийн хэлбэлзэл өндөр, нөгөө талдаа мөнгө бодлогын арга хэрэгслүүдийн валютын ханшид үзүүлэх нөлөө сул байгааг харуулж байна” хэмээн хэллээ. Мөн судалгаанд дурдсанаар сүүлийн 12 жилийн хугацаанд төгрөгийн ханш 75 хувиар суларчээ. Үүнээс сүүлийн дөрвөн жилд л гэхэд ам.долларын эсрэг 43.8 хувиар суларсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Тодруулбал, 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байна. Харин 2011 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөг хүртэл төгрөгийн ханш 50.9 хувиар унажээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь эдийн засгийн бүтцийн хувьд төрөлжөөгүй, уул уурхайгаас хэт хамааралтай байдал, эдийн засгийн өрнөлийн үед хангалттай нөөц, хуримтлал бий болгож чадаагүйн бодит илрэл, үр дагавар гэж үзэж байна. Мөн “Валютын ханшийн хямралаас сэргийлэхийн тулд төсвийн сахилга бат, Төв банкны бие даасан байдлыг хангах, төсөв болон мөнгөний бодлогын нийцтэй байдлыг хангах, гадаад шокыг шингээх боломжийг олгох гэх мэт арга хэмжээг авах шаардлагатайг бусад орны туршлага харуулж буйг онцолсон юм.

 

Мөн “Жижиг дунд үйлдвэрийн хэлцлийн зардал”, “Нүүрсний экспортын зах зээлийн судалгаа”, “Өрхийн стресс тест”, “Монголын дундаж давхарга” зэрэг хэд хэдэн илтгэлийг энэ үеэр хэлэлцүүлсэн. Манай улсын эдийн засагт нүүрсний орлого чамлахааргүй байр суурийг эзэлдэг. Энэ талаар судлаач н.Мөнх-Ирээдүй илтгэлдээ “Нүүрсний зах зээл Ази руу чиглэж байна” хэмээн тодотгов. Одоогоор дэлхий дээр БНХАУ, АНУ, Энэтхэг, Индониз зэрэг таван том супер тоглогч байгаа аж. Үүн дээр Өмнөд Солонгос, Монгол гэсэн хоёр тоглогч нэмэгдэж байгаа гэнэ. БНХАУын хувьд зургаан тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй. Үүний 3.2 тэрбум тонныг өөрсдөө олборлож, хэрэгцээгээ хангадаг байна. Харин манай улсын хувьд нүүрсний нийт экспортын 90 гаруй хувийг өмнөд хөрш рүүгээ илгээдэг. Үлдсэн хувийг нь бусад улс руу гаргадаг гэсэн энэ үзүүлэлт өмнөх жилүүдээс өссөн статистик гэдгийг тэрбээр хэллээ. Тодруулбал, нийт экспортын 99.9 хувийг өмнөд хөрш руу гаргадаг байжээ.

 

2015 оны байдлаар манай улсад 82 компани энэ салбарт 200 гаруй лизенз эзэмшдэг байж. Тухайн онд Монгол Улсын эрдэс баялгийн экспортын 11 хувийг дан ганц нүүрс эзэлжээ. 23.3 сая тонн нүүрс бэлтгэснээс 10.5 сая тонныг дотооддоо хэрэглэсэн судалгаа гарчээ. Үүний дийлэнх хувийг дулааны цахилгаан станцууд хэрэглэсэн аж. Харин ойрын 10 жилд дулааны цахилгаан станцын 16 төсөл ашиглалтад орохоор хүлээгдэж буй тул эрчим хүчний нүүрсний дотоодын хэрэглээ улам нэмэгдэнэ гэж тэд таамаглаж байна. Мөн дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрсний хэрэглээ ирэх жил нэмэгдэх магадлалтайг ч тооцсон байна. Харин үүний эсрэг эрчим хүчний хэрэглээ саарах төлөв байгаа аж. Тухайлбал, олон орны Засгийн газар нүүрс ашигладаг цахилгаан станцуудыг цөөлөх бодлого барьж байгаа гэнэ. 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 15 хувиар нэмэгдэнэ гэж олон улсын байгууллагаас гаргасан судалгаа ч бий.

 

Энэ нь эрчим хүчний нүүрсний хэрэглээ хумигдах үндсэн шалтгаан аж. Харин 2012-2016 онд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурсныг өмнөд хөршийн гангийн илүүдэлтэй байсантай холбон тайлбарлаж байв. Учир нь, дэлхийн гангийн үйлдвэрлэлийн тэн хагасыг БНХАУ эзэлдэг юм. Тэгэхээр коксжих нүүрсний олон улсын зах зээлийн үнэ манай өмнөд хөршөөс шууд хамааралтай гэсэн үг. Мөн дэлхийн зах зээл дээр болон манай улсын хувьд энэ онд нүүрсний үнэ буурах хандлага ажиглагджээ. Иргэд нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаггүй тухай шүүмжлэл одоо хүртэл гарсаар байдаг. Харин энэ талаар н.Мөнх-Ирээдүй “Манай улсын нүүрсний зах зээл эрэлт, нийлүүлэлт гэхээсээ илүүтэй гэрээгээр тогтоосон үнэ дээр тогтож байна” хэмээн тайлбарласан юм. Үнэндээ манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад зах зээлд нүүрсээ хүргэх дэд бүтэц алга. Бид Австрали, АНУ, ОХУ-тай нүүрсний зах зээлд өрсөлдөх гэж байгаа. Манайх газарзүйн хувьд БНХАУ-д нүүрсээ нийлүүлэх нь давуу боловч авто замаар бага хэмжээний нүүрсийг л тээвэрлэнэ. Энэ нь нүүрсний өрсөлдөх чадварыг сааруулж байгаа тухай ч судлаачид өгүүлдэг. Манайхан нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгочихвол үнэ өснө гэдэг. Гэтэл хэрэглэгч нь тодроогүй, зах зээл нь ойлгомжгүй байдалтай хэвээр. Үгүйдээ гэхэд Тавантолгойг ашиглах нэгдсэн байр суурь ч алга. Гэвч улс төр, эдийн засаг болон дэд бүтцийн бэрхшээлүүдтэй хэдий ч манай улсын хувьд боломжууд байсаар байна.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)