Ахмадуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарна

 

        Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна. Энэ үеэр эрүүл мэндийн дэд Сайд Л.Бямбасүрэн Ахмад настны эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл тавилаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргээ байна. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлын гол тулгуур, суурь нь ахмад настны эрүүл мэндийн асуудал юм. Өнөөдөр хүн бүр эрүүл байж л дараа нь хөдөлмөр эрхлэлт, эрх, нийгмийн хамгааллын баталгаа яригдана. Монгол хүний дундаж наслалт 2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 69.89 хүрч, энэ үзүүлэлт 10 жилийн өмнөх үеэс 5-6 насаар өссөн байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,8 эрэгтэйчүүдийнх 66,02 байгаа буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 9 жилээр урт насалж байна. Хүн амын насжилт нэмэгдэхэд тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгаат байдлыг хангах, ээлтэй амьдрах орчин бүрдүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд шинээр урган гарч байна. Иймээс хүн амын эрүүл насжилт, насны бүтцийн өөрчлөлтийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах, ахмад настны аж байдлыг сайжруулах зэрэг асуудлуудыг харилцан уялдаатайгаар авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна. Эрүүл мэндийн салбарт ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамт олонд тулгуурлан, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд үзүүлж байна . Энэ нь ахмад настнуудыг нийгмээс тусгаарлах биш харин гэр бүл, хамт олныхоо дунд бие даан амьдрах боломжийг олгох зорилготой юм. Ахмад настанд үзүүлэх үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн ахмад настны кабинетаар үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэгт ахмадуудад зориулсан кабинетийг ажиллуулуулснаар эрүүл насжилтыг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, ахмадуудын биеийн тамир спортоор хичээллэх, гериатрийн тусламжийг тэдэнд ойртуулан хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа тогтмол хэрэгжиж байна. Ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Геронтологийн үндэсний төв нь монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээг ахмад настанд үзүүлэх, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, сургалт судалгаа явуулах, ахмад настнуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр ажиллаж байна. Бид ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, удаан хугацааны тусламж, үйлчилгээний хэлбэрүүд болох хоспис, гэрийн эмчилгээ сувилгаа, сувилахуйн төв байгуулах, хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг явуулж байна. Монгол улсын “Ахмадын настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн 5 дугаар зүйлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх заалт тусгасан. Үүнд: - хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох; - ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох; - хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулахад тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох; - нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох ... зэрэг заалтуудыг тусгасаныг эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарыг 2006-2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд нийт хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эрүүл зан үйл, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх замаар өвчлөлийн тархалтыг бууруулж, эрүүл амьдралыг дэмжих асуудлыг дэвшүүлэн, ахмад настны сэргээн засах тусламж, үйлчилгээний хамрагдалт, ахмад настны асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд хамруулах, ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, идэвхтэй урт наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилго, зорилтуудыг тусган ажилласан. Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл насжилт, эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулж, хамтрагч талуудын оролцоотойгоор хөтөлбөрийн зорилго зоритуудыг хэрэгжүүлж ажиллаж байна. Уг хөтөлбөрт тусгасаны дагуу - Ахмад настанд зориулан эрүүл мэндийн сургалт явуулах, сургалтанд биеийн тамирын дасгал, хөдөлгөөн, хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх тусламжийг өргөнөөр ашиглах, - Ахмад настны хоол, хүнсний тэжээллэг чанарт судалгаа хийж, тэдний нас бие махбодийн онцлогт тохирсон уураг, өөх тос, эрдэс бодис, аминдэм бүхий хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, - Геронтологи, гериатрийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх мэргэжил дээшлүүлэх асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, - "Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээнд уламжлалт эм, эмчилгээний аргыг өргөнөөр ашиглах, - Ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулан эрүүл мэндийн түвшинг тогтоон өвчлөлийг эрт оношлон эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулан өвчлөл, хүндрэл, тахир дутуу болохоос сэргийлэх, - Ахмад настны асуудлаар хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үр дүнг жил бүр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, ажиллаж ирлээ. Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрууд орон нутгийн онцлогт тохируулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид аймаг, нийслэлийн ахмадын хороо, дүүргүүдийн ахмадын хороо, Монголын ахмадын холбоо, Улаанбаатар Төмөр зам ахмадын холбоо, Зуунтай ахмадын холбоо зэрэг олон төрийн бус байгууллагуудтай хамтран эрүүл, идэвхтэй урт наслах, настанд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж, 13 төрлийн, 37 удаагийн сургалт, сурталчилгааны ажилд нийт 2645 настанг хамрууллаа. 

 

 

“Настанд ээлтэй өрхийн эрүүл мэндийн төв” шалгаруулах ажлыг тогтмолжуулж, жил бүр 2 өрхийн эрүүл мэндийн төвийг “Настанд ээлтэй оны шилдэг өрхийн эрүүл мэндийн төв”-өөр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, шалгарсан байгууллагын туршлагыг сурталчлах, туршлага судлах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар эрүүл мэндийн тусламжийн анхан шатанд настны эрүүл мэндийн бүртгэл мэдээлэл, гэрийн тусламж, үйлчилгээний чанар дээшлэхэд үр дүнгээ өгч байна. Нийт хүн ам, ялангуяа ахмад настнуудын эрүүл насжилтыг дэмжих зорилгоор нийт 20000 гаруй настанд эрүүл насжилт, эрүүл зан үйл, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг явуулж байна. 2012 оны 4 дүгээр сарын 07-нд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Насжилт эрүүл мэнд” уриан дор зохион байгуулж, настанд ээлтэй эрүүл мэндийн орчинг бүрдүүлж, тусламж, үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсанаас гадна тэтгэврийн нас дөхсөн ажиллагсдыг тэтгэвэрт гарах нийгэм, сэтгэлзүйн бэлтгэлээр хангах сургалтуудыг аж ахуйн нэгж байгууллагуудад зохион байгуулан, богино хэмжээний кино, зөвлөмж, гарын авлагыг бэлтгэн иргэдэд түгээж ажилласан. Улаанбаатар хотын ахмад настнуудын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагыг шалгаруулан, Эрүүл мэндийн яаманд үзэсгэлэн гарган сурталчилсан. 2015-2016 оны хичээлийн жилд настан судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалтанд 3 гериатр эмч, 5 гериатр сувилагчийг шинээр бэлтгэсэн. Ахмадын эрүүл мэндийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд, бухимдал, зөнөгрөл, сэтгэл гутрал, амиа хорлолтын талаар сургалт сурталчилгааг сайжруулах, ахмадын эрүүл мэндийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, ахмадын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлыг бид шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг энэ оны нэгдүгээр сард Монгол улсын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж батлуулсан. Эрүүл мэндийн салбарын бодлогын энэхүү баримт бичигт ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих асуудлыг мөн тусгасан. Эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааны стандартуудад ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тусгайлан зааж тусган, мөрдөж байна. Хэдийгээр эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны эрүүл мэндийн хамгаалах чиглэлээр чамгүй олон ажлыг хэрэгжүүлж байгаа ч ахмад настны эрүүл мэндийн байдал сайнгүй хэвээр байсаар байгаа нь дараах судалгааны дүнгээс тодорхой байна. “Настан ба эрүүл мэнд” дэд төслийн хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан ахмад настны 85.5 хувь нь үндсэн болон дагалдах хэд хэдэн өвчтэй байна. 

 

 

Судалгаанд оролцогсдын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин 43.2%, хоол боловсруулах эрхтнийх 13.7%, яс булчингийн тогтолцооны болон холбох нэхдэсийнх 8.6%, шээс бэлгийн тогтолцооны өвчин 6.7%, амьсгалын тогтолцооны өвчин 5.3% эзэлж байна. Мөн тэдний 80.0 гаруй хувь нь сэтгэл санааны байнгын ба байнгын бус шаналгаатай, 20.3 хувь нь сэтгэлээр унасан, 17.4 хувь нь ганцаардалтай гэсэн дүнтэй байна. Геронтологийн үндэсний төвөөс “Улаанбаатар хотын ахмад настан хүн амын дундах эрүүл мэндийн 5-р бүлгийн ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжийн байдал”-д хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр хэвтэрт байгаа ахмад настны 27.2% нь тархины цус харвалт, 13.5%, цусны даралт ихсэх өвчин, 12.0% бэртэл гэмтэл, 11.0% зүрхний эмгэг, 10.0% хорт хавдрын улмаас хэвтэрт байна. “Ахмад настны эрүүл мэндийн боловсрол” судалгаанаас үзэхэд ахмад настнуудын 72.0% нь өрх, сумын эмчтэйгээ байнга холбоотой байж үзүүлдэг боловч 60.1% нь зөвхөн өвдсөн үедээ очиж зөвлөгөө авдаг, 27.3% нь эмийг өөрсдөө дур мэдэж хэрэглэдэг, 5 хүн тутмын нэг нь архи уудаг байна.  Настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг тэдний хэрэгцээ·Иймд бид   Геронтолог, гериатрийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх·шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх,   Эрүүл насжилт, настны эрүүл мэндийн хамгаалах чиглэлд онцгой анхаарч,· тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчний аюултай шинжийг эрт таних, тусламж хайх чадварыг эзэмшүүлэх асуудалд анхаарч, ахмадын эрүүл мэндийн төлөө үр дүнтэй үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэн ажиллах болно. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье, Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)