БОАЖ-ын салбарын Удирдах ажилтнууд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна

 

        Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Энэ удаа нийслэл болон аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Усны сав газар,тусгай хамгаалалттай газрын захиргаад,Ойн сум дундын анги болон харьяа газруудын удирдлагаас бүрдсэн   нийт 160 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байна. Зөвлөгөөнөөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, ирэх жилүүдийн төлөвлөгөө, зорилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна. Зөвлөгөөнийг нээж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудын  талаар танилцуулав. 

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 26 зорилтот арга хэмжээний хүрээнд  70 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин өнөөдрийн байдлаар  30 гаруй асуудлыг  УИХ, Засгийн газраар  шийдвэрлүүлсэн байна.  Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсанаас хойш тус  салбарт олон  үйл явдал өрнөж, салбарын эрх зүйн шинэтгэл, хөгжил дэвшилд багагүй ахиц дэвшил гарсныг салбарын сайд онцоллоо. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох стратеги боловсруулан хэрэгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын санг байгуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгажээ. Энэ дагуу  БОАЖЯ-наас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулав. Улмаар Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Байгаль хамгаалах санг Байгаль орчин, уур амьсгалын сан болгон өөрчилснөөр “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-гаас  төсөл хөтөлбөрийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Ойрын хугацаанд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд     “Казиногийн тухай” “Хог хаягдлын тухай” хуулиудыг  батлуулах, Улаанбаатар хот болон томоохон зарим хот суурин газрын агаарын хөрс, усны бохирдлыг бууруулах ҮАБЗ-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Агаарын тухай”, “Агаарын төлбөрийн тухай”, “Ус бохирдуулсны  төлбөрийн тухай” зэрэг хуулиудад  нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.   “Аялал жуулчлалын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд,  “Хурдан морины бооцоот уралдааны тухай” болон байгаль орчны багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо. 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрдэмтдийн үгийг сонсч, бодлого, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн нь мөн онцлууштай ажил байв. Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу  БОАЖЯ-ны дэргэд   Аялал жуулчлалын хөгжлийн төвийг байгуулах Засгийн газрын шийдвэр гараад байна. НҮБ-ын ДАЖБ, түүний дэргэдэх Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөртэй хамтран “Нүүдэлчдийн замаар аялахуй” аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлын хүрээнд “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” олон улсын бага хурлыг өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Мөн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих  зорилго бүхий Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан "Цайны замын олон улсын холбоо”-нд гишүүнээр элссэн,  “Олон улсын тогтвортой аялал жуулчлал-Ядуурлыг бууруулах байгууллага”-ыг үүсгэн байгуулах хэлэлцээрт нэгдэн орсон зэрэг чухал ажлуудыг хийж хэрэгжүүлснээ салбарын сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.  Цаашид байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй  уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, цөлжилт, ой хээрийн түймэр, хөнөөлт шавьж, усны асуудал, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, нэр төрөл, хүртээмж хангалтгүй байгаа зэрэг олон асуудлаар салбарынхантайгаа нягт уялдаатай, илүү эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.   Салбарын орон нутгийн харьяа байгууллагуудын 2016 оны гэрээний биелэлтэнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээс үзэхэд, 14 аймгууд гэрээнийхээ биелэлтийг 80 хувиас  дээш хувиар биелүүлжээ. Гэрээний биелэлтээс үзэхэд, ихэнх аймгууд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг шуурхай унтраах, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх, бэлчээрийн талхагдлыг бууруулах, гол, горхи, булаг шанд, рашааныг эхийг хамгаалах, хөв цөөрөм, усан сан байгуулах, ойжуулалт хийх, хог хаягдлыг ангилан ялгах, хур хог хаягдлыг булшлах зэрэг асуудлаар учир дутагдалтай ажиллаж байгаа аж. Мөн  орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэх, “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлэх,   уул уурхайн элэгдэл, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээг хагас дутуу буюу огт биелүүлээгүй байгаа нийтлэг дутагдал, оршиж байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэлдээ онцоллоо.  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2014 онд 104.4 тэрбум, 2015 онд 104.1 тэрбум байсан бол 2016 онд 50.6 тэрбум төгрөг өмнөх онуудаас 2.1 дахин буурчээ. Хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 15-85 хувь ба түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван  жилд хуулийн биелэлт  40  орчим хувьтай байна. 

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлын талаарх БОАЖ-ын сайдын илтгэлд орсон хэсгээс хураангуйлан хүргэе. 


1.    Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улс өртөмтгий байгаа. Бид одоо улсын хэмжээнд усны тооллого явуулаад дүн нь нэгтгэгдэн гарч байгаа. Жишээ нь өнгөрсөн зун зүүн бүс нутаг хэт халж, 200 гаруй гол, горхи, мөрөн уснаас 100 гаран нь хатаж, түүн дотор Ганга нуур ширгэсэн явдал юм. Эдгээр үзэгдлүүдийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ бэлчээрийн даацыг хэтрүүлэх, олон тооны малыг усалснаас нуурын усны нөхөн сэргэлт явагдаж чадахгүйд хүрч нуурын ус ширгэсэн нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна.  Тийм учраас байгалийн нөөц өөрөө нөхөн сэргэх чадамжаас хэтрүүлж ашиглахгүй байх талаар аймаг орон нутгийн байцаагч нар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. 

 

Цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа байгалийн араншин, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг орон нутагт бэхжүүлж, энэ чиглэлээрх тэргүүн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх загвар төслүүдийг хэрэгжүүлж, эрсдэлийн менежментийг оновчтой төлөвлөн сайжруулж, нутгийн иргэдийн амьжиргааг баталгаатай болгох шаардлагатай юм. 

 

Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сантай идэвхитэй хамтран ажиллах, хүлэмжийн хийг бууруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан Японы хамтарсан кредит олгох механизм, Хятадын уур амьсгалын ногоон сан зэрэг  байгууллагад хүргүүлээд байна. 
•    Монголчууд бийд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж зохицон амьдарч үр шимийг нь хүртэн амьдарч ирсэн нүүдэлчдийн баялаг өв уламжлалтай ард түмэн. Энэ түүхэн соёл уламжлалаа хүүхэд залуустаа өвлүүлж, орчин үеийн ШУ технологийн ололт амжилттай хослуулан бүтээлчээр хэрэгжүүлснээр ногоон хөгжлийг хэвшүүлэх  болно гэж үзэж  байна.
•    Өвөг  дээдэс маань Нүүхдээ буурай цэвэрлэдэг, гол усаа бохирдуулдаггүй байсан сайхан уламжлалтай байсан. Гэтэл өнөөдөр энэ бүхнийг умартаж хаа таарсан газраа хогоо хаяж байгаль орчноо  бохирдуулж байгаа нь ухамсрын доройтол нүүрлэснийг  илтгэж байна. 

 

2.    Агаар, хөрс, ус орчны бохирдол Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдэд ч асуудал дагуулж байна. Агаарын бохирдлын 80% -ийг гэр хорооллын нүүрсний утаа, 10% -ийг автомашинаас ялгарах утаанаас болж байгаа бол хөрсний бохирдлын гол шалтгаан нь нүхэн болон ил задгай  жорлонгоос үүдэлтэй байна.

 

 Төв суурин газрын цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хангалтгүй, хүрэлцээ муу, Уул уурхайн компаниудын хууль зөрчсөн буруу үйл ажиллагаа зэргээс Туул болон бусад гол мөрний ус бохирдож байна.   Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь амьдарч байгаа гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Иймээс :

•    Хот суурин газрын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг байгаль орчинд халгүй аргаар шийдэхэд чиглэсэн санал санаачилгыг дэмжих, тодорхой ахиц дэвшил гаргах; БОАЖЯ аас 2017-2020 онд Азийн хөгжлийн банкны 3 сая долларын буцалтгүй тусламжаар УБ хотын гэр хорооллын 3000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг хэрэгжүүлнэ. 
•     Хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм, ус бохирдуулсны хариуцлагыг чанд мөрдүүлэх; Өнгөрсөн намар “Байгаль хамгаалах сарын аян”-ы хүрээнд БОАЖЯ, НЗДТГ, ААН–үүд, зарим их дээд сургуулийн оюутнуудын хүч, оролцоотойгоор  Улаанбаатар хотын ундны эх үүсвэр Туул, Сэлбэ голын эргийн дагуу, БОАЖЯ-ны харьяа  21 сав газрын захиргаад орон нутгийнхаа томоохон голын эрэг, булаг шандны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн. Цэвэрлэгээний ажилд нийт 15654 хүн, 442 байгууллага оролцож 472.7  тн хог цэвэрлэсэн байна.
•    Туул голын бохирдуулагч гол эх үүсвэр болох цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, УСУГ гээд холбогдох бүх байгууллагыг шахаж, шаардаж ажиллана. 
•    “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”–ын хэрэгжилтийг хангаж ажиллахад онцгойлон анхаарах;
•    Ашигт малтмалын тухай хуулийн 39,7-д заасны дагуу “Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх” эрхээ хэрэгжүүлэх

 

3.    2016 оны байдлаар, нийт газар нутгийн 77.8 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр цөлжилт явагдаж, хөрсний элэгдэл эвдрэлд орж, устаж болзошгүй болон устах аюулд орсон 300 гаруй амьтан ургамал бүртгэгдээд байна.   Иймээс:  
•    Мал эмнэлгийн тогтолцооны гажуудлаас болж малын  гаралтай мялзан өвчин бөхөнд халдсанаар 30 гаруй хувь нь хорогдоод байна. Говь Алтай, Ховд аймагт БОАЖЯ, Улсын онцгой комисс, МХГазар ажиллаж тодорхой дүгнэлтүүдийг гаргаж онц байдал зарлан хяналт постуудыг гаргаж, тодорхой санхүүжилтүүдийг гарган ажиллаж байна. Нэн яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол салаа туурайтан зэрлэг амьтанд халдах магадлал өндөр болж байна. Цаашдаа МУ ын ЗГ аас  Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлах, зэрлэг ан, амьтдыг малын гаралтай халдварт өвчнөөс хамгаалах тодорхой заалтуудыг оруулах шаардлагатай гэж үзэж байна. 
•    Байгалийн нөөц, амьтан, ургамал, ашигт малтмалын хууль бус ашиглалтыг таслан зогсоож, байгаль орчин, байгалийн нөөцөд  учирсан  хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх; 
•    Газрын доройтол, цөлжилтийг бууруулах, бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар сэлгээтэй ашиглаж, өнжүүлэн нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлэх;
•    Орон нутагт байгуулагдсан байгалийн нөөцийн менежментийн чиглэлээрх нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлийг дэмжиж ажиллах, Миний бие энэ салбарын сайдаар өмнө нь ажиллахдаа ажлыг Иргэдийн нөхөрлөлүүдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг 2015 онд зохион байгуулсаныг та бүхэн санаж байгаа. Энэ ажлаа үргэлжлүүлж, 2 дахь зөвлөгөөнийг хавартаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөхөрлөлийн эрхзүй орчинг боловсронгуй болгож ажлыг гүйцэтгэж, холбогдох хуулийн  төслүүдийг боловсруулж байна.
Монгол Улс  ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж тайланг Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нилээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой боллоо. Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна.

 

Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой юм

 

Цөлжилт явагдаж байгаа аймаг, сум, баг бүхэн мод тарьж ургуулах арга хэмжээ тодорхой ойг нөхөн сэргээх ажилд өнцгой анхаарч ажиллах хэрэгтэй байнаа. Ойгоо хөгжүүлсэн, хамгаалсан, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн улс орны иргэд аз жаргалтай байдаг. Модтой хашаа, модтой байгууллага бүхэн гоё харагдаж зөв энергитэй эрч хүчтэй  амьдарч чадна.

 

4.    Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, нэр төрөл, хүртээмж хангалтгүй байна.
•    Орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад хамтран ажиллах, нутгийн иргэдэд түшиглэсэн хот айлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны баазуудад эко стандартыг мөрдүүлэх;

 

5.    Байгаль орчны хууль тогтоомжийг сурталчилах, залуу үедээ байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах экологийн боловсрол олгох асуудал хангалтгүй байна. Иймээс:
•    Байгаль орчны хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар сурталчилгааг тогтмолжуулж, бүх нийтэд байгаль орчны боловсрол олгох ажилд шаардагдах зардлыг гаргаж, иргэдийг мэдээллээр хангах;
•    Эко сургууль болон ерөнхий боловсролын суруулийн дэргэдэх Залуу байгаль хамгаалагчдын клубыг дэмжин ажиллах

 

6.    Улаанбаатар хотод агаар, хөрс, ус орчны бохирдол гамшигийн хэмжээнд хүрч эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл улам алдагдсаар байна. Энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж ирсэн ч бодитой үр дүн харагдахгүй байна. 
•    Иймээс энэ чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд хийх ажлыг эрчимжүүлж, ажлын үр өгөөжийг дээшлүүлэх хэрэгтэй байна. 

 

7.    Алт-2 хөтөлбөрийг дэмжин ажиллах
Монгол улсын 2017 оны төсвийн алдагдал 2,4 ихнаяд төгрөг болж, зөвхөн ирэх 3 дугаар сард гэхэд л 580 сая амдолларын зээлийг өрийг төлөх ёстой болж эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдал үүсээд байна. АЗДнарт хэлсэн  Үүнтэй холбоотойгоор эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж засгийн газар үзэж байна. Бид энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үүднээс түүнд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг эрхлэх шаардлагатай байна. Байгальд ээлтэй экологийн ул мөр багатай үйл ажилагааг эрхлэн явуулах нь эргээд бизгесийн эрсдэлгүй, тогтвортой байдлын баталгаа болох төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна. 

 


               БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.190.108)

    2017-02-13

    Энэ Байгаль орчны яам хажууд байгаа Богд уул, Туул голоо аварч чадаагүй байж тэгнэ ингэнэ гэж худлаа ярьж авилгал авахаа хэзээ болих юм бол. Татан буулгаад салбар бүрийн яамны хажууд байгаль орчны хэлтэс байгуулсан нь дээр юм шиг санагдлаа. Ухаантай хүмүүс ажиллаж амьдарч байсан соц-ын үед тийм байсан нь их зөв байсан шиг санагддаг.