Д.Оюунхорол: XX зуун ”хар” алтны төлөөх тэмцэл байсан бол энэ зуун “цэнхэр” алтны төлөөх тэмцэл болж хувирсан

 

        Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөдөр болж байна. Энэ удаа нийслэл болон аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Усны сав газар,тусгай хамгаалалттай газрын захиргаад,Ойн сум дундын анги болон харьяа газруудын удирдлагаас бүрдсэн   нийт 160 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байгаа юм.
 

Зөвлөгөөнөөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, ирэх жилүүдийн төлөвлөгөө, зорилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна.
 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэлийнхээ эхэнд “Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улс өртөмтгий байгаа. Бид одоо улсын хэмжээнд усны тооллого явуулаад дүн нь нэгтгэгдэн гарч байгаа. Жишээ нь өнгөрсөн зун зүүн бүс нутаг хэт халж, 200 гаруй гол, горхи, мөрөн уснаас 100 гаруй нь хатаж, түүн дотор Ганга нуур ширгэсэн явдал юм. Эдгээр үзэгдлүүдийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ бэлчээрийн даацийг хэтрүүлэх, олон тооны малыг усалнаас нуурын усны нөхөн сэргэлт явагдаж чадахгүйд хүрч нуурын ус ширгэсэн нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна.  Тийм учраас байгалийн нөөц өөрөө нөхөн сэргэх чадамжаас хэртүүлж ашиглахгүй байх талаар аймаг орон нутгийн байцаагч нар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй”-г сануулсан хийгээд агаар, хөрсний бохирдол, цөлжилт гээд олон асуудлыг хөндсөн нь анхаарал татаж байлаа.
 

Илтгэлийн дараа Д.Оюунхорол сайдаас БОАЖ-ын салбарт тулгамдсан асуудал хийгээд, бусад цаг үеийн асуудлаар товч тодруулга авсанаа хүргэе.
 

-Өнөөдрийн зөвлөгөөнөөр байгаль орчны маш олон асуудал хөндөгдөж, байна. Яригдаад өнгөрөх бус, шийдэл гарц байх. Тэгэхээр та ямар үр дүн гарна гэж байгаа вэ?
 

 -Байгаль орчин,  аялал жуучлалын  яамнаас   дөрвөн  жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөтөлбөр, бодлогоо танилцуулж, бүх шатны удирдлагуудтайгаа уулзаж байна. Салбарын удирдах ажилтнуудын дунд шинээр ажил, албан тушаалд очсон хүмүүс бий,  хуучин хүмүүс ч бий.
 

Энэ салбарт  өмнө нь болж байсан, болохгүй байгаа  зүйл нь юу юм, хууль эрхзүйн  талаас дутмаг зүйл юу байна,  орон нутагт байгаль хамгаалах чиглэлээр ямар асуудал хамгийн их анхаарал татаж байна гэх зэрэг олон асуудлыг харилцан ярилцаж, сонсч байна.
 

-Цэвэр усны нөөц жилээс жилд хомсдож байгаа тухай ноцтой зүйлүүд ч яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор та салбарын усны асуудалд хатуу арга хэмжээ авна гэлээ. Чухам ямар байдлаар ажиллах нь үр дүнтэй вэ?
 

-Усны асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  20-р зуун хар алтны төлөөх  тэмцэл байсан  бол  21-р зуун “цэнхэр” алтны төлөөх тэмцэл болон хувирч байна. Дэлхий даяар хүчтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс  хамгийн  ихээр өртөж байна.  
 

Манай яам Монгол Улсын хэмжээнд усны тооллого явуулсан. Энэхүү тооллогоор зөвхөн зүүн бүс нутагт л гэхэд 200 гол горхиноос 120 нь татарч ширгэсэн  байх жишээтэй. Гол ус олноороо ширгэх болсон нь байгалийн хүчин зүйлээс гадна  хувь хүмүүсийн өөрсдийнх нь ухамсраас ихээхэн шалтгаалж байна. Тиймээс   хувь хүмүүсийн буруутай үйлдлийг  таслан зогсоох чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал ус  бохирдуулсны төлбөр хураамжийг нэмэгдүүлэх, хариуцлагыг чангатгах гээд олон арга хэлбэрээр  тэмцэх болно.
 

-Байгаль орчныг доройтуулж байгаа нэг томоохон хүчин зүйл нь уул уурхайн нөхөн сэргээлт хангалттай хийдэггүйтэй холбоотой. Энэ чиглэлд  хийж байгаа дорвитой ажил байна уу?
 

-Байгаль орчны доройтол хариуцлагагүй уул уурхай хамгийн ихээр нөлөөлж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Тиймээс энэ тооллогын дүнг гаргаад цаашдаа нөхөн сэргээлт хийх олон улсын стандарт шаардлагыг аж ахуй нэгжүүдэд  тавьж, нөхөн сэргээлтийн зардлыг урьдчилан төлүүлдэг тогтолцоо руу явна.
 

Зөвхөн орлого олоын төлөө биш, олсон орлогоосоо байгаль эх дэлхийгээ хамгаалахад зарцуулдаг болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байна. байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй хаяж явсан зарим  компаниудыг байгаль орчны эсрэг гэмт хэрэг  үйлдсэн гэдгээр   хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Энэ ажил цаашдаа нэлээн идэвхижих байх.
 

-“Дэрэвгэр жиргэрүүг” нэртэй ургамлыг хилээр гаргахыг хориглосон өмнөх сайдын шийдвэрийг та цуцалсан. Ямар шалтгаанаар энэ ургамлыг хилээр гаргахыг зөвшөөрсөн юм бэ?
 

-“Дэрэвгэр жиргэрүүг өмнө нь олон жил түүж, хилээр гаргадаг байсан. Монголчууд өөрсдөө бол огт хэрэглэдэггүй,  эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй. Харин ганцхан БНХАУ худалдан авдаг, тодорхой орлогын эх үүсвэр болдог юм байна. Судлаад үзэхэд үнэтэй ховор эмийн ургамал болдог, элэгний эмчилгээнд хэрэглэдэг юм байна.
 

Энэ ургамлыг  хилээр гаргах, худалдаалахыг  хориглосноор асуудлыг шийдэхгүй.  Энэ төрлийн ургамлыг тарималжуулаад тодорхой хэмжээгээр нөөцөлсөн  аж ахуй нэгжүүдийг  төрийн захиргааны  шийдвэрээр  хохироож болохгүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээж авч  шийдвэрлэсэн.
 

Д.Чандмань:Таван толгойг тойрсон уул уурхайн компаниуд маш хариуцлагагүй ажиллаж байгаа
 

        Хурлын үеэр анхаарал татсан санал гаргаж байсан Алтайн Өвөр говийн сав газрын дарга Д.Чандманьтай цөөн хором ярилцлаа.

 

 

-Ус, агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрч аюултай түвшинд хүрсэнийг мэргэжлийн байгууллагууд сануулах боллоо. Энэ нь ихэвчлэн уул уурхайн компаниуд, хувь хүмүүсийн ухамсар, хариуцлага муу байгаагаас үүдэж байгааг нэлээн шүүмжилж байна. Үүнийг цаг алдалгүй зохицуулах ямар боломжууд бидэнд байна вэ?
 

-Уул уурхайн салбараас эдийн засгаа босгодог манай улс байгаль орчны нөхөн сэргээлт, аюулгүй байдалд онцгой анхаарах учиртай. Ингэхийн тулд хууль, эрхзүйн дүрэм журмаас гадна байгаль орчны болон уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүстээ хүрч ажиллах шаардлага байгаа юм.
 

Үндсэндээ байгаль орчны цогц байдлыг хадгалахын төлөө бодлого боловсруулж тэмцэнэ гэдэг хүмүүсийн сэтгэл зүтгэлээс гадна төрийн бодлого оролцоо чухал яригдах ёстой.
 

-УИХ эсвэл холбогдох байнгын хороо тухайн орон нутагт нь хуралдаж, нөхцөл байдалтай танилцах саналыг та гаргаж байна. Ингэснээр ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?
 

-Өнөөдөр байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, уул уурхайн компаниуд, малчид эсрэг тэсрэг байр суурьтай хэдэн тийшээ харчихсан хүмүүс байна.
 

Тэр тусмаа уул уурхай, мал аж ахуй хоёр хонь, чоно шиг байна шүү дээ. Улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргая, асуудлыг шийдье гэж байгаа бол нэг ширээний ард суугаад гарц хайж, шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Хариуцлагатай уул уурхайг бий болгох шаардлагатай. Ашигласан усаа дахин ашиглах, хэмнэх том бодлого байна.
 

-Өмнөговь аймагт уул уурхайн салбарын маш олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тэд өнөөдөр хэр хариуцлагатай ажиллаж байна вэ. Нөхөн сэргээлтийн ажилд та бүхэн хяналт тавьж ажиллаж байгаа шүү дээ?
 

Уул уурхайг нөхөн сэргээх ажил хангалттай биш байна. Хариуцлагатай нэг хэсэг бий, хариуцлагагүй нөхөд ч байна. Дандаа муу муухайг ярина гэж юу байхав, хариуцлагатай тогтвортой ажиллаж байгаа компаниуд бий. Тухайбал, “Энержи ресурс” гэхэд нүүрс угаасан усаа цэвэрлээд дахин хэрэглэж байна, тоосоо дарж байна. Иймэрхүү сайн жишээг сайшааж урамшуулах шаардлагатай байгаа юм.
 

Гэтэл Таван толгойг тойрсон уурхайнууд маш хариуцлагагүй ажиллаж байгаагаас үүдэж булаг шанд ширгэх, орчны бохирдол үүсэх зэрэг сөрөг нөлөөллүүд гарч байна. Тэгэхээр төрийн бодлого оновчтой, зөв байж зохицуулалт хийх шаардлага байна.
 

Ой хээрийн түймрээс сэргийлэх, гол горхийг хамгаалах ажил хангалтгүй байна

 

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 26 зорилтот арга хэмжээний хүрээнд  70 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин өнөөдрийн байдлаар  30 гаруй асуудлыг  УИХ, Засгийн газраар  шийдвэрлүүлсэн байна.  Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсанаас хойш тус  салбарт олон  үйл явдал өрнөж, салбарын эрх зүйн шинэтгэл, хөгжил дэвшилд багагүй ахиц дэвшил гарсныг салбарын сайд онцоллоо.
 

Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох стратеги боловсруулан хэрэгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын санг байгуулж, үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгажээ. Энэ дагуу  БОАЖЯ-наас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулав.
 

Улмаар Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Байгаль хамгаалах санг Байгаль орчин, уур амьсгалын сан болгон өөрчилснөөр “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-гаас  төсөл хөтөлбөрийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Ойрын хугацаанд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд     “Казиногийн тухай” “Хог хаягдлын тухай” хуулиудыг  батлуулах, Улаанбаатар хот болон томоохон зарим хот суурин газрын агаарын хөрс, усны бохирдлыг бууруулах ҮАБЗ-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Агаарын тухай”, “Агаарын төлбөрийн тухай”, “Ус бохирдуулсны  төлбөрийн тухай” зэрэг хуулиудад  нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
 

  “Аялал жуулчлалын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд,  “Хурдан морины бооцоот уралдааны тухай” болон байгаль орчны багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.
 

Цаашид байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй  уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, цөлжилт, ой хээрийн түймэр, хөнөөлт шавьж, усны асуудал, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, нэр төрөл, хүртээмж хангалтгүй байгаа зэрэг олон асуудлаар салбарынхантайгаа нягт уялдаатай, илүү эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг ч хэлж байв.   Салбарын орон нутгийн харьяа байгууллагуудын 2016 оны гэрээний биелэлтэнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээс үзэхэд, 14 аймгууд гэрээнийхээ биелэлтийг 80 хувиас  дээш хувиар биелүүлжээ.

Гэрээний биелэлтээс үзэхэд, ихэнх аймгууд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг шуурхай унтраах, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх, бэлчээрийн талхагдалыг бууруулах, гол, горхи, булаг шанд, рашааныг эхийг хамгаалах, хөв цөөрөм, усан сан байгуулах, ойжуулалт хийх, хог хаягдлыг ангилан ялгах, хур хог хаягдлыг булшлах зэрэг асуудлаар учир дутагдалтай ажиллаж байгаа аж.
 

Мөн  орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэх, “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлэх,   уул уурхайн элэгдэл, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зэрэг арга хэмжээг хагас дутуу буюу огт биелүүлээгүй байгаа нийтлэг дутагдал, оршиж байгаа аж.  


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2014 онд 104.4 тэрбум, 2015 онд 104.1 тэрбум байсан бол 2016 онд 50.6 тэрбум төгрөг өмнөх онуудаас 2.1 дахин буурчээ. Хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 15-85 хувь ба түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван  жилд хуулийн биелэлт  40  орчим хувьтай байна.

 

Г.Долгорсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)