Шадар сайд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллав

 

        “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 154 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийг хүйсийн байдлаар нь авч үзвэл эрэгтэй 85, эмэгтэй 69 хүүхэд байгаа юм. Тус төв нь “Элдэв чимэггүй энгийн яриа” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ удаагийн арга хэмжээнд нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх урилгаар оролцлоо.

 

Шадар сайд уг арга хэмжээнд зориулж, тус төвийн хүүхэд бүхэнд сар шинийн гарын бэлэгтэй, хоёр бүрэн автомат угаалгын машин, 50 ширхэг иж бүрэн хөнжил, гудас зэргийг бэлэглэлээ. Тэрээр тус төвийн багш нарт хандаж “Эдгээр бяцхан хүүхдүүдэд бүхнээ зориулан ажиллаж байгаад баярлалаа“ хэмээгээд бяцхан хүүхдүүдэд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

 

“Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэг “Бүрэн автомат угаалгын машин бэлгэнд ирсэн маш их баяртай байна. Өмнө нь хүүхдүүд, багш нар гараар хувцас болон бусад зүйлсээ угаадаг байсан бол үүнээс хойш юм угаахад хялбар боллоо” хэмээсэн юм. Мөн нэн шаардлагатай хэрэгтэй байгаа зүйлс нь ариун цэврийн өрөө стандартын дагуу болгох, хүүхдийн бага оврын автобустай болох хэрэгтэй байгааг хэлж байлаа. Цаашид тус төв нь хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулах ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьж эхэлснээ Шадар сайдад танилцуулж байлаа. Шадар сайд У.Хүрэлсүх дээрх шаардлагатай байгаа зүйлсийг бий болгоход туслаж, дэмжих болно гэдгээ илэрхийллээ.

 

Өнгөрсөн оны байдлаар тус төвөөс 12 хүүхэд МСҮТ-д элсэн суралцсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 13 хүүхэд нэгдүгээр ангид элсэн сурагч болжээ. “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхдүүд Ерөнхий боловсролын 48,53,55, 68, 97 дугаар сургуулиудад, Шинэ монгол ахлах сургууль, Налайх дах МСҮТ, Бадмаараг лицей, Саруул ирээдүй зэрэг сургуулиудад 06-18 насны хүүхдүүдээ боловсролын үйлчилгээнд хамруулдаг байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)