Д.Тэрбишдагва: ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр амжилттай үргэлжилж байна

 

        УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВАТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Улс орон эдийн засгийн хямралтай байгааг амтай болгон ярьж байна. Энэ утгаараа УИХ-ын намрын чуулганы гол зорилго нь эдийн засгийг хямралаас гаргах байсан болов уу. Ер нь намрын чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

 

-УИХ-ын намрын чуулганаар олон асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хамгийн чухал нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөр мөн. Засгийн газраас оруулж ирсэн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг ажлын хэсэг нэлээд сайжруулж, батлуулсан. Гэхдээ энэ хөтөлбөрт эдийн засгийг сэргээхийн тулд яг ямар ажлаас нь эхлэх вэ гэдэгт хэд хэдэн асуудал бий. Засгийн газар том төсөл, хөтөлбөрүүдээс эхлүүлье гэсэн санал бодолтой байна. Гэтэл том төслүүдийн хувьд шууд ажлаа эхлүүлсэн нь тэр бүр харагдахгүй байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр бол Засгийн газрын гишүүдийг өглөө ажилдаа ирэхэд ширээн дээр нь байж байдаг, түүнийгээ уншдаг, орой явахдаа энэ хөтөлбөрөөс юуг нь хэрэгжүүлж байна гэдгийг харах зүйл гэж бид ойлгож байгаа. Тиймээс яам бүр Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн дагуу ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Эдийн засгийн байнгын хороонд хамааралтай таван яам байдаг. Эдгээр яамны оруулж ирж байгаа хуулийг бид дэмжихээс гадна яам бүрийн үйл ажиллагаатай танилцаж байгаа. Түүгээр Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар сонсч байна. -Тавантолгойн төслийг энэ намрын чуулганд амжиж оруулж чадаагүй шалтгааныг та юу гэж харж байна вэ? -Би түүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Оруулах ёстой. Засгийн газраас нэг хөтөлбөр оруулж ирэх юм уу, нэг хэсгийг оруулж ирэх гэж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Миний бодлоор Засгийн газраас Тавантолгойтой холбоотой асуудлаар 3-5 хувилбар оруулж ирэх ёстой. Тийм боломж бий. Харин бид оруулж ирсэн хувилбараас нь Монгол Улсад хамгийн ашигтай хөтөлбөрийг сонгож өгч батлах ёстой. Одоогоор Тавантолгойн 49 хувийг “Шинхуа” компани, 51 хувийг Монгол Улсын Засгийн газар буюу “ММС” гэдэг компани эзэмшинэ гэсэн байр суурь илэрхийлж байгаа болохоос яг тийм тодорхой санал оруулж ирээгүй. Ялангуяа Эдийн засгийг сэргээх хөтөлбөр дотор хамгийн чухал нь Тавантолгойн асуудлыг шийдэх ёстой байсан ч намрын чуулганаар оруулж ирээгүйд харамсч байна.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авахаар болсон. Төрд авснаар дараагийн гарц юу байх бол. Төрийн мэдэлд 100 хувь байлгаад байх уу, эсвэл 49 хувийг нь эргүүлээд хууль ёсоор гадна дотнынхонд худалдах юм уу?

 

-Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романд улаан хувьсгалч Дорж, жирийн айлын малчин байж байгаад гэнэт хувьсгалч болж, нийгэмд байгаа юм бүхнийг хувьчилдаг талаар гардаг. Улаан хувьсгалч Дорж өнөөдөр капиталист эсвэл зэрлэг капиталист Дорж болчихоод байна шүү дээ. Тиймээс эсвэл бүгдийг нийгэмчилсэн коммунист болгое, эсвэл бүгдийг нь хувьчилж авъя гэдэг зүйл манай өнөөдрийн нийгэмд байгаад байна. Зах зээлийн эдийн засаг гэдэг бол өөрөө төрийн зохицуулалттай, нийгмийн баримжаатай байна гэж Үндсэн хуульдаа заагаад өгсөн учир төр тодорхой асуудлаа шийдвэрлэнэ. Тэгэхдээ “Эрдэнэт”- ийн 49 хувийг төр бүгдийг нь эзэмшиж авч болохгүй. Түүнийг хууль дүрмийн дагуу Засгийн газар, УИХ-аар оруулж ирээд компаинудад хувьчлах уу, эсвэл Засгийн газар өөрөө авах уу гэдэг саналаа оруулж ирэх ёстой. Үүний дагуу УИХ шийдэж, ямартай ч миний ойлгож байгаагаар “Эрдэнэт”-ийн 51 хувь нь төрд, 49 нь компаниудад байх ёстой. Түүний дотор “Монголын зэс корпораци” ч худалдан авч болно. Харин хэргийн гол шалтгаан нь юунд байна вэ гэвэл УИХ-аар шийдүүлэх ёстой байсан асуудлыг өмнөх Засгийн газар дур мэдэн шийдвэр гаргаж, Монголын нэг компани үүнд нь орж ноцолдоод байгаатай л холбоотой. Тэгэхээр хууль зөрчиж Засгийн газрын үйл ажиллагаа явуулж байсанд л бид анхаарах ёстой. Яагаад гэвэл хууль зөрчиж болдог гэдгийг Оюутойлгой, Дубайн гэрээнд ч харсан шүү дээ. Одоо “Эрдэнэт”-д дээрх аргыг хэрэглээд байгаа нь зохимжгүй байна.

 

-Олон улсын валютын сангийнхны /ОУВС/ манай улсад арав гаруй шаардлага тавьсан гэсэн. Чухам ямар асуудлыг санал болгосон юм бол. Манай улс тухайн саналыг нь зайлшгүй биелүүлэх шаардлага бий юү?

 

-ОУВС-гийнхантай санал солилцоход хэдэн асуудалд анхаараач гэсэн санал ирүүлсэн байна лээ. Бид өнгөрсөн долоо хоногт тус сангийнхантай уулзсан. Мөн Сангийн яам, Хөгжлийн банкны удирдлагуудтай ч уулзсан. Ингэж ярилцаж байгааг шаардлага гэж шууд хүлээж авч болохгүй. Уг нь ОУВС-гийнхнаар заавал хэлүүлээд байхааргүй, Хөгжлийн банк, Сангийн яамныхан өөрсдөө засч, залруулаад явах боломжтой зүйлүүд байсан. Түүнээс биш “ОУВС-гийн зүгээс шаардлага тавилаа, түүнийг нь биелүүлэх ёстой” гэж яриад байх зүйл биш. Гэхдээ энэ саналууд дотроос үнэхээрийн авууштай, өнгөрснийг засахаар санал байсан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэгэхээр бид саналыг сонсох ёстой болохоос биш заавал ОУВС-гийнхны хэлсэн болгоныг хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Байнгын хороо, УИХ өөрсдийн асуудлаа шийдээд явна. Саналын томьёоллыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Саналын томьёоллыг хэлэлцэх явцад зарим нэг дэмжих шаардлагагүй гэсэн санал гарч байсан. Тухайлбал, “Хараат бус гишүүнээр хувийн хэвшил заавал ажилласан байх ёстой” гэсэн санал байсан. Төр засаг ажиллаад, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид хараат бус гишүүнд орж болно шүү дээ. Энэмэтчилэн бид ярилцсан асуудлыг заавал бүгдийг шийдэх албагүй. ОУВС, Сангийн яам, Хөгжлийн банкныхан ярилцаад харилцан биенийгээ хүлээн зөвшөөрч ойлголцохоор болсон. Түүнээс биш гаднын нэг байгууллагын шаардлагаар Монголын төр явж болохгүй. ОУВСнд байр сууриа хатуу илэрхийлсэн. ОУВС ч “Уучлаарай. Бид шаардлагаа биелүүл гэж тулгаагүй. Асуудлыг танай Засгийн газар, УИХ шийдэх ёстой. Бид санал л хэлсэн. Саналыг хүлээж авах эсэх нь танай асуудал. Санал дээр зөвлөлдөж ярилцаж болно” гэсэн байр суурь илэрхийлсэн.

 

-Ер нь ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр хэр нааштай байна, ямар шатандаа явж байна гэж ойлгож болох вэ?

 

-ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр амжилттай үргэлжилж байна. Ерөнхийдөө хэрэгжих, найдлага, хандлага байна. Би дахин хэлэхэд ОУВС бол хөгжиж байгаа болон хүнд байдалд орсон улс, оронд туслах олон улсын байгууллага. Ямар нэгэн улс төрийн байгууллага биш. Тиймээс бид эдийн засгийн хүнд, амаргүй нөхцөл байдалд байгаа учраас ОУВСнд хандсан. Үүнийг боломжийн, нааштайгаар хэлэлцэж байгаад баяртай байна. Нөгөө талаас манай эрх баригчид гадна, дотнын зээл тусламжийг шүтэн биширч, зөвхөн гадаадаас дэмжлэг авснаар бүх асуудлыг шийднэ гэдэг бол буруу хандлага. Бид өөрсдөө эхлээд асуудлаа шийдэх ямар гарц байна, түүн дээрээ гадаадын дэмжлэг тусламж юу байна гэдгийг ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гурван сая хүн амтай, 60 сая малтай, газар тариалангаар өөрсдийгөө хангах боломжтой улс орны хувьд өөрсдөө хямралаас гарахыг зорих ёстой. Гэтэл манай улстөрчдийн амнаас “ОУВС-тай ажиллахгүй бол Монгол Улс дампуурлаа” гэж яриад байна. Харин би бол эсрэг бодолтой байгаа. Монгол Улс энэ хямралаас гарах асуудлаа өөрсдөө эхэлж бодлоготой шийдвэрээ гаргах ёстой. Үүний дараа бид “Ийм асуудлыг өөрийн дотоод нөөц бололцоогоор хэрэгжүүлж болж байна. Харин энэ асуудалд дэмжлэг үзүүлээч” гэж ярих хэрэгтэй гэж бодож байна.

 

-Хэдий хэмжээний зээл хүсч байгаа юм бол. Хугацааны хувьд ямар тохироо хийж байгаа вэ?

 

-4-5 тэрбум ам.долларын зээлийн талаар ярьж байгаа юм билээ. Хэлэлцээр ид үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл хэлэлх боломжгүй байна. Хэлэлцээрийн эцсийн үр дүн ойрын хугацаанд гарна гэж ОУВС-гийнхан надад хэлсэн.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Tsogt (66.181.170.226)

    2017-02-17

    АМЖИЛТ ХҮСЪЕ...