Э.Билигт: Том хээ, тод өнгө, чамин чимэглэлтэй ТАВИЛГА, ХАНЫН ЦААС сонгохгүй байхыг зөвлөдөг

 

        Хүмүүс сүүлийн үед гэрийнхээ дотоод засалд ихээхэн анхаарч, шилж сонгодог болжээ. Багахан зай талбайг хэрхэн зөв зохистой ашиглаж болох талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг эрмэлздэг болсон байна. Тэдэнд тус болох зөвлөгөө өгүүлэхээр архитектор, дизайнер Э.Билигттэй ярилцлаа. Бээжингийн Урлагийн төв академийг архитектор, дизайнер мэргэжлээр төгссөн тэрбээр одоо Австралийн дизайнер Габриелла Пауэртай хамтран “Inspired living” дизайн студийг үүсгэн байгуулан ажиллаж байгаа юм.

 

-Хүмүүс гэр болон байгууллагынхаа дотоод заслыг улиралтай зохицуулан шинэчилдэг болжээ. Урин дулаан цаг айлчлан ирж буй энэ цагт багахан зардлаар интерьерээ хэрхэн өөрчлөх боломжтойн талаар уншигчдад зөвлөгөө өгнө үү?

 

-Хүн бүрийн сонирхол өөр байдаг учраас моодонд орж байгаа гээд ямар нэгэн зүйлийг тулгаж болдоггүй. Алив хүн өөрийнхөө юу хүсч байгааг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Хүмүүс хэрхэн хүлээж авах талаар сайн бодолгүй гоё харагдсан зүйлээ худалдаад авчихдаг. Ханын цаас сонгохдоо ч ийм алдаа гаргадаг. Том цэцгэн хээтэй ханын цаас авчихаад дараа нь өөрчилж болох эсэх талаар ер боддоггүй. Гадаадынхан шиг улиралдаа тааруулан гэрийнхээ дотоод заслыг шинэчлэх боломжтойг ч сонгодог. Хүмүүсийн анхнаасаа хийсэн буруу сонголтоос үүдэн байгаа зүйлсээ өөрчлөх боломж тэр бүр олддоггүй. Тиймээс би хүмүүст том хээтэй, тод өнгийн, чамин чимэглэлтэй тавилга, ханын цаас сонгохгүй байхыг зөвлөдөг. Цулгуй өнгөтэй зүйлсийг ямар ч нөхцөлд тааруулан өөрчлөх боломжтой гэж хэлдэг. Одоо хаврын улирал ирж байна. Ийм үед хүмүүс дотоод засалдаа зөөлөн, шохойн өнгөтэй зүйлс сонгож, буйдангийн дэр, хөшгөө солиход л болно. Ханын чимэглэл болон зургаа ч сольж байх хэрэгтэй.

 

-Нэг үеийг бодоход иргэд хэт нүсэр тавилгаас татгалздаг болжээ. Энэ нь зөв шийдэл үү. Ер нь дотоод заслаа өөрчлөхөд юунаас татгалзах хэрэгтэй вэ?

 

-Сүүлийн үед хүмүүс нүсэр тавилга хэрэглэхээ багасгасан нь зөв шийдэл. Түүний оронд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй тавилга сонгож зөв байршуулбал дотоод засал зохицолтой харагддаг. Орон зай нэг зохиомжийг үүсгэж байдаг. Хэрвээ ком тавилга авах зайлшгүй шаардлагатай бол өнгө алагласан болон хээ угалз, чимэглэлээс татгалзаж цулгуй өнгөтэйг сонгох хэрэгтэй. Мөн тавилга сонгохдоо олон хэлбэр дүрс байдгийг санах ёстой. Тавилга дөрвөлжин хэлбэртэй бол дугуй загвартай ширээ сонгохыг зөвлөх байна. -Сүүлийн үеийн нэг өрөө байр ихэвчлэн 30 гаруй ам.метр талбайтай болжээ. Энэ жижигхэн орон зайд хэрхэн зөв хуваарилалт хийх боломжтой бол? -Зай хэмнэх ухаалаг аргууд бий. Ор болдог буйдан авч болно. Жижиг хэлбэр, хэмжээтэй тавилгыг зохицуулж тавьж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь гоё сайхан зүйл авахдаа чухал биш надад хэрэгтэй юу гэдгээ бодох нь чухал.

 

-Цаг хугацааг даган улиран солигддог интерьер дизайны 2017 оны чиг хандлага ямар онцлогтой болсон талаар сонирхуулна уу?

 

-Нэг хэсэг шар өнгө, график хар цагаан хээ трэнд болсон. Ханын суурь нь саарал өнгө зонхилж байлаа. Энэ жил байгалийн гаралтай материал, өнгө илүү моодонд орж байна. Маргад эрдэнэ, рубин шиг гүн өнгөнүүд трэнд болсон. Ямар ч зүйлийг тухайн жилийн чиг хандлагад нь тохируулж болдог учраас тийм, ийм гэж онцлох шаардлага байдаггүй. Сүүлийн үед бүх хэв загвар холилдсон юм шиг болоод ирж байна. Энэ нь глобалчлалтай холбоотой.

 

-Гэрийнхээ дотоод заслыг өөрчлөхдөө хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

 

-Хэмжээ, харьцаа болон өнгө зохицуулж, тохируулахдаа ихэвчлэн алддаг. Тухайлбал, ягаан өнгөнд дуртай хүн олон байдаг. Гэхдээ тэд тэр өнгө дотроо ямар олон янз байдгийг анзаардаггүйгээс алддаг. Бас эсрэг өнгө зохицдогийг ч мартаж болохгүй.

 

-Байгалийн гаралтай материалыг дотоод засалдаа оруулахын ач тус юу вэ?

 

-Байгалийн гаралтай материал хуучрахаараа улам л гоё болдог. Гэтэл зарим нийлэг материал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Манай улсад цөөн хэдэн байгууллага чанарын шаардлага хангасан тавилга үйлдвэрлэж, худалдаалж байна. Зарим хямдхан тавилгатай дэлгүүрт ороход эвгүй үнэр ханхалдаг. Тэр нь агаарт ууршимтгай бодис оролцуулсны илрэл юм. Ийм бодис лаак, хавтан наадаг чанар муутай цавуунууд байдаг. Мөн чанар муутай тосон будгуудад ч орно. Энэ бодис агаарт ууршихаараа хорт хавдар үүсгэх аюултай. Сайн чанарын тавилгыг маш өндөр үнээр авдаг. Тиймээс модоор тавилга хийлгэх нь хямд бөгөөд эрүүл мэндэд хоргүй гээд байгаа юм.

 

-Интерьерийн сэдвээсээ халиад улс орны архитектурын онцлогийн талаар сонирхъё. Европын орны архитектур Азийнхаас юугаараа ялгаатай вэ?

 

-Улс орон бүр өөрийн онцлогтой учраас асуултад ерөнхийд нь хариулъя. Миний ажигласнаар европчууд аливаа зүйлийг хэтрүүлдэггүй сайн талтай. Азиуд эсрэгээрээ эдийн засгаасаа хамаараад хэтрүүлэх гээд байдаг юм шиг санагддаг. Гэхдээ Япон үүнээс өөр. Европчууд загварын араас хөөцөлддөггүй, хэрэглээг чухалчилдаг. Технологи, үр ашигтай байдал болон байгаль орчинд ээлтэй байж чадаж байгаа эсэхийг хардаг. Европт барихыг зөвшөөрөөгүй зураг төслөөр Хятадад барилга байгууламж барьж болдог. Тиймээс архитекторуудын мөрөөдлөө биелүүлэх гол талбарыг Хятад, Вьетнам гэж ярьдаг. Хятадын CCTVийн барилгыг яг ингэж барьсан талаар багш маань ярьдаг байсан. Гэхдээ Азийн уламжлалт барилга архитектур одоогийнхоосоо яг эсрэг байсан. Өөрөөр хэлбэл, энгийн, байгальд ээлтэй байж. Харин Европын орнуудын барилга байгууламж ямар байсныг бид эд өлгийн зүйл болон баримтаас харж болно.

 

-Дээр дурдсан шийдлүүдээс танд аль нь таалагддаг вэ?

 

-Японы интерьер, архитектурт дуртай. Тэд хийх гэж байгаа ажлаа шинжлэх ухааны төвшинд нарийн төлөвлөдөг. Гаднаас нь харахад энгийн боловч доторх жижиг хэсэг бүр давтагдашгүй хийж чаддагаараа онцлогтой. -Улаанбаатар хотын барилгын архитектурын талаарх таны бодол? -Үнэндээ дургүй. Яагаад норм, дүрмээрээ барилга барихгүй байгааг гайхсан. Ялангуяа XIII хорооллыг харахаар “Арай ч дээ” гэж хэлмээр санагддаг. Одоо байгаагаас цөөн хэдэн барилга л гоё харагддаг. Социализмын үеийн барилга тэр дундаа Монголын хүүхдийн ордон, Төв бассейн, Оросын соёл мэдээллийн төв, Соёлын төв өргөөний барилгыг үүнд нэрлэж болно

 

-Дотоод заслаа хийлгэх, зөвлөгөө авахад ямар үнэ өртөгтэй байдаг вэ?

 

-Энэ чиглэлийн үйлчилгээ Монголд харьцангуй хямд байдаг. Үнэ өртгийн хувьд интерьер дизайныг нь хийж өгөхдөө ам.метрээр үнэлдэг. Мэдээж айл өрх, албан байгууллагын үнэлгээ өөр. Манай улсад энэ чиглэлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ маш дутмаг байдаг. Тиймээс бид энэ талд түлхүү анхааран ажиллаж байна.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.55.191.130)

    2017-02-17

    yaj holboo barih ve?