Бохирдлыг бууруулахын тулд хуванцар сав хэрэглэхээс татгалзлаа

 

        Энэтхэгийн байгаль орчны асуудлыг шүүн хэлэлцдэг Үндэсний Ногоон шүүхээс нийслэл Шинэ Дели хотод нэг удаагийн хуванцар аяга, сав, уут зэргийг хэрэглэхийг хоригложээ. Хогийн цэгүүдэд хуванцар аяга, тор, сав зэрэг зүйлсийг шатааж агаар бохирдуулж байгаа учраас ийм хориг тавьсан байна. ДЭМБ 2014 онд дэлхийн 1600 гаруй хотыг хамруулсан агаарын чанарын судалгаа явуулахад, хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 13 нь Энэтхэгийн хотууд байжээ. 2013 онд АНУ­д төвтэй “Health Effect” хүрээлэнгийн явуулсан судалгааны тайланд дурдсанаар агаарын бохирдол нь Энэтхэг улсад хүмүүсийг үхэлд хүргэж буй гол хүчин зүйлсийн тавдугаарт бичигдсэн байна. Түүнчлэн далай тэнгисийг бохирдуулж буй нийт хуванцрын 60 хувийг тус улс дангаараа бүрдүүлдэг аж. Тус улсад агаарын бохирдлын улмаас жилд 600 мянга гаруй хүн амь насаа алддаг гэсэн тоо баримт мөн байдаг гэнэ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус улсад агаарын бохирдолтой холбоотойгоор цаг бусаар хорвоог орхих тохиолдол 50 хувиар нэмэгджээ. Агаарын бохирдолтой тэмцэх хүчин чармайлтын хүрээнд Энэтхэгийн Засгийн газар олон сая мод тарьж, цэвэр түлшээр ажилладаг автобус болон галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлж, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд татвар ногдуулах зэрэг арга хэмжээг авчээ. Гэсэн ч Дели хот сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн бохирдолтой хотуудын тоонд орж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард агаарын бохирдол эрс нэмэгдсэний улмаас тус улсын Засгийн газар гурав хоногийн хугацаагаар онц байдал зарлаж байсан аж. Хуванцар зүйлсийг шатааж байгаа нь агаарыг бохирдуулдаг гол хүчин зүйл гэнэ. Эдгээрийг шатааснаар диоксин, фуран зэрэг химийн бодис агуулсан хорт утаа агаарт цацагддаг байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)