Mobile хувилбар

“Хонх дарж, хаалга тогшъё” өдөрлөг боллоо

2017 оны 2 сарын 17

 

        Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог байх ухамсар, дадал суулгаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.

 

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран Метромолл худалдааны төвд ээлжит өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Хөдөлгөөний хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг бодитоор тодорхойлж, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ, иргэд олон нийтийн дунд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг төлөвлөн, зохион байгуулж байгаа юм.

 

Өдөрлөгийн үеэр иргэдийн асуусан асуулт, санал хүсэлтэд хариулж, хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөв. Мөн дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сард хүүхэд-гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 нэгжээр буурсан тухай Цагдаагийн хэлтсийн тайланд дурдагдав.

 

Хамгийн хайртай дотны хүмүүсээ, айл хөршөө энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос нь өмнө амжиж, “Хонх дарж, хаалга тогшъё” гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...