“Форд”-ын төлөвлөгөө ба экосистемийн хөгжүүлэлт

 

        АНУ-ын автомашин үйлдвэрлэгч, салбарын гигант “Форд” компани ирэх онуудад дотоод бодлого, үйлдвэрлэлдээ эрс өөрчлөлт хийхээр болжээ. Компанийн ерөнхийлөгч Марк Филдс технологийн шинэчлэл хийх томоохон төлөвлөгөө боловсруулсан аж. Тэрбээр “Форд”-ыг хөгжлийн шинэ эрин рүү хөтлөх цахилгаан хөдөлгүүрт автомашин болон дугуйн талаар “Business Insider” сэтгүүлд танилцуулсан байна.

 

ИРЭХ 15 ЖИЛД ЦАХИЛГААН АВТОМАШИН ДАВАМГАЙЛНА

 

         Цаг, минутаар хэмжих технологийн салбарын ширүүн өрсөлдөөнд автомашин үйлдвэрлэгч компаниудын гаргаж буй бүтээгдэхүүний дэвшил салбар төдийгүй дэлхий ертөнцийн хөгжлийг шинэ төвшинд хүргэж байна. Салбарын хамгийн нөлөө бүхий “Форд” компанийн хувьд ирэх 2020 он гэхэд цахилгаанаар цэнэглэгддэг 13 шинэ хайбрид загварын автомашиныг зах зээлд нийлүүлэх зорилт дэвшүүлжээ. Тодруулбал, хайбрид хөдөлгүүртэй цахилгаан автомашины төсөлд 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах аж. Өнгөрсөн долоо хоногт компанийн зүгээс дэвшүүлсэн зорилтынхоо дээж болох “F-150 Hybrid”, “Mustang Hybrid” тэргүүтэй автомашины долоон шинэ загварыг олон нийтэд тун удахгүй танилцуулахад бэлэн болсноо зарласан аж. Компанийн ерөнхийлөгч Марк Филдс хэлэхдээ “Ирэх 15 жилд бид дотоод шаталтатаас илүү цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хөгжүүлэхэд түлхүү анхаарна. Салбарын тэргүүлэгч байхыг хүсч байгаа учраас бүтээгдэхүүний чанар, загвараараа тэргүүлэгчийн байр сууриа бататгах болно. Дашрамд дурдахад “Форд” компани дотоод шаталтат автомашин үйлдвэрлэлээ зогсоож байгаа гэсэн үг биш. 15 жилийн дараа ч бид үйлдвэрлэсээр байх болно” гэжээ.

 

ӨӨРӨӨ ЖОЛООДОГЧ АВТОМАШИНЫГ ХҮН БҮРТ...

 

        Автомашин үйлдвэрлэгчдийн гол амбиц болох өөрөө жолоодогч автомашиныг хөгжүүлэх ажилд “Форд”-ынхон ч анхаарлаа хандуулахаар болжээ. Компани 2021 оноос бүрэн автомат жолоодлоготой автомашиныг худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Жолооны хүрд болон дөрөөгүй тээврийн хэрэгслүүдэд камер болон мэдрэгч технологиуд хийж мэргэшсэн дөрвөн компанид “Форд” хөрөнгө оруулж автомат жолоодлоготой автомашин үйлдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа аж. Автомат жолоодлоготой автомашины анхны загвараа тус компани ирэх оноос замд туршихаар төлөвлөж байгаа гэнэ. Уг автомашиныг зах зээлд хэзээ танилцуулах, үнэ өртгийн тухайд тодорхой мэдээлэл байхгүй ч хосолсон хайбрид хөдөлгүүртэй байна гэдгийг уламжилжээ. Компанийн удирдлага уг автомашин зах зээлд гарсан тохиолдолд хот суурин газрын хэрэглэгчид түлхүү худалдан авна гэсэн таамгийг дэвшүүлсэн бөгөөд нийт массд зориулсан боломжит нөхцөлтэй байх талаар анхаарч ажиллаж байгаа аж.

 

БИЗНЕС МОДЕЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

 

        Өөрөө жолоодогч болон цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх эрчимт зорилтоороо компанийн бизнесийн үйл ажиллагаанд дэвшил авчирна гэж “Форд” компанийнхан найдаж байгаа талаар Марк Филдс мэдээлжээ. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд бидний бизнесийн гол модель нь автомашины борлуултын үр дүн байсан. Харин одоо байгальд ээлтэй экосистемийг сонирхож байна” гэжээ. Өнгөрсөн жил тус компани “BMW”, “Daimler”, “Volkswagen” зэрэг компанитай хамтран Европын 400 орчим хотод цахилгаанаар цэнэглэх станц байгуулсан нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх алхмын эхлэл байсан ажээ.

 

“ФОРД” ҮРГЭЛЖ БОРЛУУЛСААР ИРСЭН

 

        “Форд” компанийн ерөнхийлөгч Марк Филдс “Манай компани жолоочгүй автомашин, цахилгаан дугуй гээд шинэлэг технологийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд хэр амжилт олж, олон хувь борлуулах тухай тодорхой судалгаа шинжилгээ байхгүй байгаа ч бид чадна гэдэгтээ итгэлтэй байна. Учир нь “Форд” үргэлж борлуулсаар ирсэн ” хэмээн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Тэрбээр мөн тус компани ирэх сард “Ford Smart Mobility LLC” компанийн нээлтийг хийхээр болсон талаар уламжилсан байна. Уг охин компани нь хөдөлгөөнт үйлчилгээ, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг түгээх, шинэ санаа боловсруулах талын үйл ажиллагааг хариуцаж ажиллах аж. Уг компанийн үйл ажиллагаа нь хараахан жигдрээгүй байгаа ч олон тооны хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мөн уг компанийнхан үйл ажиллагааны эхний төсөл болох цахилгаан дугуйг үйлдвэрлэхээр болсон байна. Цахилгаан дугуйнд “Формула” уралдааны машинуудад ашигладаг технологийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь соронзон эрчим хүчийг кинетик болгох технологи учраас дугуйгаар холын зайд уралдсан ч болох аж.

 

Дугуй ион зайгаар ажиллах бөгөөд хөнгөн, хурд, хүч сайтай байх гэнэ. Уур амьсгалын өөрчлөлт, автомашины бөглөрөл ихэсч, хүмүүсийн эрүүл мэнд доройтож байгаа энэ үед дэлхий нийтийн сонирхол дугуй унахад чиглэх болсныг “Форд” компанийнхан бодолцож ирээдүйн эрэлтэд тулгуурлан ажлаа төлөвлөжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)