“IPHONE 8” ба “GALAXY S8”-ын эргэн тойрон дахь таамаглал

 

        Дэлхийн ухаалаг гар утас, таблетны зэх зээлийг тэргүүлэгч “Apple”, “Samsung” компанийн шинэ загварын гар утасны ээлжит ширүүхэн өрсөлдөөн тун удахгүй эхлэх гэж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард “Apple” компани шинэ загварын “IPhone 7” гар утсаа танилцуулсан билээ. Гэвч тус компани 10 жилийн ойн үеэрээ гаргах гэж буй “Iphone8” гар утсыг хамгийн том тэсрэлт байх болно гэж үзэх хүн олон байгаа юм. Тиймээс энэхүү гар утасны талаар албан бус эх сурвалжууд янз бүрийн үндэслэлтэй таамгийг дэвшүүлж эхэлжээ. Гар утсыг олон нийтэд танилцуулах хугацаа тодорхойгүй байгаа ч энэ намраас хэтрэхгүй гэж технологийн салбарын ажиглагчид үзсэн байна.

 

Харин “Samsung” корпорацийн хувьд “Note7” гар утасны батерей дэлбэрсэнтэй холбоотой бүтэлгүйтлийн дараа хийж буй “Samsung S8” ухаалаг гар утсыг ирэх сард зах зээлд нийлүүлнэ гэсэн албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Үйлдвэрлэлийн нууц мэдээллийг задруулдаг албан бус эх сурвалжийн мэдээлснээр 5.8, 5.2 инчийн хэмжээтэй гарах нумарсан ирмэгтэй “Samsung S8” гар утасны дэлгэц нүүрнийх нь 83 хувийг эзэлж урьд, урьдын загвараас илүү том болсон нь хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгэх гол шалтгааны нэг аж. Түүнчлэн энэхүү утас нь өмнөх загвараасаа хэрэглэгчийн нүдний солонгон бүрхүүлийг таних чадварыг авч үлджээ. Мөн “Apple”- ийн “Siri” хиймэл оюун ухаан шиг “Bibxy” системийг нэвтрүүлэхээр болсон гэнэ. “Note 7” гар утасны батерейтай холбоотой дэлбэрэлтийн улмаас хэрэглэгчийн итгэлийг алдаад буй тус компани шинэ загварын гар утасны зайнд онцгой анхаарал хандуулсан аж. Тодруулбал, “Galaxy S7” гар утасны 3000мАц батерейг сайжруулж, 3250мАц, “S8 Plus” утсанд 3750мАц батерейг суулгахаар төлөвлөжээ. Уг гар утсанд “Qualcomm” компанийн “Snapdragon 835” процессорыг суулгасан бөгөөд өмнөх загварт суурилуулсан “Snapdragon 820” процессороос 40 хувиар бага тэжээл иддэг аж.

 

Өрсөлдөгч “Apple” компанийн үнэнч хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “IPhone 8” гар утасны тухайд хөнгөн цагаан эх биеэс татгалзаж, шилэн эсвэл зэвэрдэггүй ган материалаар бүрхэнэ гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлжээ. “KGI Securities” компанийн шинжээч Минг Чи Куо ч мөн үүнийг баталж шинэ iPhone гар утсыг бүтээхэд хөнгөн цагаан материал ашиглахгүй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн хурууны хээ уншдаг Home товчийг дэлгэцэд байрлуулах тухай мэдээлэл ч мөн байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн намар “Apple” компани индукцийн цэнэглэх технологийн патент авах хүсэлт гаргасан нь “iPhone 8” загвар утасгүй цэнэглэгчтэй болно гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэжээ. 5.8 инчийн, OLED дэлгэцтэй энэхүү шинэ загвар утасгүй чихэвч, утасгүй цэнэглэгчтэй болбол салбарын хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг эргүүлэх үйл явдал аж.

 

Хэрэв “Apple” компанийн чипийг үйлдвэрлэдэг Тайвань улсын “TSMC” компани 10 нанометр хэмжээтэй асар хурдтай, овор бага, эрчим хүч хэмнэдэг А11 процессорыг үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэл батлагдвал уг шинэ загварын өрсөлдөгчөөсөө илүү гарах нэгэн чухал хэмжүүр болох гэнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)