Д.Цогзолмаа: Мэдээллээ баталгаажуулах хугацааг энэ сарын 25-ныг дуустал сунгасан

 

        НӨАТ-ын буцаан олголтын талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 2-ноос иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Гэтэл одоог хүртэл буцаан олголтоо авч чадаагүй иргэн цөөнгүй байна. Ямар шалтгааны улмаас буцаан олголт дансад нь орохгүй байна вэ?

 

-Нэгдүгээрт, цөөнгүй хэрэглэгч цахим системд мэдээллээ бүртгүүлэхдээ дутуу, буруу зөрүү оруулсан байна. Тухайлбал, овог, нэр, буцаалт авах банкны нэр болон дансны дугаар зэргийг аль нэгийг буруу бичсэн тохиолдолд буцаан олголтын мөнгө дансанд нь орохгүй. Хоёрдугаарт, мэдээллийн формат зөрүүтэй тохиолдолд мөн буцаан олголтыг данс руу нь шилжүүлэх боломжгүй болж байгаа юм.

 

-Формат зөрүүтэй гэдгийг тодруулна уу?

 

-Хэрэглэгч мэдээллээ бүртгүүлэхдээ заавал криллээр бичих шаардлагатай. Таны бүртгүүлсэн мэдээлэл банкныхаас зөрүүтэй байх тохиолдол гарч байна. Тухайлбал, өөрийнхөө нэрийг латинаар бичсэн тохиолдолд мэдээлэл зөрүүтэй болно. Аль эсвэл нэрээ бүгдийг нь жижиг шрифтээр бичсэн байхад банк томоор бичсэн байдаг ч юм уу энэ мэтээр мэдээлэл зөрөх явдал бий. Мэдээллийнх нь формат зөрсөн тохиолдолд тухайн нэр банкнаас буцаад ирдэг.

 

-Ямар шалтгааны улмаас иргэд хэрэглэгчийнхээ мэдээллийг баталгаажуулахгүй байна вэ?

 

-Мэдээлэл нь зөрүүтэй байгаа иргэдийн дийлэнх нь 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн эдгээр иргэний 40 гаруй хувийнх нь буцаан авалтын үнийн дүн 1000 төгрөгөөс доош байгаа юм. Тэгэхээр зарим иргэн сонирхоод ганц нэг удаа бүртгүүлээд орхичихдог юм уу эсвэл буцаан авалтын үнийн дүн бага болохоор мэдээллээ баталгаажуулахгүй хаячихдаг байж магадгүй. Харин заримынх нь хувьд интернэт орчноос алслагдмал амьдарч байгаа нь нөлөөлдөг байх.

 

-Энэ мэт шалтгаанаар мэдээлэл нь зөрүүтэй байгаа иргэдийн хувьд хэрэглэгчийн мэдээллээ баталгаажуулах боломж, хугацаа бий юү?

 

-Энэ сарын 25-ныг дуустал тухайн иргэдийн мэдээллийг засварлуулан баталгаажуулах боломж олгох шийдвэрийг Сангийн яамнаас өчигдөр /энэ сарын 16/ гаргасан. Иймд татвар төлөгч та цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн хувийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулж урамшууллаа аваарай. Мэдээлэлдээ засвар хийхдээ “Данс тохируулах” гэсэн хэсэгт орж, өөрийн овог, нэр болон данс, утасны дугаар зэргээ дахин нягтлан оруулах шаардлагатай. Дансны дугаар гэсэн хэсэгт өөрийн нэр дээр байгаа дансыг зайлшгүй байршуулах юм. Хэрэв баталгаажилт зөв хийсэн бол “Данс тохируулах” гэсэн үгийн ард ногооноор зөв гэсэн тэмдэгт гарч ирнэ.

 

-Зарим иргэний хувьд хэрэглэгчийн мэдээлэл нь үнэн зөв, баталгаажсан хэрнээ буцаан олголт дансанд нь орж ирэхгүй байгаа юм билээ. Ийм тохиолдолд яах ёстой юм бол?

 

-Буцаан олголт авах шаардлага хангасан иргэдийн нэрсийн жагсаалт, үнийн дүн зэргийг Сангийн яамаар дамжуулан банкууд руу шилжүүлсэн. Тиймээс ийм асуудалтай иргэд НӨАТын буцаан олголт авахаар бүртгүүлсэн банкиндаа хандаж шалгуулах нь зүйтэй.

 

-Ebarimt.mn-д бүртгүүлсэн нийт иргэдээс мэдээлэл баталгаажуулаагүй, формат зөрүүтэй, буцаан авалт нь 1000 төгрөгөөс доош үнийн дүнтэй гэх зэрэг шалтгаанаар одоогоор хэчнээн иргэн татварынхаа буцаан олголтыг аваагүй байна вэ?

 

-Албан татвар төлөгч 620409 иргэн бүртгүүлснээс 482587 нь буцаан олголтоо авсан. Харин мэдээллээ баталгаажуулаагүй 137800 гаруй, 1000 төгрөгөөс доош үнийн дүнтэй 57100, формат алдаатай 30293 иргэн одоогоор буцаан олголтоо аваагүй байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан шалтгаанаар тэрбум төгрөгийн буцаан олголт хүлээгдэж байна гэсэн үг.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (66.181.170.226)

    2017-02-20

    ene nogoo yabdaltai hvvhen mon bna sh dee

  • like (66.181.170.226)

    2017-02-20

    ene nogoo yabdaltai hvvhen mon bh shib deee

  • зочин (66.181.164.214)

    2017-02-20

    Бүртгэгдсэн боловч үнийн дүнгээ илгээгээгүй ААН -ийн талон баталгаажаагүй маш их байна. Түүнийг яах ёстой вэ?иргэд хохирох уу? жишээ нь: миний 90 гаруй талон ийм байсан.