С.Оюун: Миний нийтлэлийн дараа намын Төв хорооноос шийдвэр гарч Цаган сарыг тэмдэглэдэг болсон

        “Тань руу нүүж явна” уран сайхны кино, “Үгүйлэн санана даа”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Эрхлэн жаргах чи бидэн хоёр” зэрэг олон сайхан дуугаараа олны хүндэтгэлийг хүлээсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, хүний их эмч С.Оюунтай хөөрөлдлөө. Тэрбээр ярилцлагын өмнө “Би танай сонинтой их нандин холбоотой. Миний хамгийн анхны шүлгийг Ш.Дулмаа гуай “Үнэн” сонинд хэвлүүлж байлаа. Мөн анхны номын минь тухай шүүмжийг Ш.Сүрэнжав гуай бичиж “Залуучуудын үнэн” сонинд хэвлэж байв. 1988 онд би Цагаан сарыг тэмдэглэдэг болох тухай асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичиж “Үнэн” сонины дэргэдэх “Шинэ хөдөө” дагуул сонинд нийтлүүлсэн юм. Маш олон хүний дэмжлэг авч учир тоймгүй их захидал ирж билээ. Үүнээс үүдэн Намын төв хорооны тогтоол гарч Цагаан сарыг малчдын баяр байсныг монголчуудын бүх нийтийнх болгож байв. Тэр жил нь би “Үнэн” сонины оны шагналыг авсан” хэмээн хуучилсан юм.

 

-Та анагаахын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Юу таныг утга зохиолын ертөнц рүү хөтлөв?

 

-Би Булган аймгийн Могод суманд төрсөн. Дөрөвдүгээр ангид байхад манайх Улаанбаатар хотод нүүж ирээд би 16 дугаар дунд сургуульд сурсан. Манай сургуулийн пионерийн удирдагч нь Д.Мандахсан багш байлаа. Тэрбээр “Уран үг” утга зохиолын дугуйланг нээж, биднийг бүртгэж авч байв. Ингээд бид Мандахсан багшийн дугуйланд явсан. Арван жилээ төгсөхөд ээж, аав хоёр минь намайг “Цалинтай сургуульд сур” гэж зөвлөсөн. Надад Багшийн дээдийн хуваарь ирлээ. Гэтэл ээж, аав хоёр “Багшийн сургуулиар яадаг юм. Эмч бол” гэсэн. Ингээд Хүмүүнлэгийн техникумд сурч, тэнд байхдаа ч утга зохиолын дугуйланд явдаг байв. Намайг Анагаахын дунд сургуульд байхад “Залуучуудын үнэн” сонины идэвхтэн сурвалжлагч болгож байлаа. Хамгийн анх Улсын баатар Л.Дандарын тухай мэдээ бичиж байжээ. Үүний дараа анагаахын дээд сургуульд дэвшин сурсан. Тэнд бас л утга зохиолын дугуйланд сурсан. Эрхлэгч нь Зундуй, багш нь Долгорын Нямаа гуай байв. Тэр үед Монголын зохиолчдын хорооны залуу зохиолчдын нэгдэл их, дээд сургуулиудын утга зохиолын дугуйланд очиж мэргэжлийн зөвлөгөө өгдөг байсан юм. Долгорын Нямаа багшийн оронд П.Лувсанцэрэн дээд сургуулийн дугуйланг удирдаж, дээд сургуулиудын утга зохиолын дугуйланг нэгтгэн яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолын нэгдлийг бий болгосон түүхтэй. Намайг Анагаах ухааны дээд сургуулийг төгсдөг жил Тоомойн Очирхүү бид хоёрыг Монголын үндэсний телевиз, радиогийн эрүүл мэндийн нэвтрүүлгийн редактороор томилсон. Ингэж л миний эмчийн ажлыг сурвалжлагчийнхаар сольчихсон юм даа.

 

-Зохиол бүтээлээ хэдий үеэс тууштай бичсэн бэ?

 

-1970 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсч байв. П.Лувсанцэрэн багш тухайн үед Зохиолчдын эвлэлд есөн хүнийг гишүүнээр элсүүлсэн. Тэрбээр “Манай зохиолчдын ихэнх нь өндөр настай боллоо. Залуу зохиолчдоор эгнээгээ нэмье” гээд биднийг нийтлүүлсэн чинь олон хүний дэмжлэг авч учир тоймгүй их захидал “Үнэн” сонинд ирж байсан. Үүнээс үүдэн Төв хорооны тогтоол гарч, Цагаан сарыг малчдын баяр байсныг монголчуудын бүх нийтийн баяр болгосон юм. Цагаан сарын гол утга учир нь ураг удмаа мэддэг болох явдал. Энэ тухай би есөн үеэ мэддэг болъё, Цагаан сар тэмдэглэхийн гол учир нь ах дүүс, ураг удмаа мэдэхэд хэрэгтэй гэж бичиж байлаа.

 

-Удахгүй Цагаан сар болох гэж байна. Таныг бага байхад энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?

 

-Намайг бага байхад хөдөө Цагаан сар их сайхан болдог байлаа. Цагаан сарын өмнө их ажил өрнөнө. Хэвийн боов, буузаа бөөнөөрөө хийгээд л гэрээ цэвэрлэнэ. Битүүнд тавагтай махан дээр хэдэн бууз хийгээд айл саахалтад аваачиж өгдөг. Хариуд нь идээ битүүлэг аваад харьдаг байлаа. Өглөө нь золгоно. Тухайн үед бэлэг гэж 12 мөнгөний дэвтрийг дундуур нь хуваагаад эсвэл тал харандаа өгнө. Хэвийн боовон дээр хоёр гурван чихэр, ёотон тавьж өгдөг байсан. Манайхыг Улаанбаатарт нүүж ирсэн жил Цагаан сар тэмдэглэхийг хорьсон юм. Тухайн үед аав, ээж маань хулгайгаар шинэлдэг байв. Ажлын өдрөөр тэмдэглэсэн байвал цалингаас нь хасна гэж дарга нар нь загнадаг байж. Тэгсэн мөртлөө үдээс хойш бүх албан газрынхан баяраа тэмдэглэх гээд ажлаа орхиод явдаг байсан юм.

 

-Таны бага насны үеийнх одоогийнхоос их өөр байсан уу?

 

-1990-ээд оноос хойш Цагаан сарыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Сүүлийн үед шинэ содон маягаар тэмдэглэдэг болсон байна. Ах дүүсээрээ ресторанд уулзаж тэмдэглэлээ гэж дуулдсан. Ямар байдлаар яаж тэмдэглэх нь чухал биш. Гол нь ах дүүсээрээ уулздаг, удам судраа мэддэг болох нь чухал юм. Би хэдэн жилийн өмнө Өвөрмонголд очиход монгол нэртэй ч олонх нь овоггүй, ураг удмаа мэдэхгүй болчихсон байсан. Удам угсаагаа мэдэхгүй нь эмгэнэл шүү дээ. Монголчууд монгол хэвээрээ байхад Цагаан сар их үүрэг гүйцэтгэдэг. Цагаан сар нь биднийг монгол гэдгийг харуулдаг чухал баяр гэдгээр залуус харах хэрэгтэй. Цагаан сар хамгийн бэлгэ дэмбэрэлтэй баяр учраас бид шинэ хувцсаа өмсч, хир тоосоо гөвж, муу үг хэлдэггүй, бүгдээрээ их сайхан баяр бахдалтай байх ёстой.

 

-Хоёулаа эргээд гол яриандаа оръё. Москва хотын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурах боломж хэрхэн олдож байв?

 

-Энэ түүх их хөгжилтэй. Нэлээд хэдэн жил зохиол бүтээл бичсэн хүнийг мэргэжил дээшлүүлэхээр уг сургуульд явуулдаг журамтай. Жилд хоёр хүнийг явуулдаг байлаа. Тэр жил би өргөдөл өгсөн юм. Надтай хамт олон хүн шалгалт өгч З.Гүнсэн, З.Дорж, Ж.Лхагва нар тунаж үлдсэн. Бид дөрвөөс орос хэлний шалгалт авч роман гэж юу вэ гэхэд оросоор хариулахаар болсон юм. Би анагаахын дээд сургуулийг төгссөн учир халтар хултар орос хэл мэддэг байлаа. Тал нүүр юм бичээд явуулсан. Мөн улс төрийн шалгалт авсан. Намын хурлын тухай л асуулт байсан. Маргааш нь Зохиолчдын хороон дээр очсон чинь Дагвадорж гуай намайг тэнцээгүй гэж байна. Би яагаад тэнцээгүй юм, хэдэн оноо авсан бол гэж бодоод шалгалт авсан багш нар дээрээ очоод асуусан чинь оноогоороо хоёрдугаарт жагсахаар л байна. Шалгалтын оноогоороо хоёрдугаарт яваа мөртлөө яагаад хасагдав гэж гайхаад Намын төв хороонд өргөдөл бичлээ. Гэтэл намайг намын гишүүн биш, хөдөө ажиллаж байгаагүй, гэр бүлийн хувьд тогтворгүй/ тухайн үед хүнтэй суугаагүй л бол гэр бүлийн хувьд тогтворгүй гэдэг байлаа/ гэж хассан гэнэ. Тэгэхээр нь Төв хорооны үзэл суртлын хэлтэст гомдол гаргалаа. Соёлын яаманд ажиллаж байсан Ишваанжил гуай “Та нар шалгалтын дүнгээр нь явуулахгүй байсан бол яах гэж шалгалт авсан юм” гэж загнаад л Ж.Лхагва бид хоёр явуулсан юм. Хоёр жил тэнд их зүйл сурсан даа.

 

-Та 100 гаруй дууны шүлэг бичсэн. Эдгээрээс "Хорвоод ганцхан ээждээ" дуу олон хүний сэтгэлд хоногшсон сайхан бүтээл. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

 

-Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг бид хоёр Булган аймгийн Могод сумынх. Орост хамт сурч байлаа. Тэрээр их хөгжилтэй, үргэлж л паянтай явна. Их хэнэггүй, ээждээ очихдоо “Ээж ээ, намайг ойлгоорой. Бэлэггүй ирсэн шүү” гээд л үнсүүлээд сүнгэнээд л алга болдог байсан. Миний ээж бурхан болоод хоёр жил болсон байлаа. Ц.Чинзоригийг ээжийгээ нэг л ойшоохгүй, нандигнахгүй байгааг нь хараад дууны үг бичсэн юм. Амьхандаа түүнд санаа өгөх санаатай. Түүнийг ЗХУ-д Свердловскийн хөгжмийн дээд сургуульд явахад нь дууныхаа үгийг гараар бичиж өгч байлаа.

 

“Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ”
гэж бичээд доор нь С.Оюун гээд гарын үсгээ сарайлгаад өгсөн юм. Түүнийг хаялгүй халаасалж явсаар ая хийсэн юм билээ. Нэг ирэхдээ “Чиний надад бичиж өгсөн дуу манай Свердловскийн сургуулийн сүлд дуу болсон” гээд надад гитардаж дуулж өгч байлаа. Дууныхаа үгийг Зохиолчдын хороогоор батлуулах гэсэн Д.Пүрэвдорж гуай баталж өгдөггүй. “Энэ чинь “Ингэх юмсан, тэгэх юм” гэсэн үгтэй амьдралын ямар ч идэвхгүй, санааширсан дуу байна” гээд тамга дардаггүй. Радиогийн алтан фондод орж чадахгүй яваад л байлаа. Харин 1990 он гарч тамга тэмдэг дардаггүй болсон хойно Н.Төмөрхуяг маань дуулж олон түмний сэтгэлд хоногшсон доо.

 

-Та ээжийнхээ тухай сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцана уу?

 

-Ээж минь 1921 онд төрсөн, их уран хүн байлаа. Олон хүнд дээл оёж өгч байсан. Мэргэжил эзэмшээгүй энгийн л нэгэн, таван хүүхэд төрүүлсэн сайхан ээж байсан юм. Аав маань бас их уран, юмны эв дүйг сайн олдог, сийлбэр хийдэг байв. Энэ нь надад өвлөгдөж би бас уран үг шаглаж яваа юм болов уу гэж боддог. Ээж минь тамхи их татна. Үргэлж л гаанс нэрээд суудагсан. Түүнээсээ болоод их залуухандаа бие нь өвдсөн. Тэгээд л гэрийнхэн минь намайг эмч болгосон байх. Намайг хөдөө ажлаар явах хооронд бурхан болсон байж билээ.

 

-“Тань руу нүүж явна” киногоор монгол хүний сэтгэлийг гайхалтай гаргасан гэж боддог. Энэ киноны зохиолыг хэрхэн бичиж байв?

 

-Алив зохиолын санаа амьдралаас л эхтэй байдаг. Нутагтаа болсон үйл явдлыг л кино зохиол болгосон юм. Манай нутагт ганц хүүтэй хөгшин байлаа. Хүү нь малын эмч. Мотоциклоос унаад нас барсан. Их өрөвдөлтэй. Нэг өдөр энэ явдлыг зохиол болгож болох юм гэж бодож, зохиолоо бичээд Кино үйлдвэр дээр очлоо. Тэр үед Кино үйлдвэр гэж их том вант улс байв. Төмөрхүү найруулагчид зохиолоо үзүүлсэн чинь уншчихаад хариу хэлнэ гэв. Хоёр гурван хоногийн дараа дуудаад кино болж болохоор зохиол байна гэлээ. Соёлын яамны киноны хэлтэс энэ тэрээр явсаар намар нь Д.Мягмар гуай зохиолыг хэлэлцээд “Энэ зохиол нэг бол хүн үздэг сайхан бүтээл болно эсвэл хэн ч үздэггүй кино болно” гэсэн юм. Одоо бодохоор түүний хэлж байсан нь үнэн. Тухайн үед түүхэн эсвэл шилдэг тэргүүний хүний тухай л кино хийдэг байсан юм. Ахуйн сэдэвтэй кино бараг хийдэггүй. Шинэ зүйл хийсэн учраас Д.Мягмар гуай тэгж хэлж байжээ. Харин кино гарч “Элдэв очир” кино театрт үзэгчид дугаарлаж, үзээд их уйлж байсан. 10 хоногийн дотор зардлаа нөхөж байлаа. Энэ кинонд монгол ахуй, монгол хүний үнэт зүйл, сэтгэлийг харуулсан учраас сайн бүтээл болсон гэж боддог. Кинонд үйл явдлын зөрчил, товойсон дүр байхгүй. Харин Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлэг шиг монгол хүний үнэт зүйлийг л шингээсэн учраас тэр биз гэж боддог. Мөн найруулагч Б.Балжинням киноны төгсгөлийг их сайхан гаргаж өгсөн. Монголчууд нүүдэлчин ард түмэн учраас асуудлыг нүүж байж шийддэг. Ийм л тайллаар киног төгсгөсөн. Анх кино гарч байхад түүний энэ шийдлийг сайн мэддэггүй байж. Одоо бодоход биширдэг юм.

 

-Өнөөдөр энэ кино шиг сайхан бүтээл гарахгүй байгаа. Энэ нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

 

-Манайхан барууны киноны хэлбэрийг уран бүтээлдээ их ашиглах болж. Тэд зөрчлийг их сайн олсон байх юм. Гэвч тэр кинонд нь монгол зүйл ер байхгүй. Нэг их алаан хядаан, зодоон л үзүүлдэг. Монгол ахуй дээр барууны соёлыг хольж холион бантанг нь хутгаж байна. Ерөөсөө монгол хүн, нүүдэлчдийн үнэт зүйлийг харуулсан кино байхгүй. Дээр нь монгол ахуйг харуулсан киног хоцрогдсон сэдэв гэж уран бүтээлчид хардаг.

 

-Та нэгэн ярилцлагадаа “Сайн зохиолч амьдралдаа таван сайхан яруу найраг бичдэг” гэжээ. Үүнийгээ биелүүлсэн үү?

 

-Өгүүллэгийн нэрт мастер П.Лувсанцэрэн багш минь ийн хэлж байсан юм. Багш М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсч ирээд залуу зохиолчдын нэгдэл байгуулсан. Тэрбээр “Та нараас таван яруу найрагч төрүүлбэл өнөөдөр энэ нэгдэл байгуулж буйн хэрэг гарна. Та нар амьдралдаа таван сайн шүлэг биччихвэл яруу найрагч болох нь тэр” гэсэн юм. Тухайн үед “За яршиг даа. 50 сайн яруу найраг бичилгүй яах вэ” гэж боддог байлаа. Хожим нэртэй зохиолчдын бүтээлийг үзэхэд хүмүүсийн сэтгэлд хүрсэн бүтээл нь багшийн хэлсэн тоонд хүрдэг юм билээ. Одоо бодоход амьдралаас урган гарсан айхавтар үг байж. Б.Лхагвасүрэн, Д.Цоодол гээд мундгуудыг ч шүүгээд үзсэн таван шүлэг үлдэнэ байх. Миний хувьд ард түмэн маань дуулж байгаа дуу, сэтгэлд нь хүрсэн шүлгээ бодохоор биелсэн байж мэднэ. Үгүй ч байж магад шүү дээ. Таван шүлгээ бичсэн бол зохиолч хүнийхээ үүргээ биелүүлж байгаа нь тэр.

 

-Сүүлийн үед бичиж буй зохиол бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцах уу?

 

-Өгүүллэг, туужийн нэг ном биччихсэн, эмхтгэх гээд сууж байна. С.Пүрэвээс “Номыг минь хянаж өгөөч” гэж гуйсан. Цахим сүлжээнд манай үеэс С.Пүрэв бид хоёр л байдаг юм билээ. Одоо ч технологи хөгжөөд сайхан болж, энд тэнд уулзах гэж бөөн ажил болохгүй. Бичсэн зүйлээ түүн рүү шидээд л үзүүлчихдэг.

 

-Өнөөгийн манай уран зохиолын өнгө аяс, чиг хандлагын тухай та ямар бодолтой байна. Зарим хүн яруу найрагч их олон болсныг гайхах, төвөгшөөх янзтай ярих болсон?

 

-Өнөөдөр борооны дараах мөөг шиг гарч байгаа энэ олон номд редактор гэгч хүн алга. Редактор гэдэг чинь маш чухал алба ч гэлээ өнөөдөр байхгүй байна. Ямар ч хяналтгүйгээр бичсэн зүйлээ хэвлүүлэх болж. Сонин хэвлэл ч тэр редакторгүй болсон. Танай “Үнэн” сонинд Л.Түдэв гэж мундаг редактор байсан. Тухайн үед ажиллаж байсан сэтгүүлчид надад “Л.Түдэв гуай бидний материалыг улаан цоохор болгож, маш сайн хянадаг байсан” гэж ярьж байлаа. Түүн шиг редактор л өнөөдөр хэрэгтэй байна. Мөн зохиолчид нийгмийн түүчээ байх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадахгүй байна.

 

-Та залуу уран бүтээлчдээс хэний зохиолыг тоож уншиж байна вэ?

 

-А.Эрдэнэ-Очир, А.ЦэндАюуш, Л.Ганзул, Б.Баттулга гээд сайхан яруу найрагч байна. Тэд болж өгвөл “Болор цом”-дохгүйхэн шиг л явбал илүү сайн бичнэ гэж боддог. Яг л нэг төвшинд очоод зогсчихоод байна гэж харж байгаа. Ер нь “Болор цом”-оор утга зохиолыг хэмжих хэрэггүй. Зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Алтан өд” наадамд тэргүүлсэн ном олон түмэнд хүрэхгүй байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Би энэ мэт зүйлийг ил хэлчихдэг юм. Залуудаа өргөх бичих удирдлагуудад өгөөд даргаа суудлаас нь буулгаж л байлаа. “Болор цом” наадмыг шүүмжлээд зохиолч нөхдөдөө сайн биш харагдаж л байлаа. Энэ наадмыг шүүмжлэхэд зохиолчид дургүй. Таатай ханддаггүй. Ер нь энэ наадмын талаар хүмүүс санаа бодлоо хэлэхгүй дотроо бодоод ч юм ганц хоёр хүн хоорондоо яриад байдаг юм. Энэ жил наадамд залуусыг түлхүү оруулсанд баярлаж л суулаа. Гэтэл шүүлт нь хэцүү юм болчихсон. Тэгээд ч шүлэг яруу найргийг сонсч шүүнэ гэдэг учир дутагдалтай. Чих худалч, нүд үнэнч гэдэг шүү дээ.

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ
 

 

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бүлт (202.9.41.31)

    2017-02-21

    Өө за за . Цагаан сарын патентаа аваарай даа.