“The voice” шоуны ялагч “Universal Music”-тэй хамтран ажиллана

 

        Цэнгээнт нэвтрүүлгийн хамгийн том контент “The Voice” шоуг Монголд зохион байгуулахаар болсон тухай таатай мэдээллийг шоуны албан ёсны эрхийг эзэмшигч “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номин дуулгасан билээ. “Авьяаслаг монголчууд” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан “Монгол ТВ”- ийн уран бүтээлчид нэвтрүүлэг зохион байгуулах эрхийг авахаар 2015 оноос хойш ажилласаар өнгөрсөн сард гэрээг эцэслэжээ. Контентийг хөгжүүлж, үзэгчдэдээ шинэлэг бүхнийг хүргэхийг эрмэлздэг “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номин уг шоуны тухайд “Монголчууд маань олон улсын хэмжээний стандартад нийцсэн монгол контентоо үзэж байж л бусадтай ижил төвшинд хөгжих боломж бүрдэх юм. Энэ зарчмаар харвал “The Voice” зэрэглэлээрээ эхний эгнээнд явж байгаа шоу. Бидний “Авъяаслаг монголчууд” шоуг хийсэн туршлага маань “ The Voice”–г ч бас хийх боломж байна гэж харахад хүргэсэн” гэжээ. Харин шоуны онцлогийг мэргэжлийн төвшний байх болно гэж тодорхойлоод “Шоу маань авьяас, чанар, чадвар гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай” хэмээн ярьсан байна. “The Voice” шоу нь сонсох, халз тулаан, хагас шигшээ, финал гэсэн дөрвөн үе шаттай байх юм. Мөн урьдчилсан хоёр шатны шалгаруулалтаар эфирт гарах оролцогчийг тодруулах гэнэ. Зохион байгуулагчдын хувьд урьдчилсан шатны шалгаруулалт хийх нь шилдгүүдийг шигших оновчтой алхам гэж үзэж байгаа юм. Түүнчлэн олон улсын стандартын дагуу зөвлөх шүүгчид ажиллаж, оролцогчдыг дасгалжуулж, хамтран өрсөлдөнө. Дэлхийн олон орны жишигт уг шоунд түрүүлсэн оролцогчид 100 мянган ам.долларын мөнгөн шагнал олгодог. Харин Монголд зохион байгуулах “The Voice”- ийн хувьд мөнгөн шагналын дүн хараахан тодорхой болоогүй ч дуулах сонирхолтой залуусын мөрөөдөл “Universal Music”-тэй гэрээ байгуулах эрхээр шагнах аж. “Монгол ТВ”-ийн уран бүтээлчид шоу зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсон байна. Мөн эфирт цацах хугацаа хараахан тодорхой болоогүй байгаа ч ирэх оны нэгдүгээр улиралд багтаах зорилттойгоо уламжилжээ. 2010 онд санаачилсан дэлхийн контент “The Voice” шоу нь Голланд улсаас гаралтай бөгөөд АНУ-ын “NBC” телевизийн цэнгээнт нэвтрүүлэг юм. Өдгөө дэлхийн 62 оронд амжилттай зохион байгуулсан уг шоунаас нийт 256 ялагч тодорчээ. Авьяастай хүнд цензургүй уг шоуны ялагчаар гэлэнмаа, гал сөнөөгч, инженер зэрэг янз бүрийн мэргэжлийн хүн тодорч байснаар нь шударга шүүлттэй гэж үзэгчид дүгнэдэг байна. Шалгуур, шүүлт хатуутай уг шоунаас төрсөн олон уран бүтээлч бий. Эдгээр уран бүтээлчдээс Жош Кофмэн, Даниел Брэдбури, Тессани Чин, Кассадээ Пап зэрэг дуучин урлагийн салбарт “The Voice”-ийнхон нэрийн дор өөр өөрийн өнгө төрхөө бүрдүүлсээр байгаа юм.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)