Эрүүл мэндийн салбарын эерэг хандлага удирдлагын түвшнээс эхэлнэ

 

        Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Хандлагаас хариуцлага руу” сэдэвт сургалт өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр зохион байгуулагдлаа.

 

Тус сургалтаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зориулан “Хандлагаас хариуцлага руу” сэдэвт илтгэл тавьж, “Имако Консалтинг” институтын захирал Боловсрол судлалын магистр Р.Лхагвадулам “Удирдлагын шинэ арга барил”, “Эрүүл мэндийн ажилтны харилцах ур чадвар бүтээмж”, “Эмнэлгийн даргын удирдах, харилцах арга барил”, “Эмнэлгийн үйлчилгээний соёл- харилцагчийн үйлчилгээний маркетинг орчин үеийн чиг хандалга” сэдвээр хичээл заалаа.

 

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг илтгэлээ “Эрүүл мэндийн байгууллагад эерэг харилцаа бий болгоход харилцан бие биедээ итгэх, адил тэгш байх, ил тод байх, шударга ноён нуруутай байх, чин сэтгэлээсээ тусладаг байх үндсэн зарчмыг баримтлах талаар дурсамж, жишээ татан тавьсан нь удирдах ажилтнуудын сэтгэлд нийцсэн зөвлөмж болсон юм.

 

Тэрээр удирдах ажилтан нь “бусдын төлөө өөрийгөө золиосолж чаддаг, бурууг бусдаас биш өөрөөсөө хайдаг, баг хамт олондоо талархал илэрхийлж, хүндлэл үзүүлдэг, үлгэр дууриалал болж чаддаг, үүрэг хариуцлагыг идэвхжүүлэх, үүрэг даалгаврыг ойлгуулж чаддаг чадварт сургагдсан байх шаардлагатайг уламжлалт зан үйлтэй холбон тайлбарлалаа.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг удирдлагын шинжлэх ухааны “93 ба 7 хувийн дүрэм” гэж байдгийг онцлон хэлээд, 93% нь удирдан зохион байгуулах чадвартай, 7% нь бусад хүний үйл ажиллагаатай холбоотой тул “Удирдах албан тушаалтан нь эрх мэдлээ урвуулан ашиглахгүй, түүний үг үйлдэл хоёр нь ямагт ижил байх”-ыг сануулав.

 

 

“Имако Консалтинг” институтын захирал Боловсрол судлалын магистр Р.Лхагвадулам сургалтыг оролцооны хэлбэрээр зохион байгуулсан нь оролцогчид асуудлыг ил тод, нээлттэй илэрхийлэх, өөрөө шийдвэр гаргах, өөртөө дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж өгсөн.

 

Тэрээр “Хүн харилцааны алдааг уучилдаггүй, толины хариу үйлдлийн адилаар та хамт олонтойгоо хэрхэн харилцна тийм хариу бүтээмжийг хүлээн авах болно” гэдгийг тоглоомын аргаар үзүүллээ.

 

Мөн энэ өдөр Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт шинжилгээний нэгдсэн дүнг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүллээ. Уг хурлаас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй тушаал, журмын хэрэгжилтийг сайжруулах, ёс зүйтэй байх, эх, хүүхдийн эндэгдэл гаргахгүй ажиллахад онцгой анхаарах чиглэлээр үүрэг өглөө.

 

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн боловсруулж, шалгуур үзүүлэлтүүдийг гаргахдаа дараах чиглэлүүдийг тусгах талаар хурлаас шийдвэрлэлээ. Үүнд:

  • Тухайн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний онцлогт тулгуурласан,
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг бүрэн илэрхийлэхүйц байх, үнэлгээний гол дүнг голлох үзүүлэлт оноо болгож тооцоолдог болгох,
  • Тухайн жилд зохиосон кампанит ажлын оролцоог тусгасан,
  • Эх, хүүхдийн эндэгдэл, халдварт өвчний илрүүлэлт хариу арга хэмжээ, эрт илрүүлэг зэрэг эрүүл мэндийн салбарын төдийгүй улс орны хөгжлийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр нэмэх, хасах онооны үнэлгээг бий болгож үнэлэх аргачлалаар байгууллагуудын тухайн жилийн үйл ажиллагааг бодитойгоор үнэлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргалаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)