Ахмадуудаа хүлээн авлаа

 

        Нийслэлийн хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа НИТХ болон НЗДТГ-аас өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн үе үеийн ахмад буурлууддаа ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын мэнд хүргэж байна. Бид жил бүр ахмадуудаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээг НИТХ, НЗДТГ хамтран хийж байгаагаараа онцлог болж байна. Хотын удирдлага, түүний баг ажлаа аваад долоон сар гаруйн хугацааг үдээд байна. Энэ хугацаанд олон ажил хийж бүтээсэн гэдгийг ахмадууд та бүхэндээ хэлэхэд таатай байна. НИТХ-ын энэ хугацаанд долоон удаа хуралдаж, нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, ирэх оны төсөв, ирэх онд нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэргийг баталсан” хэмээлээ.

 

Хотын дарга С.Батболд “Нийслэл хотоо хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ ирж буй сар шинийн баярын мэндийг хүргэн мэндчилье. Ирэх дөрвөн жилд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнд ахмад буурлууд та бүхний үнэ цэнэтэй санал, санаачилга залуу хойч үе бид бүхэнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл байгуулагдсан. Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд ахмадууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийнхэн, иргэдийн төлөөлөл зэрэг багтсан байгаа. Мөн НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн болоод байна. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа хамруулахаар болсон. Мөн ахмадын зөвлөлийн цахим сантай болж та бүхний санал хүсэлтийг сонсч хариу өгөх, түүгээр зогсохгүй ахмадууд та бүхэн өөр хоорондоо мэдээлэл солилцох, холбогдох шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу цахим санг нээж өгөхөөр болсон. Чөлөөт цагаа өнгрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор биеийн тамирын зааланд цаг гаргаж өгөхийг хүссэн байгаа, үүнийг бид мөн шийдвэрлэхээр болоод байна. НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа нийслэлийн удирдлагууд улиралдаа нэг удаа уулзан ярилцаж та бүхний санал санаачилгыг сонсохоор болсон” хэмээн хэлсэн юм.

 

Өнөөдрийн уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг нийслэлийн удирдлагууд сонсч, цаашдын ажил хөдөлмөртөө тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Ахмадуудын зүгээс “Бид уулзалтад ирж бэлэг сэлт, хүлээн авалтад ороод буцдаг. Үргэлж авч байдаггүй эргүүлээд өгөх юм бас бидэнд бий. Өнөө үед мэдлэг хэдий чухал ч туршлага зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид төрийн албанд шинээр орж буй залуустайгаа уулзалт ярилцлага зохиож өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад үргэлж бэлэн байна. Төрийн албаны олон жилийн арвин туршлагыг залуус та бүхэн суралцах хэрэгтэй” гэдгийг хэлж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)