БОАЖЯ-ныхан ХСҮТ-ийн хүүхдийн тасагт агаар шүүгч хүлээлгэн өглөө

 

        Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ны хамт олон нэг өдрийн цалин 3,2 сая төгрөгийг хандивласан. Энэ хандивын мөнгөөрөө  гурван агаар шүүгчийг Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр хүлээлгэн өглөө. 

 

 Уг аяныг санаачлан зохион  байгуулж буй Б.Онон, Г.Ганчимэг нарыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн нэгдүгээр сард хүлээн авч уулзах үеэрээ яамныхандаа уриалж нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон.   Дотоод орчны буюу гэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын бохирдлыг өөрсдөө хянах боломжтой гэдэг утгаар эдгээр залуус уг аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд цугларсан 75 орчим сая төгрөгөөр  Багануур, Налайх болон  нийслэлийн төвийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдэд агаар шүүгч хүлээлгэн өгчээ. Мөн цаашид 84 ширхэг агаар шүүгчийг шаардлагатай  эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөө аяныг санаачлагч Б.Онон хэлсэн. Мөн уг аянд нэгдсэн  БОАЖЯ-ныханд талархаж буйгаа илэрхийлэв. 

 

 

Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг учраас чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэр агаар оруулах, агаар цэвэршүүлэгч шүүгч тавих зэргээр дотоод орчны агаарын бохирдлоо хянах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа ачаалал нь хэтэрсэн хүүхдийн эмнэлэгт , төрөх тасгуудад сайн дурын хандивын аянаар агаар цэвэршүүлэгч өгч байгаад “Бяцхан агаар”-ынханд Хавдар судлалын үндэсний төвийнхөн талархсанаа илэрхийллээ хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)