Хүүхдийн эрхийн асуудлаар улирал тутамд хуралдана

 

        Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Нийслэлийн Засаг даргын 2 орлогч, нийслэлийн нийгмийн салбарын холбогдох газар, хэлтсийн дарга нар, 9 дүүргийн Засаг дарга болон иргэний нийгмийн байгууллага, хүүхдүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтсан зөвлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүлэх юм. Тус зөвлөл өнөөдөр 2017 оны анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар зөвлөлийн дүрмээ баталж, Улаанбаатар хотын хүүхдүүдийн нийгмийн байдлын талаар хэлэлцэв.

 

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа хуралдааны эхэнд тавьсан илтгэлдээ хүүхдийн эрхийн тухай конвенцид тусгагдсан суурь 4 эрх болох эрүүл, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийн хэрэгжилтийн талаар хөндлөө. Тэрбээр хэлэхдээ “1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод 450 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс хагас өнчин 11 мянга 512 хүүхэд, бүтэн өнчин 1573 хүүхэд бий. Эрүүл мэндийн хувьд авч үзвэл 2016 онд:

 

  • Нярайн эндэгдэл 379
  • 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 129
  • Гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2525
  • Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 599
  • Гэмт хэрэгт холбогдсон 650
  • Зам тээврийн осолд өртсөн 998
  • Зам тээврийн ослоор нас барсан 12 хүүхэд байна. Үүнээс харахад хүүхдийн эрүүл, эсэн мэнд амьдрах эрхийн хэрэгжилт хангалтгүй гэж үзэж байна.” гэлээ. Харин хүүхдийн хөгжих эрхийн тухайд сургуульд хамрагдалтын түвшин харьцангуй боломжийн байгаа ч хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, тоглоомын талбай, авьяас чадвараа хөгжүүлэх боломж хомс байна гэсэн юм.
  • Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаагийн танилцуулснаар өнгөрсөн онд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар 1569 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнийг төрлөөр нь ангилж үзвэл:
  • Бие махбодын хүчирхийлэлд 360 хүүхэд
  • Сэтгэл санааны хүчирхийлэлд 122
  • Үл хайхралтад 243

 

Бэлгийн хүчирхийлэлд 63 хүүхэд тус тус өртсөн байна. Мөн чөлөөт цагаараа юу хийдэг талаарх судалгаанд оролцсон хүүхдүүдийн дийлэнх хувь нь интернэтэд ордог гэсэн хариултыг өгчээ. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлага байгааг онцоллоо.

 

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаанаас зөвлөлийн гишүүд болон салбарын байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгөв. Цаашдаа хүүхдийн төлөө зөвлөл улирал тутамд хуралдаж, хүүхдийн эрхийн асуудал, хэрэгжилтэнд хяналт тавьж байхаар тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)