П.Цагаан: Соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай

 

        Дэлхий даяарчлагдаж, бүхий л хэрэглээ ижил төстэй болсоор байгаа энэ эрин цаг үед эх хэл соёлоо хэвээр нь хадгалж үлдэнэ гэдэг ихээхэн бодлого хийгээд бодит ажил шаардсан зүйл болоод буй. Тэгвэл П.Цагаан эрхэм тэрхүү хариуцлагатай үйл хэргээс чамгүй ачааг сайн дураараа өөртөө үүрч,  Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан “Дархад дууны цоморлог”  хэмээх номыг санаачилж,  хэвлүүлжээ. Өнөөдөр тус номын нээлт болоход маш олон хүмүүс хүрэлцэн ирсэн нь номын ач холбогдлыг ихэд үнэлж буйн тод илэрхийлэл болов уу.

 

 

П.Цагаан эрхэм  хэлэхдээ  “Сүүлийн жилүүдэд Монголчууд гадны улсуудын савангийн дуурьт хэт шимтэж тэр хэрээр тухайн улсын соёл эрчимтэй нэвтэрч байна. Нөгөө талдаа уламжлалт соёлын өвийг тээгчдийн тоо цөөрсөөр байна. Монгол Улс бусад улсаас ондооших, омогших тэр мөн чанар гээгдэж соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай. Хүн төрөлхтөн одоогоор 6 мянга орчим хэлээр ярьж байгаагийн тал нь ойрын хугацаанд устаж үгүй болохоор байна гэсэн ЮНЕСКО-гийн судалгаа бий. Бид үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй ээ.” гэж байсан. Мөн тэрбээр “Монгол монголоороо үлдэх боломж бол эх хэл соёл юм. Энэ удаад дархад зоны дууг нийтийн хүртээл болголоо. Дуу гэдэг энгийн зүйл биш. Дуу гэдэг гүн ухаан, түүх, хүний амьдралын баяр гуниг, хүсэл мөрөөдөл тэмүүллийг бүгдийг агуулсан байдаг. Тиймээс цаашдаа буриад,  урианхай,  хотгойд, халх монгол гээд Монгол улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа зон олны ардын болон зохиолын дууг хадгалж хамгаалж нийтийн хүртээл болгох нь бидний үүрэг юм” хэмээн хэлснийг энд тодотгоё.

 

 “Дархад дууны цоморлиг” номыг бүтээхдээ хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэжээ.  Өмнө нь хэвлэгдсэн ном болон судалгааны ангийн тайланд орсон дуунуудыг харьцуулан 525 дууг хувилбарын хамт эмхэтгэн “Цоморлог” болгон хүргэж байгаагаа номыг бүтээгчид хэлж байлаа.

 

 

Нутаг нутгийн аялгууг олон нийтэд таниулан сурталчлах, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор П.Цагааны санаачилсан тус номыг  Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба эрхлэн гаргажээ.  Номын редактороор ШУА-ийн доктор,  профессор н.Гантогтох ажиллажээ.

 

Номын нээлтэнд Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким  МУГБ, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатар  зэрэг эрдэмтэд оролцлоо. Мөн  дархад зоны төлөөллүүд номын нээлтэд оролцон  ая дуугаа өргөлөө.

 

 

Дашрамд өгүүлэхэд, Монголчууд өдийг хүртэл олон янзын аягуулгаар ярьж байгаа нь монгол өргөн уудам газар нутагтай, агуу үндэстэн байсны илэрхийлэл баталгаа гэж үздэг болохыг номыг санаачлагч хэлж байсан юм. Тэгэхээр агуу үндэстний баялаг их өв соёлын  баримт түүх  болсон олон ном удахгүй мэндлэх биз ээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • иргэн (202.170.84.231)

    2017-02-22

    хэнд хамаатай юм гэнэ үү...Иймэрхүү эрлийз, хурлийзууд Монголоор маань дүүрч байгаа нь ч бас харамсалтай байна.Харин Цагаан гуай та МУ-ын Ёрөнхийлөгчийн зөвлөх 7-8 жил хийхдээ мэдэж байсан юм бол энэ бүх алдааг засахгүй яав даа.Таньд бас харамсаж байна шүү...Цаад хүзүүгүй хүнээ эрх мэдэлтэй байгаа дээр энэ хэдэн сард нь амжуулаад энэ ажлаа хийгээч дээ.Ард түмэн тэнэг биш шүү...

  • Ó© (185.182.81.19)

    2017-02-22

    омогших мөн чанар нь харин ч хэтрээд балайралд орчихоод байгаа бус уу

  • хээн (202.126.89.199)

    2017-02-22

    монгол соёлын дархлаа устлаа гэнэ үү хэнд хамаатай юм бэ усттаж л байна биз тэртээ тэргүй монгол мөхөж хятдад уусаж байгаа хойно