Бүтэн нэрийг хагаслан дуудах нь ямар уршигтай вэ?

 

        Нэрээ сайнаар дуудуулж явахаас дутахгүй нэг чухал зүйл бол бүтэн нэрээ хагаслан дуудахгүй, бас дуудуулахгүй байх явдал юм. Ахмадууд бидэнд "Бие биенийхээ нэрииг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг. Ийн санууллх, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санаа юм. Гэтэл бид дээдсийнхээ энэ сургааль, шаардлагыг хэрхэн биелүүлдэг билээ? Европ зүгийн ард түмнүүдийг дуурайсхийн, өхөөрдөл, дотносолын байдалтайгаар Наранцэцэгийгээ Нараа, Баярсайханыгаа Баяраа гэцгээн аав, ээжийнх нь бэлгэшээн өгсөн бүтэн сайхан нэрийг нь хагаслахын дээр хагаслахын аргагүй богино нэртэй Батыгаа хүртэл Баагий гэцгээн нэрнийх нь утга учрыг бүрэн алдуулж монгол биш үг, монгол биш нэрээр дуудаад хэвших тийшээ болжээ.

 

Хагаслан дуудсан нэрийн тухай нийтийн мэдэх жишээ бол Мөөгий, Баянаа, Хадаа. Дээдсийнхээ цээрийг үл хэрэгсэн аваргуудынха» нэрийг монгол даяараа хагаслан дуудацгааснаар Мөнхбат, Баянмөнх аваргуудынхаа олимпийн аварга, Хадбаатар аваргынхаа дархан аварга болох заяаг нь хагаслаагүй байгаа даа, бид.

 

Хувь хүн ч бай, бүхэл бүтэн ард түмэн ч бай зөв хэвшил, төлөвшлөө бататгаж байхын зэрэгцээ, анхандаа нэг их мэдэгдээгүй боловч алсдаа буруу нь тодорхой болсон аливаа олдмол зан, заншлаа эрсхэн хаяж чаддаг баймаар санагддаг билээ. Үүний бэлээхэн нэгэн жишээ нь бие биенийхээ нэрийг хагаслан дууддаг болчихсон бидний буруу хэвшил мөн.

 

Хүүхдийн нэрийг эцэг эх нь өхөөрдөх, товчлох, маяглах байдлаар, найзууд нь дотносох янзаар хагаслан хэлэх явдал их. Миний танил нэгэн айл Саранцэцэг, Сарангэрэл, Саранчимэг гэсэн 3 охинтой боловч бүгдийнх нь “Саран”-г орхиод охидоо зүгээр л Цэцэг, Гэрэл, Чимэг гэдэг болчихсон билээ. Эндээс үзэхэд хүүхдүүддээ хоёр үгтэй нэр өгөхдөө нэгийг нь адилхан өгчихвөл бүх зүйл энгийн байх байгалийн жамаар аав, ээж өөрснөө эхлээд өөрийн эрхгүй ижил нэрийг нь гээн ялгаатай нэрээр нь дууддаг байна. Тэгэхээр хүүхдийнхээ нэрийг бүтэн байлгах буюу буян заяаг нь бүтэн байлгахын тулд хүүхэддээ иймэрхүү нэр өгөхөөс аль болох зайлсхийх нь чухал байж мэдэх юм.
 

 

www.budda.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)