Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна

 

        “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр МУ-ын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын  Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг “Дугаарын зочин”-ы хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа.

 

Өнгөрч буй бичин жилийн үр өгөөж монголчуудад хэрхэн нөлөөлөв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэн яръя?

 

Өнгөрч буй гал бичин жил монголчуудын хувьд ээлтэй сайхан жил байлаа. Өвлийн дунд илүү сартай байлаа. Хүмүүс бичин жил хэцүү гэж бодож байсан ч сайхан өнгөрлөө. Энэ нь Монголын ард түмний хичээл зүтгэл, засал номоо сайн хийлгэж, бичин жилээ сайхан бэлгэ дэмбэрэлээр хүлээж авсаных, буянтай байсных гэж бодож байна. Аливаа муу зүйлийг зөв, сайн бэлгэ дэмбэрэл, номоор засдаг, буянаар сайжирдаг ертөнцийн жам бий. Монголчууд бид буддын төв үзлийн гүн ухааныг мэддэг ард түмэн. Ямар ч жил урган гарсан бай монголчууд минь тухайн жилийнхээ муу сөрөг талыг засч залруулан, сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх ухаанд суралцах хэрэгтэй.

 

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил гарах гэж байна. Энэ жилийн өнгө төлөв ямар байх бол?

 

Энэ гал тахиа жилд монголчууд нийтээрээ амар амгалантай байхын тухайд бүгд сайхан ерөөж бодох хэрэгтэй. Хүн болгон сайн үйлсийг бодож ерөөвөл түүнийг дагаж олон хүний ерөөл буян, амны хишгээр тухайн жилийн сөрөг муу үр дагаврууд арилан, сайны үр түгэн дэлгэрнэ. Тахиа жилийн ерөнхий байдал нь хавар намартаа салхи шуургатай, зундаа хур бороотой боловч зарим газраар аянга цахилгаан ихтэй, ган гачигтай, ирэх өвөл цас ихтэй байх төлөв зурхайн зурлагад гарсан.

 

Ихэс дээдэс, хүмүүс хоорондоо тэмцэлтэй, бухимдалтай байх талтай боловч алсыг харсан уужуу тайван бодлоор бухимдал үүсгэхгүй байхын тухайд хичээх нь чухал. Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хүмүүс бидэнд аливаа зовлонг даван туулах ухаан, мэдлэг, чадвар байдаг. Тэр эрдэм мэдлэгээрээ өөрт болон өрөөл бусдад үүсч байгаа сэтгэлийн бухимдал, болж бүтэхгүй бүхнийг шийдэж байх учиртай.

 

Тухайн жилийн өнгийг засч хүн бүр засал ном хийлгэдэгтэй адил ган гачигтай байх нигууртай бол байгаль дэлхийгээ аргадаж, лус савдагаа тахих хэрэгтэй юу?

 

Ер нь ирж буй жилд хүн бүр засал номоо хийлгэхийн зэрэгцээ газар орныхоо лус савдагийг тахиж, хүндэтгэл үзүүлж, тэднээсээ байгаль дэлхий, орон нутгаа ган, зудгүй амар амгалантай сайхан байлгахын тухайд зан үйлийг нь хийлгэх хэрэгтэй. Лус савдаг өөрсдийгөө тахиулах, өөрсдийнхөө зовлонг нимгэлэхийн тухайд эрдэнэт хүмүүнээс олон зүйлийг хүсдэг. Тэр тусмаа дээдийн номыг сонсохыг хүсдэг. Тиймээс бид лус савдагт дээдийн номыг уншиж, хүссэн зүйлийг нь өгч, тахил балин, номын өглөг өргөх хэрэгтэй.

 

Түүнээс биш лус, ямар нэгэн уул ус, овоо тахилгыг шүтэж, бүх амьдралаа даатгах нь буруу юм. Лус савдагийг ашдын аврагч хэмээн шүтэж болохгүйг Бурхан багш бидэнд сануулсан. Лус савдаг даруйдын барцад саадыг гаргахгүй, хорлол үүсгэхгүй байх, хүн, байгальд харшлах муу зүйл хийхгүй байх талаас нь аргадаж додомдох хэрэгтэй. Тэдэнд хэрэгцээтэй юмыг нь өгч, тэднийг баясгаж, тэд баяссанаараа та бүхэнд олон сөрөг муу зүйлийг үүсгэхгүй. Лус савдаг баясвал баян хангай чинь дэлгэрнэ, үр жимс нь дэлгэрнэ.

 

Ган гачиггүй, зудгүй сайхан байх нөхцлийг дээд төрөлхүйтэн эрдэнэт хүний төрөл бид өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Бэрдийн төрөлд байгаа лус савдаг, газрын доор болоод дээр, ог-торгуй агаар мандалд оршиж байгаа энэ олон төрөл зүйлийн лус, савдагуудыг дээдийн номоор цэнгүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүн байгальд нөлөөлж, лус савдагийн хорлолыг буцааж, эв түнжинтэй байх нөхцлийг бүрдүүлдэг. Бид энэ ёсыг гүйцэтгэх хэрэгтэй. Лам хуврагууд энэ тал дээр сэтгэл гаргаж, газар орон нутгийнхаа лус савдагуудыг баясгаж, зөв тахих нь чухал юм.

 

Засал хийлгэлгүй үл хайхардаг хүмүүс байдаг. Жилийнхээ засал номыг хийлгэхгүй байснаар ямар үр дагавар гарч болох вэ?

 

Эрдэнэт хүмүүний төрлийг олно гэдэг гайхамшигтай. Гэсэн хэдий ч нэгэнт гэгээрэлд хүрч бурханы хутгийг олоогүй учраас ертөнцийн олон үйл, үзэгдлүүд хүний амьдралд сайн, муугаар нөлөөлдөг. Нар, сар, 28 од, 1080 гэг тотгор, 360 ад хорлогч, 0-16 нас хүртэлх хүүхдүүдийг хорлодог 15 ад, мөн жил сар, өдөр, цаг хугацаа бүрт бидэнд муугаар нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тиймээс үүнийг бурхадууд зурхайн зурлага онолын үндсэн дээр засал хийлгэж, өөрсдийгөө хамгаалах, тэгээд амар амгалантай амьдрах талаар айлдсан байдаг.

 

Засал хийлгэлгүй байж байгаад аливаа нэгэн хорлогчид хорлогдох юм бол түүнийг дагасан олон сөрөг муу үр дагаврууд гарна. Тухайн хүний амь нас, эрүүл мэнд, эд агуурс, эв түнжин, хийморь лүнда, сүнс сүлдэнд нөлөөлнө. Осол аваарь, хэрүүл тэмцэл гээд олон алдаа гардаг нь цаанаа тодорхой үүсгэгч, өдөөгч байдагтай холбоотой. Тиймээс засал номоо заавал хийлгээрэй. Зарим хүмүүс засал хийлгээгүй ч энэ жил зүгээр л өнгөрчихлөө шүү дээ гэдэг. Гэтэл засал хийлгээгүй хүнийг хорлогчид их бага хэмжээгээр заавал хорлосон байдаг. Хүчтэй, сул хорлосноос шалтгаалаад, эсвэл тэр хүн буянтай, засал тарниа өөрөө уншчихдагаас болоод мэдэгдэхгүй өнгөрч болно.

 

Гэсэн ч хорлогч нар биед болон сэтгэлд ямар нэг хорлол заавал үүсгэдэг. Тэр нь нэг жилдээ гайгүй өнгөрч болох ч хоёр гурван жилийн дараа юмуу, хэдэн жилд хуримтлагдаж байгаад дараачийн нэг гараг эрхэсийн эвгүй үед бодит үр дагавар болж гарч ирдэг. Тиймээс бид засал хийлгэхгүй байх нь сөрөг үр дагаврыг байнга дагуулдаг гэдгийг ойлгож, өөрийгөө болон өрөөл бусдыг бодох хэрэгтэй. Өөрийгөө сайн аваад явж байгаа хүн бусдад гай тарихгүй. Өөрийгөө авч явж чадахгүй өвдөж зовбол аав ээж, хамаатан саднаас эхлээд олон хүн шаналдаг, эдийн засгийн олон асуудалд ордог. Тиймээс хүнд гай болохгүйн тулд өөрийгөө анхаарч, заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Засал номыг үгүйсгэх хэрэггүй.  Үгүйсгэлээ гээд бид ялагдана уу гэхээс ялдаггүй. Ийм л жамтай.

 

Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?

 

Энэ жил үхэр жилтнүүдэд гүймиг хэмээх ширүүн гараг эрхэс нөлөөлж байна. Тиймээс үхэр жилтнүүд гүймигийнхээ заслыг уншуулах хэрэгтэй. Жанаггагдог, Манла, Цэнд-Аюуш, Аюушийн чого уншуулаарай. 13, 25, 37, 49, 61, 73, 85 настай хүмүүст жил орж байгаа тул жилийнхээ заслыг сайн хийлгэх шаардлагатай. 13-ны жил дээр хүүхдийн бие махбодод маш их өөрчлөлтүүд орж хямардаг. Тиймээс тэр жилд нь Дашзэвэг, Наймангэгээн, Загджүсүм, Бумчин, Говийн лхаг сайн тахиулж, бусад дагалдах номыг уншуулах хэ-рэгтэй.  Ер нь 13 насны жил орж байгаа хүүхдийн заслыг маш сайн хийлгэвэл дараа дараачийн амьдрал, ажил үйлс, эрдэм мэдлэгт сайнаар нөлөөлдөг. Мөн энэ жил хүүхдүүдэд Алтангэрэл, Цагаан шүхэрт, лус савдагийн номыг уншуулвал сайн. Мөн туулай жилтэй хүмүүст дүнсэр таарч байгаа тул дүнсэрийн заслаа заавал хийлгэж, Дашзэвэг, Найман гэгээн, Жанцанзэмүбүнжин номыг уншуулах хэрэгтэй.

 

Огторгуй, шороо, төмөр суудалд суусан хүмүүс заслуудаа сайн хийлгээрэй. Ялангуяа төмөрт суусан хүмүүс осол аваар, гэмтэл, мэсэнд өртөх, хагалгаанд орох, хэл аманд өртөх, хулгайд юмаа алдах зэрэг олон муу зүйл дагах тул анхаараарай. Мөн хулгана, морь жилтэй хүмүүст шишид хэмээх жилийн нөлөөлөл байгаа тул Ногоон Дарь-Эхээ сайн уншуулж, шишидийн заслуудыг хийлгэх нь зүйтэй. Манай Манба Дацан хийдийн лам хуврагуудаар эдгээр засал номыг хийлгэж болно.

 

Улирч буй жил сүүлээ шарвадаг гэдэг. Тиймээс ч цагаан сарын өмнө засал хийлгэх шаардлагатай хүмүүс байдаг уу?

 

Бурханы айлдсан Дүйнхорийн ёс, одон зурхай болон хар зурхайн үүднээс ихэс дээдсийн айлдсан олон ном судрыг үзэж байхад 12 дугаар сарын 22, зургадугаар сарын 22-нд засал ном хийлгэх шаардлагатай юм билээ. Арванхоёрдугаар сарын 22-ноос дараа жилийн өнгө ордог тул зарим хүмүүст нөлөөлөл асар өндөр байдаг. Тиймээс засал ном хийлгэвэл амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лүнда, нас буянд нөлөөлөх муу тотгор, саад бүхнээс урьдчилан сэргийлж, хамгаална. Ер нь дээдийн номыг уншуулсанаараа бид буян хурааж, сайн үйл хийж байгаагаас гадна муу нисванисаа нимгэлж байгаа юм. Дээдийн номыг уншуулсан төдийд олон тус эрдмийг эдэлнэ.

 

 

Бичин жил “Муу нүүрт” гэсэн ёгт нэртэй болохоор хатуухан жил болохнээ, энэ жил “Алтан унжлагат” гээд сайхан жил гарах нь гэх зэргээр жилийн ёгт нэрний утга учрыг сайн мэдэхгүйгээс янз бүрээр ярьж байна. “Алтан унжлагат” хэмээх ёгт нэрний утгыг тайлбарлахгүй юу?

 

Дээр үед хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тогтоох, барцад саадгүй амьд-руулахын тухайд Нохойжав гэх мэтээр нэр өгч, муу юмнаас аварч, тэр хүнд нас буян өгч байсан. Түүн шиг гарч байгаа жил бүрийн нэрний цаад гүн утга нь нэг хэсэг юмыг даран зохиосон, нэг хэсэг юмыг дэлгэрүүлэх зорилгоор нэрлэсэн байгаа. Тэгэхээр үүний цаана шүтэн барилдахуйн ёгт нэрээр нэрлэсэн тал бий.  Энэ жил “Алтан унжлагат” хэмээх ёгт нэр нь хүн ардыг хүнсний асуудалд анхаарч, хижиг, халдварт өвчинг сайн анхаараарай гэсэн сэрэмжлүүлэг утгатай. Хүн бүр хичээвэл эд агуурст ээл буянтай жил.

 

Сүүлийн жилүүдэд монголчууд маань сайхан шинэлдэг болжээ. Үндэсний дээл хувцасаараа гангарч, бэлэг өгөхөө болъё гэхээсээ илүүтэй үндэснийхээ үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг сонгож гар цайлгадаг болсон. Одоо монголчууд маань ямар өв уламжлалаа сэргээвэл зохилтой вэ. Та санаа бодлоо хуваалцаж, сургаж, захих зүйл байна уу?

 

Хаврын тэргүүн сар гэдэг сайхан бэлгэдэлтэй сар юм. Сар шинийн өдрүүдэд бүх хүн аав ээжээрээ, сайхан хүмүүний төрлийг олсоноороо бахархах ёстой. Замбуулин дээр диваажин шиг сайхан Монгол орныг олж төрсөнөөрөө бахархах нь чухал юм даа.

 

Бид шашин бүхний дотроос оройн чимэг болсон Их хөлгөний хиргүй тунгалаг шашныг судлан, өв уламжлал, номыг нь сайхнаар авч явж байгаа улс үндэстэн учраас үүгээрээ бахархууштай. Тиймээс сар шинийн өглөө өөр өөрийнхөө ариун сэтгэлээрээ, сайн ерөөлийг үүсгэн болгоогоорой. Аав ээж, ихэс дээдэсдээ хүндэтгэл үзүүлэн энэрэл асралын сэтгэлээ аривжуулан, эгэлгүй олны буянд даган баясаж сар шинээ эхлүүлээрэй. Сар шинийн өдрүүдэд өөрт үүсдэг 84 мянган нисванисийн муухай сэтгэлийг даран зохиож, бодьсадын сэтгэл, нинж асрал, хайрлах энэрэх сэтгэлийг сар шинийн өдрүүдэд үүсгэх нь чухал.

 

Эхэс дээдсээ хүндлэх, ёс уламжлалаа хүндэтгэх, хүүхэд нялхасыг хайрлан энэрэх нь монголчууд бидний томоохон соёл, өвөрмөц онцлог. Үүгээрээ бид бахархаж, баяр баясгалантайгаар шинэлэх хэрэгтэй. Монголын ард түмэн бид хэзээнээсээ буяны үндэс угсаатай ард түмэн. Монголын ард түмэн та бүхнийг цог золбоо нь дэлгэрч, эд агуурсаар элбэг дэлбэг, эрүүл мэнд нь баттай, эрдэм мэдлэг нь арвижсан буян төгөлдөр сайхан жил хүлээж байна. Энэ сайхан жилдээ бүгдээрээ аз жаргалтай, эрүүл энх, инээж баясан, эвлэлдэн золгохыг хүсэн ерөөе. Энэрэл асралын охь шим дэлгэрэх болтугай.

 

-Ярилцсанд баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.9.41.1)

    2017-02-24

    ном эрдэмтэй сайн лам шүү хөөрхий олондоо буянаа дэлгэж насны хутгийг хүртээж яваарай баярлалаа

  • Зочин (122.201.31.239)

    2017-02-24

    Өнгөрсөн жил хамбын ярьж байгаагаар бол өөрт нь ээлтэй жил болсон байлгүй, монголчуудын хувьд модоо барьсан жил болсон ирэх жил мэдээж бас тийм байна ш дээ

  • (202.179.23.190)

    2017-02-24

    TAHIA UNDUGNUUS GARSAN YUM MALAA,BITGII TENEGTEED TAHIANAAS UNDUG MUNDUG GEED SOLIOROOS BAIGAARAI

  • (202.179.23.190)

    2017-02-24

    HUJAA

  • aan (202.21.100.210)

    2017-02-24

    bi ug ni irex jiliin ongiig zursan taxia degdeexei ondog gurvyg zursan tegsen bugd turaaltai bsan daa ta zov tailsanuu ain

  • aan (202.21.100.210)

    2017-02-24

    bi ug ni irex jiliin ongiig zursan taxia degdeexei ondog gurvyg zursan tegsen bugd turaaltai bsan daa ta zov tailsanuu ain