ОУИХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшинов мэндчилгээ дэвшүүлэв

 

        Уг мэндчилгээнд “Жил бүр дэлхий даяар 200 гаруй сая хүн байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшигт нэрвэгдэж байна. Энэ нь хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, технологийн гарвалтай ослын давтамж нэмэгдсэн холбоотой юм.

 

Тухайлбал, 2015 онд том хэмжээний гамшгийн улмаас хүн төрөлхтөнд нийт 66,5 тэрбум ам.долларын хохирол учирсан бол 2016 оны төгсгөлд энэхүү тоо нь 175 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна.

 

Дэлхийн хүн бүрийн хамгийн үндсэн эрх нь аюулгүй нөхцөлд амьдрах юм. Гэтэл аюулгүй байдал хангагдаагүйн улмаас эрсдэл үүсч, иргэний нийгмийн тогтвортой хөгжилд хүндрэл бэрхшээл учирдаг.

 

Иймээс иргэний хамгаалалт нь улс орон бүрийн үндэсний аюулгүй байдлын үндэс юм. Техник, тоног төхөөрөмж болон мэргэшүүлэн бэлтгэсэн иргэний хамгаалалтын үйлчилгээгүйгээр төрийн хэвийн үйл ажиллагаа болон хүмүүсийн аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах боломжгүй юм.

 

2017 оны Дэлхийн Иргэний Хамгаалалтын өдрийн уриа нь “Гамшгийн эсрэг иргэний хамгаалалттай хамт”.

 

Хэн ч гамшгаас ангид орших нь үгүй. Томоохон хэмжээний гамшгийн үр нөлөөг бууруулах, гэтлэн давах нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч ихээхэн чадвар сорьсон зүйл байсаар байна.

 

Иймээс Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас гишүүн орнууддаа өөрийн ард иргэд, хүрээлэн буй орчноо байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгаас хамгаалахад олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, бататгахыг уриалж байна.

 

Хамтын ажиллагаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд энгийн ард иргэдэд нэн даруй тусламж, дэмжлэг үзүүлэх, улс хоорондын харилцааг бэхжүүлэхэд орших юм.

 

Гамшгийн удирдлагын үндсэн үүрэг нь үндэсний иргэний хамгаалалтын үйл ажиллагаатай хамт орших ч орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хувшил, олон нийтийн хэвлэл мэдээлэл болон боловсролын байгууллагуудын оролцоогүйгээр тогтвортой үр дүнг үзүүлэхэд бэрхшээлтэй. Эдгээр нь тус бүрчлэн иргэний хамгаалалтын болон олон нийтийн сургалт, сурталчилгааг дэмжин, түгээхэд  чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Хүн бүр өөрсдийгөө эрсдэлээс хэрхэн хамгаалах болон онцгой байдлын үед аюулгүй байдлаа хэрхэн хангахыг мэдэж байх ёстой. Технологи дан ганцаараа хүний амь аварч чадахгүйгээс хойш хүн төвтэй үйл ажиллагаа явуулах нь маш чухал. Хэдийгээр хүн болгоныг хамгаалах хангалттай тоног төхөөрөмж байлаа ч олон нийт шаардлагатай тохиолдолд тэднийг хэрхэн ашиглахыг мэддэг байх ёстой.

 

Дэлхийн Иргэний Хамгаалалтын өдрийг тэмдэглэх нь олон нийтийн анхаарлыг иргэний хамгаалалт, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах шаардлагатайг сануулахад оршино. Гэсэн хэдий ч олон нийтийн мэдлэгийг үр өгөөжтэй байлгахын тулд мэдлэг түгээх ажлыг жилийн турш үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй.

 

Энэ үзэл санаатайгаар ОУИХБ-ын зүгээс 2017 онд орчин үеийн нийгэм дэх иргэний хамгаалалтын үүрэг болон байр суурийг дэмжих мэдлэгийг түгээхийг зөвлөж байна.

 

ОУИХБ-ын хувьд 2017 он их тэмдэглүүштэй жил болж байна. Энэ онд бид ОУИХБ-ын Женев дэх Нарийн бичгийн дарга нарын газрын 80 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Мөн 1977 онд батлагдсан “Олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэгсдийг хамгаалах тухай Женевийн Конвенцийн нэмэлт протокол”-ын 40 жилийн ой тохиож байна. Эцэст нь 2017 оны тавдугаар сард ОУИХБ-ын гүйцэтгэх зөвлөл Женевт суурьшсаны 50 жилийн ойн арга хэмжээ болох юм. Эдгээр чухал үйл явдлуудыг тэмдэглэхийн сацуу ирээдүйд бид илүү сайн ажиллах ёстой гэсэн үүргээ ухамсарлан, улам илүү хичээн ажиллах болно.

 

Та бидний хүчин чармайлт ард иргэд, эд хөрөнгө болон хүрээлэн буй орчноо байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгаас хамгаалахад ихээхэн ач холбогдолтой гэдэгт би итгэл дүүрэн байна.

 

Эцэст нь 2017 оны Дэлхийн Иргэний Хамгаалалтын Өдрийн босгон дээр онцгой байдлын болон гамшгийн үед ард иргэдээ хамгаалахаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан бүх хүмүүст хүндэтгэл үзүүлье.

 

Мөн иргэний хамгаалалтын ажилтан, аврагч, гал сөнөөгч нартаа ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад байнгын бэлэн байдагт нь чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)