Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

 

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга “Тантай танилцсандаа таатай байна. Бүгд Найрамдах Турк улс Монгол Улс хоёр нь олон зуун жилийн түүхэн найрсаг харилцаатай билээ. Үүний тод жишээ гэвэл Өвөрхангай аймгийн Орхоны хөндий дэхь Билэг хааны дурсгал, Налайх дахь Тоньюкүкийн хөшөө дурсгал зэргийг дурдаж болно. Өнгөрсөн жил хоёр хот хамтран ажиллах санамж бичиг байгуулж, улмаар манай улсад 10 ширхэг эмнэлгийн барилга барьж өгөх болсон нь хамтын ажиллагаанд маш том алхам болсон. Бид бүхэн тус барилга барих газрын асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Тиймээс эрүүл мэндийн төвүүдийг ойрын хугацаанд ашиглалтад оруулчихвал маш сайн байна” хэмээгээд саяхан томилогдон ирсэн Элчин сайдад ажлын амжилт хүсч, тусалж дэмжихээ илэрхийллээ.

 

Элчин сайд ноён Ахмет Язал “Монгол Улсад Элчин сайдаар суух болсондоо их баяртай байгаа. Өнгөрсөн хугацаанд хотын зүгээс Элчин сайд нарт маш сайн анхаарч ирсэн гэдгийг би мэднэ. Тиймээс асуудал тулгарахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа. ТИКА байгууллага нь хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Та бүхэн тус байгууллагын ажилд тусалж, яг ямар салбарт дэмжлэг авах хүсэлтэй байгаа ярилцах байх. Энд ажиллах хугацаандаа үр дүнтэй олон ажил хийж, хэрэгжүүлэх болно” гэв

 

Истанбул хот Улаанбаатар хотын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам идэвхжиж байгаа бөгөөд тус хотын Захирагч 2016 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод айлчлахдаа 9 эрүүл мэндийн төв, 1 диализийн төвийг Истанбул хотын санхүүжилтээр барьж байгуулж өгөхөөр болсон юм. Энэ хүрээнд төслийг хэрэгжүүлэхээр тус хотын захиргааны төлөөлөгчид Улаанбаатар хотод ирж, холбогдох хүмүүстэй уулзаж байгаа билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)