”Хариуцлагатай эрүүл мэнд- Хамтын хүчин чармайлт”

 

         “Нийгмийн эрүүл мэндийг дэмжье” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэгийн тавьсан илтгэл

 

Эрхэм хүндэт Ерөнхий сайдын ахлах зөвлөх,

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд,

Хамтран ажиллагч олон улсын байгууллагын төлөөлөл,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Та бид өнөөдөр 2016 онд Монгол улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих,  хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбарт олсон амжилт, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид  нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, анхаарах асуудлынхаа талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар хуран цуглараад байна.

 

2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан бөгөөд манай улс ч мөн адил дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн энэхүү тунхаглалд нэгдэж ирэх 15 жилд хэрэгжүүлэх үндэсний урт хугацааны хөгжлийн бодлого болох “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан билээ. Үзэл баримтлалыг дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөгжлийн ирэх 10 жилийн хугацааны ерөнхий зураглал, төлөвийг тусгасан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлуулаад байна.

 

Монголчууд бид “Гараа сайн бол бариа сайн” гэж ярьдаг. Тиймээс  Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд  манай улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа, бид ерөнхийдөө ямар гараанаас эхэлж байгааг эргэн харъя.

 

Аливаа улс орны хүн амын эрүүл мэндийн нэн чухал үзүүлэлт нь хүн амын дундаж наслалт байдаг. Манай улсын хүн амын дундаж наслалт ДЭМБ-аас гаргасан үзүүлэлтээр 68.8 байгаа бөгөөд энэхүү үзүүлэлт дэлхийн түвшний хувьд 71.4, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хувьд 74,0 байгаа юм. Дундаж наслалтын хувьд бид бүсийн орнууд болох Камбодж, Филиппин, газар дундын тэнгисийн зүүн бүсийн орноос Ирак, Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудаас Индонези зэрэг  оронтой ойролцоо түвшинд байна. Иймд хүн амын хөгжил, эрүүл энх чанартай сайн сайхан амьдралыг илтгэх энэхүү үзүүлэлтийг  дээр дурьдсан бодлогын баримт бичгүүддээ 2021 он гэхэд 71.0, 2026 он гэхэд 74-д хүргэхээр тусгаж Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын гол зорилгоо “Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний эрэлт, хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгах” хэмээн тодорхойлсон юм.

 

2016 онд эхийн эндэгдэл өсч 100 000 амьд төрөлтөд 48.6 болж өнгөрсөн 2015 онтой харьцуулахад 22.6 промилээр, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын болон 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1.5-2.5 промилээр тус тус өссөн байна. Хэдийгээр Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн эх, нялхасын эндэгдлийг бууруулах зорилтдоо  амжилттай хүрч, бүсийн орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байгаа хэдий ч олсон ололт амжилтаа бататгаж түүний тогтвортой байдлыг хадгалах чадавхи төдийлөн бүрэлдээгүй байгааг 2016 он харууллаа. “Эх яагаад эндэв” судалгааны дүнгээр 2012-2015 онд эндсэн 118 эхийн олонх нь жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгээр эндсэн нь жирэмсэн үеийн хавсарсан эмгэгийг эрт илрүүлээгүй, эрт илрүүлсэн ч цаашид жирэмснийг үргэлжлүүлж чадах эсэхийг зөв үнэлээгүй байна.  Мөн эх барихын шууд шалтгаантай нас баралтад үжил, цус алдалт, манас таталтын урьдал, манас таталт тэргүүлж байгаа бөгөөд үүнээс зөвхөн үжлээр эндсэн эхийг авч үзэхэд мэс заслын болон төрсний дараах үед илүүтэйгээр энджээ. Энэ нь шаардагдсан тохиолдолд оновчтой шийдвэр гаргах, зөв тусламжийг хугацаа алдалгүй үзүүлэх; амь тэнссэн үед сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг зөв үзүүлэх; төрөлтийг яаралтай шийдэх; тусламж үйлчилгээний бүхий л үе шатанд багаар ажиллах; тусламжийг чанартай, хүртээмжтэй үзүүлэх байдал шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна гэдгийг л харуулаад байна.

 

     Мөн судалгаагаар эхийн эндэгдэл 2, 4, 7, 10 сард олон тохиолдож байгаа бөгөөд нийт эндсэн эхийн  33.1% бямба, ням гараг, амралтын өдрүүдэд энджээ.  Энэ нь  хавар намрын нөр их ажлын үеэр иргэд эрүүл мэнддээ анхаарах анхаарал суларч байгаатай холбоотой байх магадлал өндөртэй тул бид иргэдэд энэ талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөөг сайн өгч ажиллах хэрэгтэй байгааг харуулж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын зохион байгуулалттай холбож үзэх магадлалтай тул амралтын өдрүүдэд туршлагатай эмч нарыг жижүүрт гаргах, бэлэн байдлыг тогтмол хянаж ажиллах шаардлагатайг анхаарах хэрэгтэй байна. Энэ судалгааны тоо зөвхөн эхийн нас баралтад төдийгүй хүүхдийн нас баралт, бусад шалтгаант нас баралтуудад ч анхаарч ажиллах дохио гэж үзэж байна. Иймээс улс орны эрүүл мэндийн суурь үзүүлэлт болсон эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд 2017 онд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байна. Ялангуяа жирэмсний хяналтын хамралтын тоонд бус чанарт илүү анхаарах, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эхийн биеийн байдлыг зөв үнэлж, эмгэгийг эрт илрүүлэн, эмнэлзүйн шинж, шинжилгээний үзүүлэлтүүдээр хянаж, эмчлэх,ялангуяа мизопростолын хэрэглээний үеийн хяналтанд анхаарах, амь тэнссэн үеийн сэхээн амьдруулах яаралтай тусламж, эрэмбэлэн ангилалтыг сайжруулах,  эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоотой стандарт, зааврын хэрэгжилтэд өдөр тутам хяналт тавин ажилахад бүх мэргэжлийн эмч, эх баригчдын мэдлэг, чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, багаар тусламж үзүүлж хэвших, чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн жирэмсний эрт илрүүлэг, жирэмсэнд нөлөөлж байгаа хүчирхийлэл, архидалт гэх мэт нийгмийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад зөвхөн эрүүл мэндийн ажилтнууд төдийгүй иргэн, гэр бүлийн өөрсдийн нь хариуцлагыг нэмэгдүүлэн, олон нийтийн оролцоо, сайн дурын ажилтнуудыг татан оролцуулж ажиллахад орон нутаг бүр өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байна. Эмгэг судлаач, шүүх шинжээч эмч нарын чадавхийг сайжруулах нь эхийн эндэгдлийн шалтгааныг үнэн зөв тогтооход чухал ач холбогдолтой.

 

1990-ээд оныг хүртэл нийгмийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дийлэнх нь халдварт өвчний гаралтыг бууруулах, орчны эрүүл ахуй, ариун цэврийн асуудалд голлон анхаарч ирсэн бол 2000 оноос хойш дэлхий дахинаа шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчин, хувь хүний амьдралын хэв маягаас голлон үүдэж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг эн тэргүүнд тавиад байна.  2016 онд  хүн амын нас баралтын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 15-20 орчим хувийг  харьцангуй сэргийлж болох нас баралт эзэлж байна.

 

Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилгод хүн амын дунд халдварт бус өвчин тэр дундаа зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний тархалтыг бууруулах зорилго тусгагдсан бөгөөд энэхүү үзүүлэлтээр манай орон бүсийн орнуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. Иймд эдгээр өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг бууруулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авах арга хэмжээг боловсронгуй болгох, хүн амд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг төлөвшүүлэх үйл ажиллагааг хүн бүрийн оролцоо, хүчин чармайлттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд  өөрийн орон нутагт өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа захиргааны болон аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдыг өргөнөөр татан оролцуулах, тэдний санал, санаачилгатайгаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл өөрийн байгууллагын хөдөлгөгч хүч болсон ажилтнуудыхаа эрүүл мэндийн байдалд ажил олгогчид ч гэсэн санаа  тавьж тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллах үйл ажиллагааг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.

 

Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжилт, шилжилт хөдөлгөөн, ядуурал, ажилгүйдэл, эм, бэлдмэлийн зохисгүй хэрэглээ ихэсч, халдварт өвчнөөс сэргийлэх иргэдийн зөв зан үйл төлөвшөөгүй байгаа нь зонхилон тохиолдох халдварт өвчин, шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Иймд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрсдлийн харилцаа холбооны чадавхийг сайжруулах, салбар хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүн амд зөв зан үйл төлөвшүүлэх зорилгоор Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлууллаа.

 

2016 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр 28 төрлийн 69663 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд  улаанбурхан, энтеровирүс, салхин цэцэг, цусан суулга, гахайн хавдар зэрэг халдварт өвчний тохиолдол нэмэгдсэн байна.

 

Мөн сүрьеэ өвчний 4000 гаруй   шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 5.8 хувийг эзэлж 2015 онтой харьцуулахад 200 гаруй тохиолдлоор буурсан хэдий ч дээрхи үзүүлэлтээр манай орон бүсийн орнуудын дунд өндөр тархалттай орны тоонд багтсаар байна.

 

Хүн амын дунд хепатитийн С вирүст халдварын тархалт 10 хувь, В вирүсийн халдварын тархалт 11.8 хувь байна. Нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт 0.1 хувиас бага байгаа буюу тархалт багатай орны тоонд орж байгаа боловч өнөөдрийн байдлаар уг өвчний халдварын 229 тохиолдол бүртгэгдэж, эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орон болоод байна.

 

Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлын тоо 2016 онд ялимгүй буурсан үзүүлэлттэй гарсан. Гэвч өвчлөл  20-30  насны залуучуудын дунд өндөр байгаа нь тэдний дунд энэ өвчний талаарх мэдлэг ойлголт бага, сургалт, сурталчилгаа нь тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлахгүй байгааг илтгэж байна. Иймд аймаг, орон нутагтаа эрүүл мэндийн сургалт сурталчилгааг хүн амын эрүүл мэндийн  хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, үе тэнгийн сургагч, сайн дурын болон хүрч очих ажилтнуудыг бэлтгэх замаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм. 

 

Манай улсад мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг 30 орчим өвчнийг оношилж бүртгэж байна. Сүүлийн жилүүдэд корона, эбола, зика, денгийн чичрэг зэрэг өвчин бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна.

 

Энэ бүх үндэслэл тоо баримтаас үзэхэд халдварт өвчний лавлагаа төвийн бүтцийг ч эргэн нягталж, олон улсын жишигт нийцсэн “Өвчний хяналтын төв”-ийг байгуулах, сүрьеэ, БЗДХ- ДОХ- хепатитийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүтцийг боловсронгуй болгох, мөн нийслэл дүүргийн тархвар судлаач, халдвартын эмч нарын чадавхи, хариуцлагыг дээшлүүлэх шаардлага ч зүй ёсоор урган гарч ирж байна.

 

Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилго, Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030”-ыг хэрэгжүүлж эхлэхэд манай орон ямар гараанаас эхэлж байгаагаа дээрх үндсэн үзүүлэлтийн хүрээнд товчхон дурьдлаа.  Тэгвэл бидэнд өнөөдрийн түвшинд ямар боломж байна, түүнийг хэрхэн ашиглах, цаашид ямар боломжуудыг бий болгох,  үүний тулд ямар өөрчлөлтийг хэрхэн хийж хэрэгжүүлэх, үйл ажиллагааг юунаас эхэлж байгаа талаараа илтгэлийнхээ дараагийн хэсэгт танилцуулъя. 

 

Нэг. Эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд:

 

  • Улс орны хөгжлийн ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгуур асуудал болох Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
  • Эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын үүднээс  Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  УИХ-д өргөн бариад байна.
  • “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаарх хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран боловсруулснаар цаашид согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг нийгмийн хэв журмыг сахиулах үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагууд хариуцан ажиллахаар боллоо.   
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  батлуулснаар Эрүүл мэндийн дэмжих сангийн үйл ажиллагааг дахин сэргээсэн нь хүн амын өвчлөл, нас баралтын 70 гаруй хувийг эзэлж байгаа өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах,  амьдралын буруу хэвшил, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, урьдчилан сэргийлэх ажлын хүртээмжийг сайжруулж, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх чухал алхам боллоо.
  • “Халдварт өвчний хяналт, сэргийлэлт” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлууллаа.
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлээс үүдэн гарсан гэм хорыг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх  даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ  шаардлагын үүднээс “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай” хуулийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдээд байна.  
  • Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг  боловсруулан батлуулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 

            Ийнхүү Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлтийн 50-60 хувь нь амжилттай хэрэгжээд байна. Цаашид эдгээр хууль эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахад та бүхний үүрэг оролцоо, манлайлал ихээхэн чухал болохыг анхааруулъя.

 

Хоёр. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд:

 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар ярихаасаа  өмнө  2016 ондоо бид бүхний бахархал болж  хүн ардын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах их үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ажиллаж хийж бүтээснээ төрдөө үнэлүүлж, төрийн хүндэт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан ЭХЭМҮТ болон АӨСҮТ-ийн хамт олонд Монгол улсын Засгийн Газар, ЭМЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, цаашдын нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Түүнчлэн эх хүүхдийн эндэгдэлгүй ажилласан Говьсүмбэр, Говь Алтай, Дорноговь, Дундговь, Дорнод, Булган, Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагууд, тасралтгүй 3 жил элэгний С вирүсгүй Архангайчууд төсөл хэрэгжүүлсэн Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олонд талархал илэрхийлье.

 

 Хүн өөрийн хэрэгцээ, мөнгөний боломжоо харгалзан аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эсэхээ шийдвэрлэдэг бол өвдсөн хүн өөрийн хөрөнгө мөнгөнөөс үл шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайлшгүй цаг хугацаанд нь чанартай авах хэрэгцээ шаардлага бий болдог.  Энэхүү хэрэгцээ шаардлагыг бид ямар арга замаар, хэрхэн хангах, үүний тулд  өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоонд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгааг саяхан батлагдан гарсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д тусгаад байна.  Тухайлбал,  “Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авч байхаар эрүүл мэндийн даатгалын үр дүн, үр ашиг бүхий санхүүжилтэд бүрэн шилжүүлэх, цаашид эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн улсын төсвийн орцод тулгуурласан аргыг үр дүн, үр ашигт чиглэсэн, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн төлбөрийн аргад шилжүүлэхээр ажиллаж байна.

 

ДЭМБ-ын илтгэлд жил бүр 150 сая хүн эрүүл мэндийн үйлчилгээ авах үедээ төлбөр төлснөөс санхүүгийн хүнд дарамтад орж улмаар 100 сая хүн ядууралд өртөж байгааг анхааруулж, бүх нийтийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалахыг уриалсан байдаг.  Энэхүү уриалгыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор

 

  • Эрүүл мэндийн салбарт анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Тухайлбал, гемодиализийн тусламж, үйлчилгээг зөвхөн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаар авсан тохиолдолд улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж хувийн хэвшлийн 7 эмнэлэгтэй гэрээ байгуулан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нь улсын төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.
  • Цусны хорт хавдрын эмчилгээний эмийг 100 хувь улсын төсвөөс, томуу, томуу төст өвчний үед  5 хүртэлх насны хүүхдэд хэрэглэх эмийг эрүүл мэндийн даатгалаас бүрэн даахаар,
  • Хепатитийн С вирүсийг эмчлэх 5 нэр төрлийн  эмийг  эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.
  • Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажлын хэсэг ЭМСайдын тушаалаар батлагдан ажиллаж байна.
  • Цусны төвийг түшиглэн өөрийн эх орондоо альбумин, иммуноглобулин хийх боломжтой болж байна.
  • Мөн зөвхөн эмийн үнэ, эмчилгээний зардал төдийгүй хүнд хэвтрийн өвчтөнг агаараар тээвэрлэх зардлыг Зам тээвэр, хөгжлийн яамтай харилцан зөвшилцсөнөөр  98 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.  
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм батлагдлаа.

 

Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ гэрээр харах тав хоногийн цалинтай чөлөөг асран хамгаалагч эцэг, эхэд нь олгох шийдвэрийг хэрэгжүүлэн ажилласан нь нэг талаас үр хүүхдийнхээ эрүүл мэндэд эцэг, эхийн зүгээс тавих үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, нөгөө талаас өрх, гэр бүл эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлсэн чухал алхамын нэг  болсон төдийгүй хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд салбарын дундын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдполтой, үр дүнтэй болохыг харууллаа.   боллоо. Цаашид энэхүү арга хэмжээний хүрээг өргөжүүлж эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх нь хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал алхам болох болно.

 

Монгол хүн эх орондоо оношилгоо, эмчилгээгээ бүрэн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан мэдрэл, зүрх судасны мэс засал, хавдар, эх барих, эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээрх   7 өвчнийг эх орондоо бүрэн оношилж, эмчлэх боломжтой боллоо. Энэ нь  эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологи гэхээсээ илүү манай эмч, ажилчдын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэнийг илтгэх гол үзүүлэлт хэмээн бахархалтайгаар хэлэхийг  хүсч байна. Цаашдаа орчин үеийн эмчилгээ, оношилгооны аргыг эх орондоо нэвтрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг улам өргөжүүлж энэ чиглэлээрх хөрөнгө оруулалт, хүний нөөцийг цогцоор нь бэлтгэх арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.

 

Манай орны байгалийн онцлог шинж чанараас хамааран улирлын шинж чанартай гардаг өвчлөлүүд эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг сорьсоор байна. Тухайлбал, саяхан гарсан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, үйлчлүүлэгчийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах  зорилгоор орны зохицуулалт хийж, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сайжруулах,  эрүүл мэндийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлснээр өвчлөлийг тууштай бууруулж, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах томоохон арга хэмжээ болж чадсан хэдий ч  энэ тал дээр бид цаашид онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байна. Томуу, томуу төст өвчин  дараа жил ч мөн адил гардагаараа л гарна, дахиад бидэнд  эмнэлгийн ачааллаа зохицуулж ороо нэмэх,  эм эмнэлгийн хэрэгслийн хангамж нөөцөө нэмэгдүүлэх, хүн хүчээ дайчлах хэрэгцээ шаардлага мөн л гарна. Тийм учраас энэ байдалдаа бид дүгнэлт хийж ялангуяа улирлын шинж чанартай жил бүр давтан гардаг өвчнүүдийн  үед салбар бэлэн байж, өөрийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах чадавхиа бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн хүн хүч, нөөц бололцоогоо урьдчилан тооцож  бэлэн байдлаа хангах, улмаар эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулах чадавхиа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллагууд “тогтвортой”,  “хөрвөх”  чадвартайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй, жигд явуулахад эрүүл мэндийн удирдах ажилтнууд та бидний менежментийн ур чадвар, чадавхи, үүрэг хариуцлага, хамтын хүчин чармайлт  ихээхэн чухал болохыг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

  • Салбарын хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Уушгины хатгалгаа, пневмококкийн эсрэг вакцин"-ыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.

 

  • Манай орон товлолт дархлаажуулалтын хамрагдалтын хувьд тогтмол өндөр 90 гаруй хувьтай байдаг орон. Гэвч үндэсний түвшинд  хүн амын дундах дархлаажуулалтын дараах дархлаа тогтцын судалгааг тогтмол хийдэг болох нь дархлаажуулалтын хамралттай эн тэнцэх чухал арга хэмжээний нэг болох юм. Иймд 2016 онд Үндэсний статистикийн хороотой хамтран анх удаа Улаанбурхан болон улаануудын дархлаажуулалтын дараах дархлал тогтцын судалгааг зохион байгуулаад байна.
  • 2016 онд бүртгэгдсэн халдварт өвчний зонхилох хувийг эзэлж байгаа бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах зорилгоор халдварын тохиолдлын түвшин өндөр байгаа 6 аймагт урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийгдэж эхлээд байна.

 

        Гурав. Эрүүл мэндийн санхүүжилт хөрөнгө оруулалтын чиглэлээр:

 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тооцоолон гаргаснаар тухайн улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь байхад тусламж, үйлчилгээний чанар хүртээмжтэй байдал хангагдана гэж үздэг. Иймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод дэвшүүлсэн зорилтуудад хүрэх боломжтой юм.

 

2016 онд улс орны хувьд эдийн засгийн хямрал үргэлжилж төсөв, санхүүжилтийн  хувьд хангалттай бус байсан хэдий ч салбарын хэмжээнд сүүлийн 3 жилд 5.0-10.0 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсч улмаар 15.9 тэрбум төгрөг хуримтлагдсан байсныг  тэглэж  ажилласан нь  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон хэдий ч  нөгөө талаас төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах тал дээр эрүүл мэндийн байгууллагын  удирдлагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Ялангуяа Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (758.1 сая), Хавдар судлалын үндэсний төв (421 сая), Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлэг (331.3 сая), Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг (286.2 сая), Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг (270,9 сая), Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг (262.5 сая), Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг (257.4 сая), төв эмнэлэг (150.0 сая)-үүд анхаарах хэрэгтэй.

 

Дашрамд дурьдахад батлагдсан төсвийн хүрээнд олон жил өр төлбөргүй, зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

Өнөөгийн байдлаар нийслэл хотод тусламж, үйлчилгээ үзүүлж буй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийн  60 хувь нь 1980 оноос өмнө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын 60 гаруй хувь нь (Аймгийн нэгдсэн эмнэлгийн 57.1 хувь, сумын эрүүл мэндийн төв 33.3 хувь) 1990 оноос өмнө баригдаж өнөө үед орчин үеийн эмнэлгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болсон байна.  

 

АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр Ховд, Өмнөговь аймгийн БОЭТ-д  “Хог хаягдлын байгууламж”–ийг 265 сая төгрөгөөр барьж байгуулан ашиглалтад орууллаа.  Салбарын хэмжээнд он дамжин царцаагдсан эмнэлгийн барилгын асуудлыг шийдвэрлэн Түлэнхийн төвийн барилгыг Кувейтын буцалтгүй тусламжийн 8 сая ам.долларын санхүүжилтээр, Хан-Уул дүүрэг дэх 300 ортой төрөх эмнэлгийг концессын гэрээгээр, Геронтологийн үндэсний төвийн барилгыг  үргэлжлүүлэн барих асуудлыг төсөвт тусган үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлээд байна.  Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг барих, Улаанбаатар хотын гэр хорооллын дүүргүүдэд жишиг өрхийн эрүүл мэндийн 4 төвийг, Ховд аймагт БОЭТ, орон нутагт 6 сумын эмнэлэг барихаар төлөвлөж байна.

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төв  болон 21 аймаг дахь цусны салбар төвүүд стандартын шаардлага хангасан барилга байгууламж, цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах тээвэрлэх зориулалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж олон улсын жишигт хүрсний зэрэгцээ цусны биобэлдмэлийн үйлдвэрлэл, хүйн цусны банк байгуулан дотоодын нийт хэрэгцээгээ хангах боломж бий болоод байна. Мөн хорт хавдрын эсийг өвөрмөцөөр устгадаг “бай” эмчилгээг нэвтрүүлэх, эмэнд мэдрэг болон тэсвэртэй генийн мутацийг тодорхойлох шинжилгээг хромосомийн анализийн аргаар генийн түвшинд нь хийх молекул генетикийн оношилгоог нэвтрүүлснээр хавдрын эмчилгээ, оношилгоог олон улсын түвшинд хүргэх боломжийг бүрдүүллээ.

 

Дөрөв. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр

 

          Хүний нөөцийн хөгжил салбарын хөгжлийн тулгуур бөгөөд хүний нөөцөд зарцуулсан хөрөнгө оруулалт хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болдгийг бид бүхэн мэднэ. Эрүүл мэндийн ажилтны урамшууллын төрөл, хэмжээ, хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор эцэг, эхийн аль нэг нь эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны доогуур түвшний амьдралтай, орон нутгаас элсэн суралцаж, төгсөөд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллахаар гэрээ байгуулан суралцаж байгаа анагаах ухааны сургуулийн оюутнуудад “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийг олгохоор боллоо. Энэ хүрээнд АШҮУИС-д суралцаж байгаа  нийт 40 оюутанд тус бүр 500 000 төгрөгийн олгоод байгаа бөгөөд цаашид анагаах ухааны боловсрол олгох хувийн хэвшлийн бусад сургууль, олон улсын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран тэтгэлэг олгох үйл ажиллагааг улам өргөжүүлэх болно.

 

          Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол цөм болсон сувилагчийн тоог нэмэгдүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор АШУҮИС-тай хамтран "Туслах сувилагч" бэлтгэх 3 сарын сургалтыг зохион байгуулж, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 5-аас доошгүй жил ажилласан, бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой нийт 108 үйлчилгээний ажилтанг туслах сувилагчаар бэлтгэв. Цаашид энэхүү сургалтыг илүү чанаржуулж, тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн зохион байгуулах болно.

        Орон нутагт ялангуяа сумдад ажиллах эмчийг тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахад орон нутгийн засаг захиргааны зүгээс дэмжлэг үзүүлж, орон байраар хангах зорилтыг орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо, дэмжлэгийг авч ажиллах үүргийг  сайд миний бие аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны гэрээнд тодорхой  тусган орууллаа.   Түүнчлэн энэхүү арга хэмжээнд дэмжлэг хүсч тус  яамны зүгээс эрүүл мэндийн ажилтнуудын орон сууц барих, түүний санхүүжилтийг шийдвэрлэх болон төрийн албан хаагчдад түрээсийн орон сууц хуваарилахад эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэх саналыг Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн орон сууцны корпорацид тус тус хүргүүлээд байна. Иймд та бүхэн энэхүү ажилд дэмжлэг үзүүлж өөрийн орон нутагтаа энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад ихээхэн санаачлагатай байж хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлэхийг хүсье.

 

             Бүтэц үйл ажиллагааны стандарттай харьцуулахад аймгийн нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын эмч, сүрьеэгийн эмч, ДОХ/БЗДХ-ын эмч, нүүр амны эмч, сэргээн засахын эмч илүү дутагдалтай байна.

 

        Харин үндэсний лавлагаа шатлалын эмнэлэгт ангиограф оношилгоо, судсан дотуурх мэс засал, хүүхдийн мэс засалч эмч, хүүхдийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, аутизмын оношилгоо, эмчилгээ, хүүхдийн хэт хөдөлгөөнт ба анхаарал суларлын хам шинж өвчний оношилгоо, эмчилгээ, үргүйдэл судлал,  мэдрэл, зүрх судасны мэс засал, нөхөн сэргээн мэс засал, эмгэг анатомын чиглэлээр эмч нарыг  бэлтгэх шаардлагатай байгаа юм.  Цаашид эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, технологийн бодлогтой уялдсан хүний нөөцийг бэлтгэхэд анхаарна.

 

        Орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай байгаа эмчийг бэлтгэх, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төгсөлтийн дараахь үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах резидент эмчийн тооны хязгаарыг 352-оор баталсныг 518 болгон  нэмэгдүүлж резидентийн сургалтыг эхлүүлсэн. Үүнээс гадна анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль мөн 300-аад резидентийг элсүүлэн сургалтыг эхлүүлээд байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхийг сайжруулах зорилгоор 2017-2018 онд 150 мэргэжилтнийг Сингапур Улсад богино хугацааны сургалтад хамруулах төслийг  хэрэгжүүлж эхний ээлжийн сургалтыг энэ оны  3 дугаар сард  зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

 

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин хөлсийг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар байгуулан ажиллаж эхлээд байна.

 

Хүний нөөцийг хөгжүүлэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах зорилтыг “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгасан бөгөөд эдгээр зорилт, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг салбарын 47 000 ажилтны өмнө Та бид хүлээх болно. Иймд  бусад төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагууд, Үйлдвэрчний эвлэл, бусад мэргэжлийн нийгэмлэг, холбоод, олон улсын байгууллагуудын оролцоо хамтын ажиллагааг өргөжүүлэх зайлшгүй хэрэгтэй байх болно.

Илтгэлийнхээ төгсгөл хэсэгт  2017 оныг  “Нийгмийн эрүүл мэнд”-ийг дэмжих жил болгож байгаагаа  эрүүл мэндийн удирдах ажилтнууд болон энд хуран цугларсан зочид төлөөлөгчид та бүхэндээ дуулгахад таатай байна.

 

Дэлхий дахинаа  хорьдугаар зууны эхэн үеэс эхлэн “эмнэлэг”  шүтсэн зардал өндөртэй үрэлгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс “өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх” нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд илүүтэйгээр анхаарлаа хандуулах болсон.  

 

Нийгмийн эрүүл мэнд нийтийн гэдэг утгаараа бусад салбарын оролцоо, хамтын ажиллагаа,  хамтын хүчин чармайлт ихээхэн чухал байх болно. Тийм учраас энэхүү жилд та бидний харилцан хамтын ажиллагаа илүү өргөжиж, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах үйл ажиллагаа илүү чанартай хүртээмжтэй болно гэдэгт итгэж байна.

 

Бид цаашид

  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллах дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагын аль ч шатанд хүний нөөцийн залгамж халааг тасралгүй хадгалах
  • Шинэ техник технологийг нэвтрүүлэхэд хүний нөөцийг хамтад нь цогцоор бэлтгэх,
  •  Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах,
  • Эрүүл мэндийн санхүүжилтийн үр дүнтэй, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх,
  • Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллах бөгөөд та бүхэн энэ чиглэлээр өөрийн орон нутагтаа бүхий л идэвх сэтгэл зүрх сэтгэлээ зориулан ажиллана гэдэгт  итгэж байна.

 

Өнөөдөр эрүүл мэндийн салбар “ард түмнийхээ итгэлийг даасан, талархлыг хүлээсэн салбар болох уу? Эсвэл шалтаг тооцсон зовлон дурьдсан хэвээрээ байх уу? гэдэг нь энд цугларсан удирдах ажилтнууд биднээс ихээхэн шалтгаална. Удирдах ажилтан бид бүхнээс шалтгаалах мөнгөгүйгээр хийх ажил байна. Зохион байгуулалт удирдлагын арга барил гэдэг нь юугаар ч үнэлэмгүй хөрөнгө оруулалт бөгөөд нүд дассан, сонсгол дассан байдлаасаа ангижирч ажиллаваас бидэнд их боломж бий гэдгийг дурьдахыг хүсч байна. Нотолгоотой, мэдлэгтэй, ур чадвартай ажиллахаас гадна хурдтай, сэтгэлтэй, итгэлтэй, өөдрөгөөр шинийг санаачилж ажиллах нь бидний амжилтын үндэс нь байх болно. Тиймээ, үнэхээр хийе гэвэл арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг нь олддог.

 

Эрүүл мэндийн салбарт хүн ардынхаа эрүүл мэндийг дэмжих хамгаалах үйл хэрэгт ямагт манлайлан энэ салбарын чиглүүлэгч “Алтан гадас” нь болсон эрүүл мэндийн удирдах ажилтнууд болон хамтран ажиллаж техникийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцааг цаг ямагт харамгүй үзүүлдэг олон улсын байгууллагын төлөөлөгчид та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, эрүүл энх,  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Та бидний хамтын хүчин чармайлтаар хүн амын эрүүл мэнд сайжирч, иргэдийн маань сэтгэл ханамж дээшилж, өөрийн эх орондоо чанартай хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах болно.

 

Анхаарал тавьсанд баярлалаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)