УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тойрогтоо ажиллаж эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүргийн ХV-ХVII хорооны 600 гаруй ахмадыг хүлээн авч уулзан, УИХ-ын намрын ээлжит чуулганы үр дүн хийгээд  хэлэлцэж баталсан хуулиудын   талаар мэдээлэл хүргүүллээ. Тэрбээр “Чуулган завсарласан энэ цаг үед тойрогтоо ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүрэгт ажилласан. Өнөөдөр, маргааш Сүхбаатар дүүргийн иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсох төлөвлөгөөтэй байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллахдаа хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Мөн зарим хуулийн  төслийн судалгаа шинжилгээний багт орж ажиллан, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хамгийн гол нь иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон гишүүнийхээ хувьд иргэд сонгогчидтойгоо аль болох ойрхон байж, чадлынхаа хэрээр надад хаяглаж ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхийн төлөө ажилласан. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байсан асуудал бол эдийн засаг хямралтай, амьдрал хүнд байгаа энэ цаг үед нийгмийн даатгалын сангаас олгож байгаа Тэтгэвэр, тэтгэмжийн тухай шинэ хууль байсан. Энэ хуулийг баталснаар иргэдэд тулгамдсан  олон асуудлыг шийдсэн” гэлээ.  
Мөн хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэд, малчдын нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэсэн тухайгаа сонгогчдод дуулгав. Түүнчлэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ахмадын тухай хуулийг баталсан. Зарим ахмад буурлууд Алдар цуутай ахмад настанд төрөөс үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хүсэн хүлээж байснаа хэлж байна. Ахмадад ач санах тухай хуулийг баталснаар энэ удаагийн цагаан сараас эхлэн ахмадууд  төрийнхөө хувь хишгийг хүртэх боломжтой боллоо хэмээн бэлгэшээж байлаа.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)