УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тойрогтоо ажиллалаа

 

        УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Жамъянгийн Мөнхбат энэ сарын 21-25-ны хооронд тойрогтоо ажиллалаа.

 

Тэрбээр Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, Хашаат сум болон аймгийн төвийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Мөн Архангай аймгаас тодорсон Улсын аварга малчин, Монголын Үндэсний радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгээс шалгаруулдаг “Алтан төл”-ийн эзний шагналыг гардуулжээ.

 

Энэ жил Архангай аймаг тоолуулсан мал сүргийн тоогоороо Монгол Улсын хэмжээнд хоёрдугаар байрт орох амжилт үзүүлсэн байна.

 

 

Тодруулбал, Архангай аймаг таван сая гаруй толгой мал тоолуулсан ажээ. Тус аймгаас Улсын аварга малчин тав, Улсын аварга саальчин нэг төрөн гарсан. Улсын аварга малчинаар шалгарсан Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн малчин Р.Өсөхбаяр, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Л.Хадбаатар, Батцэнгэл сумын Дэл багийн малчин Д.Сэнгэдорж, Хотонт сумын малчин Ш.Янжин, Хашаат сумын Номгон багийн малчин П.Пүрэвсүрэн нарт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Жамъянгийн Мөнхбат Улсын аварга малчин, саальчины шагналыг нь гардуулан өглөө.

 

 

 

“Алтан төл”-ийн эзнээр шалгарсан Өлзийт сумын малчин Ц.Хүрэлбаатар, Цэцэрлэг сумын малчин Ц.Пүрэвдорж, С.Тамир, Эрдэнэмандал сумын малчин Н.Хатанбаатар, Батцэнгэл сумын малчин Л.Батбаяр, Д.Ренчинхорлоо, Ч.Эрдэнэбаатар, Өгийнуур сумын малчин Д.Амгаланбаатар, Хашаат сумын малчин Ц.Батсайхан нарт “Алтан төл”-ийн цом, энгэрийн тэмдэгийг нь гардуулж өгсөн юм. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Жамъянгийн Мөнхбат найман сумын иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг, улс төр, өнөөгийн нөхцөл байдлын тухай товч танилцуулж байлаа. Үүний дараагаар УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо хийсэн болон хийх ажлуудынхаа тухай ярьсан юм.

 

Архангай аймгийн иргэд, тэр дундаа дээр дурдсан найман сумын иргэд “Зөв хүнээ УИХ-д сонгосон байна”, “Нутаг орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа төрийн түшээдээ баярлалаа” зэрэг сэтгэгдлүүдийг уулзалтын төгсгөлд хэлж, талархал илэрхийлж байлаа.

 

Уулзалтын төгсгөлд сум сумаас шалгарсан салбарын тэргүүнүүдийн шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Жамъянгийн Мөнхбат гардуулан өгсөн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)