Ерөнхийлөгч төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

 

        Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирж нум эвшээлгэх ёслол үйлдэв. Уг ёслолын дараа  УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа улаагчин тахиа жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, өвлийг өнтэй сайхан давж, налгар  хавартай золгож байгаа  талаар ярилцлаа.

 

Сар шинийн өмнөхөн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөдөө орон нутагт ажиллаад ирсэн бөгөөд мал сүргийн тоо толгой 61 саяд хүрч, аварга малчдын тоо 100 гаруй болсныг тэд онцлон ярилцаж байв. Аварга малчдад улаан халзтай гэр бэлэглэдэг болсонд малчид ихэд талархалтай байгааг мөн дурдаж байсан юм.

 

Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг зохируулан тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаалыг хайлав. Тэрээр 24 дэх жилдээ Төрийн Хан хуурын хөг эгшгийг зохируулж байгаа ажээ.

 

Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:

“Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай” хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хамт даган уухайлж хурайлав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

 

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гавж Ё.Амгалан, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, ирж буй улаагчин тахиа жилийн өнгийг хэлэлцэв. Хамба, гавж нар айлсан ирж байгаа гал улаагчин тахиа жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгав.

 

Үүгээр төрийн золголт өндөрлөв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)