Нарендра Моди: Мөнгөний шинэчлэл хийсэн нь түүхэн шийдвэр болсон

 

        Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийн “Indiatoday” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Та өнгөрсөн арваннэгдүгээр сард авлигатай тэмцэхийн тулд 500, 1000 рупийн дэвсгэртийг гүйлгээнээс хассан. Энэхүү шийдвэр нэлээд шүүмжлэл дагуулсан. Та үүнийг хэрэгжүүлсэндээ сэтгэл хангалуун байна уу?

 

-Уг шийдвэрийг түүхэн шийдвэр ч гэж хэлж болно. Амжилттай хэрэгжүүлсэнд баяртай байгаа. Мөнгөн тэмдэгтийг шинэчлэн солих шийдвэрийг гаргахад олон эдийн засагч үр дүнтэй болно гэдэгт эргэлзэж байсан. Гэсэн хэдий ч Энэтхэгийн 1.25 тэрбум иргэн бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авч, ач холбогдлыг нь ойлгосон юм. Томоохон хэмжээний олон тэрбум мөнгөн дэвсгэрт сольсон тохиолдол дэлхийд анхных нь байсан гэж хэлж болно. Энэтхэгийн Засгийн газраас урьдаас тулгарч болох бэрхшээлийг тооцоолж байсан.

 

-Мөнгөн тэмдэгтийг солих үйл явц бараг дууссан. Та үр дүнд нь сэтгэл хангалуун байна уу?

 

-Мөнгөн тэмдэгтийг сольсон шалтгаан нь авлига, хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, терроризмтой тэмцэх байсан. Гэхдээ зөвхөн мөнгөн тэмдэгтийг сольсноор энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй ч шийдвэрлэхэд нэг алхам ойртсон гэж хэлж болно.

 

-500 болон 1000 рупийг гүйлгээнээс хассан. Энэ нь тус улсад хэрэглэгддэг нийт мөнгөн дэвсгэртийн 86 хувийг эзэлдэг. Гэтэл Энэтхэгт явагдаж буй гүйлгээний 90 хувь нь бэлэн мөнгөөр хийдэг. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ?

 

-Энэтхэгчүүд татвар төлөхгүйн тулд мөнгөө бэлнээр нь хадгалдаг. Үүнийг "хар мөнгө" гэж нэрлэдэг. Ийм сүүдрийн эдийн засаг нь Энэтхэгийн ДНБ-ий 20 хувьтай тэнцсэн тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байсан. 1980 онд эдийн засагч Жеймс Хенри АНУ-ын Засгийн газарт үнэ цэнэтэй валютыг зах зээлд нэвтрүүлэх санал тавьсан байдаг. “The Curse of Cash” номын зохиолч Кеннет Рогоф өндөр нэрлэсэн үнэ бүхий мөнгөн тэмдэгт буюу 100 ам.долларыг гүйлгээнд нэвтрүүлэх санал тавьж, АНУ-ын Засгийн газар энэхүү мөнгөн тэмдэгтийг ашигласнаар гэмт хэргийн гаралт, мафийн үйл ажиллагааг саармагжуулж чадсан. Энэтхэг 1970 оноос хойш мөнгөний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр оролдож байсан. Гэвч 40 гаруй жилийн дараа хэрэгжүүлж чадлаа. Хэрэв бид асуудлыг шийдэхгүй хойшлуулсаар байвал хууль бус хуурамч мөнгө, авлигын хэрэг улам л хүрээгээ тэлэх болно. Хэрэв Энэтхэгийн эдийн засаг сул байсан бол энэхүү өөрчлөлтийг давж гарч чадахгүй байсан.

 

-Мөнгөн тэмдэгтийг сольсноос үүдэн олон асуулт урган гарч байна. Мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнээс хассанаар бэлэн мөнгөний дутагдалд орно. Уг асуудлыг яаж шийдвэрлэхээр төлөвлөсөн бэ?

 

-Валют хэвлэх тухайд хэрэглээний валютын шаардлагад үндэслэн төлөвлөсөн байгаа. Орчин үед биедээ бэлэн мөнгө авч явдаг хүн ховор болсон. Хүмүүсийн олонх нь дижитал төлбөрийн механизмыг ашиглах болжээ. Дижитал төлбөрийг системийг ашигласнаар бэлэн мөнгөний дутагдалд бараг орохгүй.

 

-Банкуудад дараалал, эмх замбараагүй байдал үүсч, хүмүүст багагүй хүндрэл учруулсан. Энэ талаар та юу хэлэх бол?

 

-Банкны болон шуудангийн ажилтнууд нэлээд ачаалалтай ажилласан. Тэдэнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.

 

-Сөрөг хүчнийхний зүгээс энэхүү шинэчлэлийг багагүй шүүмжилсэн?

 

-Сөрөг хүчнийхний шүүмжлэл уялдаа холбоогүй байсан. Тэд сонгууль дөхөхөөр шүүмжилж болох бүхнийг шүүмжилж эхэлдэг шүү дээ. Бид богино хугацааны улс төрийн амьдралд ард иргэдийн хэзээ ч дуусашгүй ашиг сонирхлыг биелүүлэхийн тулд ажилладаг гэдгийг тэд санах хэрэгтэй.

 

-Таны өмнөх Ерөнхий сайд Манмохан Сингх мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг “түүхэн буруу үйлдэл”, дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр пунктээр буурна гэж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Манмохан Сингх бол туршлагатай эдийн засагч, улстөрч Сангийн сайд, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан. Гэхдээ яагаад “түүхэн буруу үйлдэл” гэж тодорхойлсныг ойлгохгүй байна.

 

-Бэлэн мөнгийг хэрэглээнээс хассанаар “Хар мөнгө” буюу татвар төлөхгүйн тулд мөнгөө бэлнээр хадгалдаг байдал зогсч, татвараас зайлсхийх үзэгдлээс сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэдэгдэж байсан. Иргэд татвараа зохих ёсоор нь төлж эхэлснээр Засгийн газарт хэчнээн рупи төвлөрч, хэдий хэмжээний ашиг хүртэх вэ? 

 

-Ер нь бол үүнийг Засгийн газар биш эдийн засагчид тооцоолдог. Засгийн газрын хувьд авлигын эх үүсвэрийг ил тод болгож, “Хар мөнгө”- ийг банкны системд оруулж шударга бус байдлыг халахыг л хүсч байна.

 

-“Хар мөнгө” гэх эдийн засгийн үзэгдэл хэдийд ч байсаар л байна гэж үзэх хүн олон байна. Энэ явдлыг бүр мөсөн хязгаарлахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

 

-“Хар мөнгө” гэх татвараас зайлсхийх үзэгдэл бэлэн мөнгөний хэрэглээг хязгаарласан ч өөр хэлбэрээр оршсоор л байна гэж шүүмжлэх хүн байгаа. Энэ утгаараа энэ үзэгдэл бүх цаг үед байна гэж тодорхойлж байгаа байх. Энэ удаагийн алхам нь татвараас нуугдах “Хар мөнгө” үзэгдлийг хязгаарлах шат дараалсан арга хэмжээний нэг хэсэг юм. Энэ алхам хэрэгжиж эхлээд бүх зүйл цэгцэрнэ гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүний татварыг нэмж, цахим төлбөрийн хэрэгслийг эдийн засагт нэвтрүүлэх зэрэг чухал үр дүнтэй алхам олон байгаа.

 

-Таны хувьд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, гүйлгээний цахим хэлбэрийг дэмжих ёстойг идэвхтэй сануулдаг. Цахим гүйлгээний хурд систем дэх бэлэн мөнгөний зай завсар, хомсдолыг нөхөж чадах уу?

 

-Цахим гүйлгээг бэлэн мөнгөний хомсдолоос сэргийлэх богино хугацааны аргацаах алхмаар төсөөлж болохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 сая орчим хүн өдөр тутмын хэрэглээндээ карт ашиглаж хэвшсэн байна. Энэ нь гүйлгээний цахим хэлбэрийн ашиг тусыг хүртсэн гэсэн үг. Олон талын ач холбогдолтой эдийн засгийн алхам гэж хэлж болно. Жижиг аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бэлэн мөнгөтэй харьцах харилцаанд эергээр нөлөөлж, бүх зүйл илүү хялбар болно. Түүнээс гадна зээл авах, санхүүгийн бүртгэл хөтлөхөд ч илүү амар шүү дээ. Том жижиг гэлтгүй санхүүгийн бүх системд гүйлгээний цахим хэрэгсэл картыг нэвтрүүлэх хэрэгтэй.

 

-Таны засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Өнгөрсөн хугацаан дахь засаглалын үйл явц болон шийдвэрт алхамууддаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

 

-Би Энэтхэг Улсыг түүхэн өөрчлөлтийн зааг дунд зогсч байна гэж боддог. Хөгжингүй улс, үндэстэн дэлхийн тэргүүлэгч болох чухал ач холбогдолтой түүхийн хурц ирмэг дээр байна гэж төсөөлдөг юм. Энэтхэгийн жирийн нэгэн фермер аз жаргалтай байж, худалдаачин нь чинээлэг, эмэгтэйчүүд эрх мэдэлтэй, залуу үе нь ажил орлоготой. Энэтхэг айл бүр хувийн эзэмшлийн байшин, боловсон хэрэглээтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс Засгийн газрын бодлогыг иргэн рүүгээ чиглүүлэх нь чухал. Хүн бүрийн амьдралд сайнаар нөлөөлөх бодлого боловсруулахын тулд хичээж ажиллаж байна.

 

Ц.Даваасамбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)