Цахим орчин дахь гадуурхлын эсрэг хүүхдүүд нэгдэж байна

 

        БСШУСЯ, НИТХ-ын дэргэдэх “Нийгмийн хөгжлийн хороо”, Нийслэлийн боловсролын газар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс хамтран энэ сарын 15-ны өдөр “Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуульд зохион байгуулагдсан тус сургалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон ЕБС-иудын нийгмийн ажилтнуудын төлөөлөл бүхий 100 гаруй хүмүүс оролцов.  

 

Сургалтыг нээж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлсэн юм. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийг аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд бид хүүхэд хамгааллын олон талт ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорьж байна. ЕБС-ийн сурагчид цахим орчин дахь элдэв дарамт, гүтгэлэг, доромжлолд өртөх болжээ. Хүүхдүүд нэг, нэгнээ гадуурхаж, бусдыгаа доромжлох хэрэгсэл нь интернэт хэрэглээ, цахим орчин болж хувираад байна. Ганц жишээ дурдахад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр 90 гаруй хүүхэд амиа хорложээ. Энэ бол зөвхөн салбарын яамны асуудал биш ЕБС-иудын нийгмийн ажилтнууд, багш, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлага улмаар нийгмээрээ анхаарах асуудал юм. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдийнхээ цахим орчинд юу үзэж, харж, хэнтэй хэрхэн харилцаж байгаад анхаарал хандуулах нь чухал. Ялангуяа ЕБС-иудын нийгмийн ажилтнууд сурагчидтайгаа ойр ажиллаж, ойлголцож, тэднийг аливаа хэлбэрийн гадуурхалд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гэв. 

 

 

“Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд хүүхэд, багачуудыг цахим гадуурхлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БСШУС-ын сайдын “Сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хязгаарлах тухай А/43 тоот тушаал”,  БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Цахим гадуурхал цаашаа” ажлын удирдамжийг тус тус боловсруулан батлаад байна. Мөн цахим орчин дахь хүүхэд хамгааллын хүрээнд БСШУСЯ UBS телевизтэй хамтран “Universe best songs-2017” уралдаант нэвтрүүлгийг “Цахим орчинд соёлтой оролцъё” уриан дор зохион байгуулж, хүүхэд, залууст бие биедээ соёлтой оролцохыг уриалж буй. Түүнчлэн БСШУСЯ, “Харилцаа холбооны зохицуулах хороо”-той хамтран “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)