Ц.Баярбаатар: Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй айлуудыг нэмсэн

 

        Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу гэр хорооллын 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Тэгвэл тус хөнгөлөлтөд нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамааралгүй байсан есөн хорооны 27 мянган айл өрхийг нэмж хамруулжээ. Энэ талаар Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.БАЯРБААТАРТАЙ ярилцлаа.

 

-Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Харин нэмж 27 мянган айл өрхийг хөнгөлөлтөд хамруулахаар болсон байна. Эдгээр айл өрх яагаад хамрагдах боломжгүй байв. Ямар зохицуулалт хийснээр хамрагдах боломжтой болсон юм бэ?

 

-Шинээр бүрдсэн Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд тогтоол гаргаж, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн. Учир нь, шөнийн бага хэрэглээтэй боломжийг ашиглаж гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаалгуураар гэрээ халааж, ингэснээр шөнө түлэх нүүрсийг багасгаж, Улаанбаатар хотын утааг багасгах үүднээс цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Энэ шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэтэл бага зэргийн үл ойлголцол гарсан.

 

Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 14-нд нийслэлийн Засаг дарга, БОАЖ-ын сайдын хамтын санамж бичгийн дагуу нийслэлийн агаарын чанарын бүсийг тогтоосон. Чанарын бүсийг дөрвөн бүсэд хуваасан л даа. Ингэснээр зарим гэр хорооллын айл өрх чанарын бүсэд хамрагдахгүй, харин зарим хорооны хаустай айлууд хамрагдсан учир иргэдээс гомдол санал ирүүлсэн. Хуулиар цахилгааны хөнгөлөлтийг бүсийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ бүхнийг эргэн харж дээрх асуудлыг залруулж, агаарын чанарын бүсээс болж цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй Биокомбинат, Шувуун фабрик, Баянзүрх дүүргийн Хонхор тосгон болон тус дүүргийн хойно байрлах зуслангийн айлуудыг хамруулж байна. Үүний нөхөн бичилтийг Цахилгаан түгээх сүлжээнээс хийж байгаа бөгөөд үүнд хоёр тарифт тоолууртай 110 мянга гаруй айл өрхийг хамруулж байна.

 

-Дээрх айл өрхийг нэмж хамруулснаар хэчнээн төгрөгийн зардал гарах вэ. Энэ зардлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-Цахилгааны шөнийн тариф тэглэснээс гарах алдагдлыг Засгийн газраас дааж байгаа. Бидний тооцоолсноор, үүнд 3.5 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг БОАЖЯ-ны сангаас агаарын бохирдлыг багасгах үүднээс нөхөн олгохоор болж, цахилгааны шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгож хэрэгжүүлсэн.

 

-Айл өрхүүд цахилгааны хөнгөлөлтөд бүрэн хамрагдаж чадаж байна уу. Ер нь эрчим хүчний чадал хэр хэмжээгээр өсч байна вэ?

 

-Шөнийн тарифыг хөнгөлснөөс хойш айл өрхийн цахилгааны хэрэглээнээс харахад хүйтрээд ирэхэд шөнийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээ эрс өсч байна. Тэгэхээр иргэд үүний ач холбогдлыг мэдэрч, хэрэглээд эхэлж байна гэсэн үг. Шөнийн тарифтай болсноор эрчим хүчний чадал 2015, 2016 оны өвлийн их ачааллын үетэй харьцуулахад энэ онд даруй 17- 20 хувиар өссөн. Гэсэн хэдий ч цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд айл өрхүүд бүрэн хамрагдаж чадаагүй байна. Учир нь, айл өрхүүд цахилгаан төхөөрөмж аваагүй, цахилгааны монтажийг бүрэн хийгээгүй, хоёр тарифт тоолуур тавиулаагүйгээс хамрагдалт энэ жилийн хувьд 50 хувьтай байна. Гуравдугаар сарын байдлаар авч үзэхэд бидний тооцоолсон 3.5 тэрбумаас хоёр тэрбум орчим төгрөгийн хэрэглээний зардал гарсан.

 

-Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, айл өрхийг хөнгөлөлтөд бүрэн хамруулах үүднээс яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Эрчим хүчний системийн шөнийн бага ачааллын зөрүү 21.00-06.00 цагийн хооронд 200 мВт-ын чадлын нөөц байна. Энэ нөөцдөө тулгуурлан шөнийн тарифыг тэглэсэн. 200 мВтаас давах юм бол хүчин чадал дийлэхээ болино. Тиймээс үүнийг давахын тулд энэ жил 20 орчим мянган айлыг дөрвөн кВтын хүчин чадалтай цахилгаан халаагуур залгах техникийн боломжийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, шугам сүлжээ, дэд станцуудыг нь өргөтгөнө. Үүнд ойролцоогоор 24 тэрбум орчим төгрөгийн шаардлага гарч байгаа. Хоёрдугаарт, цахилгаан дамжуулах сүлжээний томоохон дэд станцуудын хүчин чадлыг нэмэх ёстой. Үүнд 15 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ ажлыг цахилгаан дамжуулах компани хийнэ. Мөн эрчим хүчинд огт холбогдоогүй 7500 орчим айл өрхийг цахилгаанд шинээр холбох ажлыг зохион байгуулж, тендерээ зарлаад байна. Дээр нь Улаанбаатар хотыг зөвхөн цахилгаанаар халаагаад утааг багасгана гэдэг худлаа. Тиймээс гэр хороололд түлж байгаа түүхий нүүрсийг хэрэглэхээ больё. Үүний оронд утаагүй түлш хэрэглэж утаагаа багасгах ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн эрчим хүчний салбараас сургууль, цэцэрлэг халаадаг нам даралтын зуухыг буулгаж, төвийн дулааны шугам сүлжээнд холбохоор болсон. Үүний хүрээнд энэ жил эхний ээлжид уурын 70 зуухыг буулгана. Ингэснээр 2017, 2018 оны өвлийн их ачаалалд дээрх бэлтгэлтэй ороход агаарын бохирдол буурах дүр зураг харагдаж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ байрлалаа маш сайн сонгох хэрэгтэй. Тухайлбал, салхины дээр байрлах хамгийн их бохирдолтой Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Баянхошуу, Чингэлтэйн гэр хорооллын айл өрхийг сонгож, нэлээд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.

 

-Цахилгааны тарифыг хөнгөлснөөр өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол хэдий хэмжээгээр буурав?

 

-Агаарын бохирдлыг ямар шалгуураар буулгах вэ гэдэг нь учир дутагдалтай. Бид төчнөөн хэрэглэгчийн цахилгааны асуудлыг шийдээд холболоо, төдий хэмжээний яндангаас гарч байгаа утааг буурууллаа гэж ярихаас хэдий хэмжээгээр утаа буурсан гэх хэмжилтийн шалгуур шийдлээ гаргаагүй байна.

 

-Хөдөө орон нутаг тэр тусмаа аймгийн төвүүд агаарын бохирдолтой болсон байна. Тиймээс орон нутгийн иргэд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэйгээ ч илэрхийлж байсан. Ийм боломж бий юү?

 

-УИХ-ын дарга саяхан баруун дөрвөн аймагт ажилласан. Эрчим хүчний сайд ч ажлын хэсэгт багтсан. Энэ үеэр хөдөө орон нутгийн иргэд, хөдөлмөрчдийн зүгээс дээрх асуудлыг тавьж байсан. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймаг агаарын бохирдолтой байна. Гэхдээ хөдөө орон нутагт агаар харьцангуй сийрэгжилттэй, салхины урсгал байгаа учир эрсдэл бага. Тиймээс 10 аймгийн хэмжээнд дулаан хангамжийн төвлөрсөн эх үүсвэрийг барьж түүнд хэрэглэгчдийг холбох. Мөн шинэ утаагүй түлшийг санал болгох, эко цахилгаан хэрэглүүрийг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Харин аймагт цахилгааны шөнийн тарифыг чөлөөлбөл бидэнд түүнийг хангах цахилгааны эх үүсвэр байхгүй. Ер нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системд холбогдсон бүх аймаг суманд цахилгааны шөнийн тарифын 50 хувийн хөнгөлөлт бий.

 

-Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийг цаашдаа бүрэн хамруулах боломж бий юү?

 

-Тийм боломж байхгүй. Нарийн яривал манай улс эдийн засгийн хямралаас гарч үйлдвэрүүд ажиллаад эхэлбэл бид эрчим хүчний чадлын дутагдалд орно. Тиймээс түр хугацаанд л эрчим хүчний хүчин чадал ийм байдалтай байна. Тэр болтол энэ шийдлээ илүү боловсронгуй болгож дээрээс нь шинээр эх үүсвэр бий болгох хүртэл зохион байгуулалтын түр зуурын арга хэмжээг Засгийн газраас явуулж байгаа.

 

-БОАЖЯ, нийслэлтэй хэр холбоотой ажилладаг вэ?

 

-Бид утааг бууруулахад тус тусдаа тоглолт хийгээд амжилтад хүрэхгүй. Өмнө нь хийгээгүй биш хийсэн. “Зуух”, “Нүүрс” төсөл хэрэгжүүлсэн. Нийслэл, БОАЖЯ, эрдэмтэн багш, ЭХЯ тус тусдаа ажиллаад явж болохгүй. Тиймээс бид бодлогоо нэг болгож, нэг зүйлд тогтож ярих хэрэгтэй. Гарцаагүй бид нийслэлтэй холбоотой ажиллаж, БОАЖЯ-нд хөнгөлөлт, санхүүгийн ямар дэмжлэг, хандив байна гэх зэргээр холбоотой ажилладаг.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)