Онгоцны хөдөлгүүр зогссон шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ

 

        АНУ-ын цэргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 14-нд ослын буулт хийсэн. Ослын буулт хийх болсон шалтгааныг Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад “АНУ-ын онгоц техникийн буулт хийсэн. Олон улсын дүрэмд зааснаар ослын буулт нь техникийнхээс ялгаатай байдаг. Катараас нислэг үйлдэж явсан АНУ-ын цэргийн зориулалттай С17 агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон тул зөвшөөрөл хүсч, энэ сарын 14-ний 13.59 цагт Улаанбаатарт газардсан. Буух зөвшөөрөл хүссэн даруйд "Чингис хаан" олон улсын нисэх буудлынхан бэлэн байдлыг шуурхай хангаж, ямар нэгэн осол авааргүй газардуулсан. Цэргийн зориулалттай учир манайхаас засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тиймээс харьяаллынхаа дагуу Батлан хамгаалахын салбараас тухайн онгоцны засвар үйлчилгээг хийж, нислэг үйлдэх хүсэлт гаргасны дагуу бид зөвшөөрөл олгох юм. Тухайн онгоц цэргийн зориулалттай учир зорчигч тээвэрлэх боломжгүй, экипаж найман хүний бүрэлдэхүүнтэй байсан. Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэв.

 

Монгол Улсын Батлан хамгаалах яам болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тодорхой албан тушаалтнууд нөхцөл байдалтай танилцаж, онгоцыг хүлээн авсан байна. Мөн шаардлагатай шалгалтынг эхлүүлжээ. Техникийн буулт хийсэн онгоцны талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнаас тодруулахад “Уг онгоц ачааных. Одоогоор онгоц засах ажлыг эхлүүлж, хөдөлгүүр зогссон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө. Тухайн онгоц энхийг сахиулагчдын ачааг тээвэрлэхээр хуваарийн дагуу энэ сарын 14-ний 12.50 цагт Улаанбаатарт газардаж 15-ны өдөр буцах ёстой байсан талаар зарим эх сурвалж хэлж байна.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)