О.Алтангэрэл: Хэргийн захиалагч хэн гэдгийг ямагт нэхэх хэрэгтэй

 

        С.Зориг агсанд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал саяхан болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнтэй холбогдуулан хохирогч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн байр суурийг сонсох гэсэн боловч тэд “Хэвлэлд хэргийн талаар байр сууриа илэрхийлж ярилцлага өгөхгүй байхыг шүүгчид сануулж гарын үсэг зуруулсан. Хэрэв зөрчвөл эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэсэн хариултыг өгсөн юм. Тиймээс нийгэмд ихээхэн эргэлзээ төрүүлээд байгаа эл хэргийг тойрсон үйл явцын талаар хуульч, өмгөөлөгч О.АЛТАНГЭРЭЛТЭЙ ярилцлаа.

 

-Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг хохирогч, шүүгдэгчдийн өмгөөлөгч, ар гэрийнхэн удаа дараа тавьсан боловч өмнөх хуралдааны адил хаалттай хэлэлцлээ. Улс төрийн захиалгат хэрэг гэдгээр нийгэмд дуулиан тарьсан энэ хэргийн төрийн нууцад хамааралтай хэсгийг хаалттай, харин бусдыг нь нээлттэй байдлаар явуулах боломж хуулийн хүрээнд байхгүй юу?

 

-Нууц аргаар гэмт хэргийг шалгадаг үйл ажиллагаа байдаг. Манайхан гүйцэтгэх ажил гэж нэрлэдэг. Энэ ажиллагааг хийж байгаа хүмүүс, тэдгээрийн арга барил зэрэг нь нууцын зэрэглэлд багтдаг. Ер нь гэмт хэргийг илрүүлэх ажиллагааг дандаа ил явуулж болдоггүй. Заримдаа далд, нууц аргаар шалгадаг. Ингэхдээ нууц ажиллагаанд оролцсон хүмүүсийн аюулгүй байдал, төрийн үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс нууцын зэрэглэлд хамааруулж хамгаалдаг. Тэгэхээр энэ хэрэгт төрийн нууцтай холбоотой маш олон ажиллагааг хийсэн гэж ойлгож байна. 1998 оноос хойш бараг 20- иод жилийн хугацаанд тухайн хэрэгтнүүдийг илрүүлээсэй гэж олон хүн хүсч байсан. Гэсэн ч хуулийн байгууллага хэрхэн яаж ажиллаж байгааг бүгд мэдэхгүй л байлаа. Тэгэхээр хуулийн байгууллагын үйл ажиллагаа далд, нууц явж байсан гэсэн үг. Нууцаар явуулсан үйл ажиллагааны дүнд цугларсан нотлох баримтыг хэлэлцэж байгаа учир шүүх хурлыг төрийн нууцад хамааруулахаас өөр аргагүй байсан болов уу. Ер нь төрийн нууцтай хамааралтай шүүх хурал хаалттай болдог. Тиймээс тухайн шүүх хурлыг хаалттай явуулсан нь төрийн нууцыг хамгаалах үүднээс хуулийн дагуу гаргасан шийдвэр гэдэгт би итгэлтэй байгаа.

 

-Тэгэхээр хуралдааныг хаалттай явуулсан нь зөв гэсэн үг үү?

 

-Тийм.

 

-Давж заалдах шатны шүүхийн шүүгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Энэ шийдвэрийг хуульчийн хувьд хэрхэн харж байна вэ?

 

-Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг зүйлд би шүүмжлэлтэй хандаж байсан. Гаргасан шийдвэртээ тухайн үед шүүгчид тайлбар өгөөгүй. Ингэснээр олон нийт “Хэрэг хийгээгүй хүмүүсийг хэлмэгдүүллээ”, “Гэмгүй гурван хүнд ял ногдуулчихаж байгаа юм биш үү” гэсэн эргэлзээтэй үлдсэн. Харин энэ удаад давж заалдах шатны шүүгчид магадлалаа гаргачихаад тайлбар хийж байна билээ. Энэ бол зөв алхам. Ингэж тайлбарласнаар хүмүүст эргэлзээ төрөхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчдийн гаргасан шийдвэрт тодорхойгүй байсан нэлээд олон зүйл энэ удаад тодорхой боллоо.

 

-Тухайлбал?

 

-Тухайн этгээдүүдийг хэргийн газарт байсан гэдгийг гэрчүүд шууд таньсан. Хэргийн нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулсан байна. Энэ бол ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй гэж шүүгч тайлбар хийж байсан. Түүнчлэн анхан шатны шүүх хурлын шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээхийн зэрэгцээ зарим нэг шийдвэрт бага хэмжээний өөрчлөлт оруулсан зэргээр мэдээлэл өгснөөр олон нийт тодорхой хэмжээний ойлголттой боллоо. Мөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор дахин гэмт хэрэг үйлдсэн болохыг давж заалдах шатны шүүхээс нотолсон.

 

-Шүүх хуралдаанд шүүгдэгчдийг онлайнаар оролцуулсанд зарим хүн “Хүний эрхийг хязгаарласан үйлдэл” хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ үйлдэл хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэхгүй юү?

 

-Онлайнаар шүүх хуралд оролцож байгаа нь шүүхийн практикт дэвшил. Би Нийслэлийн шүүхээр шийдвэрлүүлж буй олон хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Шүүгдэгчдийг шүүх хуралдаанд оролцуулах гэхээр бодитой боломж байдаггүй учир оролцуулдаггүй, үгийг нь сонсдоггүй байсан удаатай. Үүний оронд шүүгчдэгчдийг шүүх хуралдаанд онлайнаар оролцуулж, хурлын явцыг харуулж, үгийг нь сонсч байгаа нь харин ч дэвшил юм. Эрх зүйн өндөр хөгжилтэй орнууд шүүх хуралдаанд шүүгдэгчийг онлайнаар оролцуулдаг практик бий. Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл биш.

 

-Шүүгдэгчдийг хэдийгээр цагдан хорьж байгаа ч гэлээ шүүх хуралдааны танхимд тэднийг авч ирж болно биз дээ?

 

-Анхан шатны шүүх хуралдааныг харуул хамгаалалт дор ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн. Үүний дараа ар гэрийнхэн болон олон нийт эсэргүүцэл илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан удаатай. Захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгааг хоёр шатны шүүхийн шүүгчид хэлсэн. Тухайн хэргийг улс төрийн хэрэг гэж үздэг. Тиймээс шүүх хурлыг аюулгүй байдалд явуулах нөхцөл боломжийг хангах үүрэгтэй. Улс төрийн зорилготой бөгөөд захиалагчтай, онц ноцтой гэмт хэргийг хэлэлцэж байгаагийн хувьд шүүгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ нь зөв зүйтэй шийдэл гэж хуульч хүний хувьд үзэж байгаа. Давж заалдах шатны хурлыг даргалагч шүүгч “Бид Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу өмгөөлөгч болон хохирогчдын гаргасан гомдлын дагуу биш хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны ердийн шүүх хурал харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг. Гэтэл С.Зориг агсантай холбоотой хэргийг шүүх хурал бүтэн өдөр болсон. Тиймээс шүүгчид тухайн хэрэгт нэлээд нухацтай хандаж, маш сайн хэлэлцсэн гэж дүгнэж байна. Би хувьдаа үүнээс гадна Хадгаламж зээлийн хоршоод болон долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой хэргийг шүүх хуралдаан нэлээд удаан үргэлжилж байсныг санаж байна. Мэдээж маргаан Улсын Дээд шүүх рүү очих байх. Хяналтын шатанд таван шүүгч тухайн хэргийг хэлэлцэнэ. Ингэхдээ хэргийн оролцогчдын эрхийг хангах байх гэж найдаж байна.

 

-Энэ удаагийн шүүх хуралдаанд хохирогч С.Оюуныг төлөөлж түүний ах С.Баяр оролцсон боловч “Хуралдааныг нээлттэй явуулахгүй бол оролцохгүй” гээд шүүх танхимыг орхин гарсан. Хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй юу?

 

-Анхан шатны шүүх хуралдаан нэгэнт хаалттай болсон байхад давж заалдах шатны шүүгчид хуралдааныг нээлттэй явуулах ямар ч боломжгүй. Хэрэв нээлттэй явуулбал хуулийн дагуу тухайн хүмүүст эргээд хариуцлага тооцох болно. Шүүх хуралдааныг нээлттэй явууллаа гэж бодоход тэр дундаас төрийн нууц задарч, гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон нууц ажилтнууд, арга хэрэгсэл ил болбол хариуцлагыг шүүгчид хүлээнэ. Шүүгчид хуулийг сахин биелүүлдэг дээд байгууллага учир хуулийн босгыг давж ажиллах бололцоогүй.

 

-Шүүгдэгчдийн ар гэрийнхэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй юм билээ. Учир шалтгаан нь юундаа байна гэж та харж байна вэ?

 

-Шүүх хуралдааныг хаалттай явуулж байна гэдгээрээ ийм арга хэмжээ авч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хавтаст хэрэгтэй танилцахдаа төрийн нууцыг задруулахгүй гэж гарын үсэг зурдаг. Прокурор, өмгөөлөгч, шүүгч болон хохирогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болдог. Шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцож болно. Гэхдээ тэд өөрсдийн хэлэх зүйлээ хэлчихээд гарч болдог. Шүүх хуралдаан нэгэнт хаалттай болж байгаа учир хэргийн оролцогч биш хүнийг хуралдаанд оролцуулах боломжгүй.

 

-Одоогоос 19 жилийн өмнө тухайн хэрэг гарсан. Тэр үед шүүгдэгчид насанд хүрээгүй төдийгүй хэрэг гарсан өдөр тус тусын ажлаа хийгээд явж байсан талаар ар гэрийнхэн нь ярьдаг. Талуудын өгч буй мэдээллээс нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

 

-Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрчихсэн байсан юм билээ. Эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаар зарим төрлийн гэмт хэрэгт 14 наснаас эхэлдэг. Хамгийн гол сонирхол татаж байгаа нэг зүйл бол хоёр шатны шүүхийн шүүгчид захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгаа талаар дурдсан. Иргэн хүнийхээ хувьд хэлэхэд иргэн, сэтгүүлч аль аль нь ямагт нэхэл хатуутайгаар “Та бүхэн захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгаа гэсэн. Хэргийн захиалагч хаана байна, хэн бэ” гэж нэхэж байх хэрэгтэй. Хэргийн захиалагч гэж бий. Тэр хэргийг шалгаж байгаа талаар шүүгчид албан ёсны байр суурь илэрхийлсэн учир ингэж шаардах эрхтэй.

 

-Энгийнээр бодоход шүүгдэгчид үнэхээр л гэмт хэрэг үйлдсэн бол захиалагчаа мэдэж байгаа нь ойлгомжтой. Энэ талаар хуулийнханд дуулгасан байж болох юм. Гэтэл яагаад өдийг хүртэл захиалагчийг илрүүлж хариуцлага тооцохгүй байна вэ?

 

-Логикоор бодоход тийм. Шүүгдэгчид хэргийн захиалагчийг хуулийнханд хэлсэн эсвэл хэлээгүй ч байж магадгүй. Энэ бол мөрдөн байцаах ажиллагааны нууц. Гэхдээ тэдний үгээр биш өөр нотлох баримтаар баталгаажуулах шаардлагатай байж болно.

 

-Шүүх хуралдааны талаар өмгөөлөгчдийн байр суурийг сонсох гэхээр тэднээр “Төрийн нууцад хамаарах хэрэг учраас ярилцлага, мэдээлэл өгч болохгүй” гэж гарын үсэг зуруулсан гэсэн. Ийм тохиолдол байж болох уу?

 

-Бүх зүйл нууц биш. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн талд байдаг учраас өөрийн санал бодлоо илэрхийлж болно. Жишээлбэл, шүүгчид “Хавтас хэрэгт байгаа бүх баримтыг үнэлсэн” гэж хэлэхэд өмгөөлөгч “Шүүгчид баримтыг бүгдийг нь үнэлсэнгүй. Би гомдолтой байна” гэж болно. Хэргийн нотлох баримт нууц болохоос шүүх хуралдаанд өмгөөлөгч ямар арга барилтай оролцсон нь нууц биш. Өмгөөлөгч шүүх хуралдаанд орохдоо өөрийн үйлчлүүлэгчийн ялыг хөнгөрүүлэх тактиктай эсвэл хэргийг нь цагаатгуулах байр суурьтай орсон гэдэг ч юм уу. Зарим талаараа прокурорын илэрхийлсэн байр суурьтай санал нийлэхгүй байна. Үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн ийм ийм үндэслэл байгаа талаар шүүгчид тавьсан гэх зэргээр олон нийтэд ярих нь нээлттэй. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ төлөө хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан тэмцэх ёстой.

 

-С.Зориг агсны амь настай холбоотой хэргийг улс төрийн захиалгатай гэдэг. Шүүх хурал нь маш олон жилийн дараа болж буйгаараа онцлог бас олны анхаарлыг нэлээд татаж байна. Үүн шиг урт хугацааны дараа шийдвэрлэж байсан хэргийн тохиолдол байдаг болов уу?

 

-Би хувьдаа мэдэхгүй юм байна. Гэхдээ алдартай нэг хэрэг байдаг. Үйлдвэрийн цалин тавих үеэр няравыг нь хөнөөгөөд мөнгийг нь аваад явчихсан хэргийг олон жилийн дараа шийдэж байсан удаа бий.

 

С.Юмсүрэн

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.106.102)

    2017-03-18

    Энэ бол зайлшгүй.

  • иргэн (202.179.23.114)

    2017-03-17

    Зоригийгалуулсан захиалагчийг шүүх яаралтай олон нийтэд зарлаачээ,наад 3-ын чинь 2 нь хэрэгтэн биш юм бишүү,захиалагч ,захиалагч,захиалагч,булганы мэдүүлгийг ил болгоочээ.