Гадны хөрөнгө оруулалт ба тааламжтай нөхцөл

 

        Сүүлийн жилүүдэд манай улс  гадны хөрөнгө оруулалтыг татах, энэ асуудалд анхаарал хандуулах талаар олонтой ярьсан хэдий ч ажил хэрэг болсон нь цөөхөн. Тэгвэл энэхүү асуудалд Засгийн газраас анхаарал хандуулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл анхдугаар хурлаа хийжээ.

 

 Хурлаар хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн явц, Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг, маргаанууд зэргийн талаар мэдээлэл сонссон байна. Түүнчлэн сүүлийн жилд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа бий. 

 

 Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч нөгөө талаар төр, засгийн дээд төвшиндөө дур зоргоороо аашилдаг, хууль, тогтоомжоо байнга өөрчилдөг, хууль эрх зүйн орчин тогтворгүй,  хийсэн гэрээ, хэлэлцээрээсээ буцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нь алдаж байсантай холбоотой юмаа. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгууллаа.

 

 Энэхүү зөвлөл нь  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахалдаг бөгөөд гишүүдэд Сангийн сайд, ХЗДХЯ, БХБЯ, ЗТХЯ, УУХҮЯ болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, холбогдох яамдын газрын захирал, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МҮХАҮТ-ын удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан байх юм. Улмаар танилцуулгаас үзвэл хөрөнгө оруулагчдын гаргасан гомдол, өргөдлийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх талаар холбогдох яам, агентлаг, орон нутгийн төр, захиргааны байгууллага хангалтгүй ажиллаж эхэлсэн байна. 

 

 Иймээс цаашид асуудлыг маргаан үүсэхээс өмнө буюу шүүх, арбитрт очихоос өмнө шийдвэрлэх нь чухал байгаа тухай хурлын үеэр сайтар ярилцжээ.  Мөн сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан, одоогоор хөрөнгө оруулалтын томоохон таван гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойш таван хэргээр олон улсын арбитрын шүүхэд дуудагдсан тухай мэдээлэл дурдагдсан гээд таагүй мэдээлэл байгаа юм. Энэхүү асуудлыг засч залруулах тал дээр “Энэ Засгийн газар хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа. 

 

Тэдэнтэй харилцан ойлголцож, хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, итгэлийг нь нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа хөл дээр нь босгох ёстой. Өмнөх дөрвөн жилийн алдааг засч, шинэ зарчим, шинэ жишгээр ажиллана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлснээс тодхон харагдана.  Тиймээс манай улсад гадны хөрөнгө оруулагч нарт тохирсон тааламжтай нөхцөл бүрдэхээс гадна хууль, эрх зүйн орчин тогтвортой болох гээд үүнийг дагасан олон эерэг үр дагавар зөв жишиг тогтох нь ээ. 

 


                                                                                                                Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)